m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.12 03:45
283
Цуврал-12 Маарамба гэмт хэрэгтнийг илрүүлэхэд тусалсан нь

 

Шилийн сайн эр гэх нэрийн дор жинчин, худалдаачдыг тонодог цуутай дээрэмчид хүрээний цагдаагийнхны амар тайвныг үзүүлдэггүй байв. Шожгор Дорж,Шилбийн хөнхөр, Буриад Чойжин, Задь хувилгаан, Хогийн Барамхар гэх мэт дээрэмчдийг цагдаагийнхан хяналтандаа авдаг ч байсхийгээд л хэрэг төвөг гарган, хэл эм таталсаар байдаг байв.

Шижирийн давааны орчим худалдаачдыг тонож, дүүжилж хөнөөсөн ноцтой хэрэг гарлаа гэх мэдээлэл ирэв. Цагдаагийн урдаа барьдаг гурван ажилтан гэмт хэрэг  гарсан газар луу явлаа. Морины сайныг унаж давхисаар Шижирийн даваанд бүрий тасарсан хойно ирэв. Хавь орчноо хартал худалдаачдын бараа таваарыг тарааж орхисон нь илт. Ажиглавал модны захаас нэг хүн болгоомжтой нь аргагүй хараад байв. Тэднийг дуудан уулзах гэтэл айж зугтахад ч бэлэн байв Цагдаагийн ажилтан “Та гараад ир, бид цагдаагийн ажилтнууд. Хэргийг шалгахаар ирсэн юм” гэхэд сая нэг ойртож ирэв. Юу болсон талаар асууж лавлавал худалдаачдаасаа хоцорч, айлаар орж айраг уугаад иртэл ийм хэрэг гарсныг ахимаг насны хөгшин хэлэв. Цогцсыг боомилон модноос өлгөжээ. Цагдаагийнхан цогцсыг ажиглав. Нэг нь “Түүнийг хөнөөсөн хойноо дүүжилж” гэв. Яаж мэдэв гэж хоёр иргэн дахин дахин асуув. Асгарсан цус нь дээлхийн баруун хормойг даган урсаж. Гэтэл толгой нь зүүн тийшээ далжийсан байгааг харахгүй байна уу” хэмээлээ. Хэргийн газрын үзлэг хийтэл нүдийг нь ухаж, булчингийн махнаас нь авсан байхыг хараад их гайхав. “Хэрэг гараад хэдхэн цагийн дараа ирэх хугацаанд нохой, шувуу идэх завдал болоогүй дээ хэмээн ярилцаж, хэргийн сэжүүр хаанаас олж болохыг хэлэлцэн зарим нэг маарамба нар хүний мах эмэндээ ашигладаг талаар мэдэж, дуулснаа хэлж, эрлээ эхлэхээр Хүрээ рүү буцлаа. Хаанаас эхлэх вэ гэдгээ ч бас ярилцаад авав. Улаан дээлт хэмээн алдаршсан маарамба дээр эхлээд очив. Энгийн хувцас өмссөн цагдаагийн ажилтан бие тааруу гэж хэлээд ходоонд таарах эм тан өгөхийг хүсэв. Маарамба судсыг нь барьж үзээд “Та ч сайн биетэй хүн байна. Ходоод чинь эрүүл юм гээч. Хоолоо тааруулалгүй пологдоо биз” гээд эм өгч тарни уншив.

Энэ зуур цагдаагийн ажилтан “Надад хүний нүд байна шүү,танд хэрэггүй биз” гэв. Маарамба том харснаа “Надад хэрэггүй, шаардлагатай бүх зүйл надад бий” гэв. Би хаана, хэнд зарж болох вэ хэмээн хэд хэдэн удаа асуутал “Чамд нь мөнгө нь хэрэгтэй байгаа юм бол Мээжгэр Лувсангийнд оч доо. Тэр хүний нүд сураглаад байсан” гэв. Ингээд тэд зааж өгсөн айл руу явав. Цагдаагийн ажилтнууд энэ удаа энгийн бус дүрэмт хувцастайгаа шууд гэрт нь ороход Лувсан их л уриалгахнаар дээш суу гэх нь  цаанаа л нэг сэжигтэй байв.

Өвгөн маарамба үе үе дуугаа хураан цагдаа нарыг ямар хэргээр ирснийг тааж ядан бодол болж буй нь илт. Үүнийг мэдсэн цагдаагийнхан ам нээн “Та ч хөнгөджээ. Их ноцтой хэрэгт нэр холбогдох нь дээ” гэхэд ихэд сандран “Би буруутжээ” хэмээгээд дуугүй суув.

-Та яагаад үхсэн хүний эд эрхтэн авдаг билээ?

-Эм танд бага хэмжээгээр ордог юм. Тэгээд л...

-Шижирийн даваанд хүн нас барсныг та яаж мэдэв?

-Усны гудамжны Долгор хүүхэн хэлсэн юм. Тийшээ Марзан Дондовыг би явуулсан юм гэв. Гэрийн гадаа уяатай байгаа морь хэнийх болохыг асуухад “Би сайн мэдэхгүй. Хүнийх” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Цагдаа нар түүнийг хамт явахыг шаардан хувцсаа өмс гэхэд маарамба сандран “За би үнэнээ хэлье. Шожгор Дорж өчигдөр ирээд хүн үхсэн талаар хэлээд хэнд ч хэлэхгүй байхыг сануулсан. Намайг заналхийлсэн” гэв. Өвгөн маарамба Доржийг Долгорын байх магадлалтайг бас дуулгав. Ингээд цагдаагийнхан Долгорынх руу эрлээ залав. Архи зардаг өвгөнийг тэднийх рүү оруулж ямар байдалтай, хэнтэй байгааг мэдэж ир гэсэн үүрэг өгөв. Төд удалгүй хэн ч алга гэсээр ирлээ. Гэсэн  ч тэднийхийг анхааралдаа авч орж, гарах бүхнийг сайн ажиглаж байв.

 

Хэргийг шалгах явцад маарамба Лувсан бусдад хорлогдсоныг цагдаагийнхан мэдлээ. Цагдаагийнхан маарамбыг хамгаалалтад аваагүйдээ харамсан дахин сэжүүр хайх явцдаа маарамбын гэрийн ойролцоо мэдээлэл дамжуулагч байх магадлалтай гэж тооцлоо. Маарамбад хүний эд эрхтэн авчирч өгдөг Марзан Дондовыг сэжиглэв. Тэрбээр хүрээнээс холгүй нядалгааны газар мал гаргаж, амь зуудаг нэгэн аж. Цагдаагийнхэн түүний байгаа газрыг тоймтой мэдэж аваад бүсэлж очиход тэр зугтах газаргүй болж хэргээ хүлээв. Түүгээр зогсохгүй Шожгор Доржтой хамсаатан гэдгээ ч хэлэв.

Түүнийг саатууулан Доржийг олох ажлаа эхлэв. Жинчдийг удаа дараа тонон дээрэмдэх хэрэг гарсаар байсан тул цагдаагийнхан дүрд хувиран жүжиг тавихаар боллоо. Цагдаагийн ажилтан Цогт-Очир үхэр тэргэнд хэрэггүй баахан зүйл ачаад өөрөө ачаан дунд нуугдав. Данзан, Жамц нар жинчин болон Бургалтайн өртөө рүү явав. Үдэш бүрий тасарсан хойно нэгэн нэвсгэр хар хувцастай хүн юу юугүй дайран ирж, лантуугаар толгойн тус газар нь цохихоор далайхад цагдаагийн ажилтан Жамц бултаж амжив. Ингээд тэд хүч хавсран дайрсан хоёр хүнийг саатуулахад Шожгор Дорж, зартай дээрэмчин, олдохгүй байсан Улаан хочит Дамаа мөн байв. Тэднийг саатуулан барьж хэргийг нь хүлээлгэв. Энэ үеэс эхлэн цагдаагийнхан эрүүгийн болон иргэний хэрэгт дагнан ажилладаг болсон аж. Түүнээс өмнө хэн ч бай гарсан хэрэг бүрт явдаг байсан аж.