m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.13 13:20
652
Оскарын шагналыг хамгийн олон удаа хүртсэн Уолт Диснейн түүх

Уолт Дисней 1901 оны арванхоёрдугаар сарын 5-нд АНУ-ын Чикаго хотод төрж байжээ. Тэрбээр таван хүүхэдтэй айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн байна. Түүний аав Элиас Дисней төмөр замын мэргэжилтэн байсан бөгөөд Дисней бага насандаа гэр бүлийн хэмжээнд газар тариалан эрхлэхэд тусалж, попкорн, сонин зэрэг жижиг сажиг зүйл зарж байжээ. Мөн тэрбээр багаасаа л зурах дуртай хүүхэд байсан гэнэ. Нэг удаа түүний хажуу айлынх нь Шервүүд гэгч хүн түүнд мөнгө төлж мориныхоо зургийг зуруулж байжээ.

Уолт Дисней 1911 онд сургуульд байхдаа ах Ройн хамт 700 гаруй уншигчтай “The Cansas city times”, 600 уншигчтай “Sunday star” сонинд тараагчаар ажилд орсон байна. Тэд  өглөөний 04:30 цагаас эхлэн сонингоо тарааж, 08:00 цагт сургуульдаа очиж шаргуу ажиллаж байжээ. Мөн оройны 16:00 цагт ажлаа үргэлжлүүлэн хийдэг байсан ба ийм хуваариар зургаан жил ажилласан байна.

1917 онд тэрбээр ахлах сургуульд сурч байхдаа сонины шог зураачаар ажилладаг байсан гэнэ. Дэлхийн нэгдүгээр дайны үед Францад нэг жил байхдаа эмнэлэгийн түргэн тусламжийн машинд жолоочоор ажиллаж байжээ. Дараа нь 1919 онд Францаас Канзас хотод буцаж очоод уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Гэвч тэрбээр банкинд ажилд орсон бөгөөд хажуугаар нь кино театр, сонины сурталчилгааг хийх болсон байна. Удалгүй “Песмен Рубин” урлагийн студид хүүхэлдэйн кино хийдэг ажилд оров. Уолт Дисней үүндээ өөрөө ихэд сонирхолтой байсан бөгөөд энэ цаг үеэс л хүүхэлдэйн кино бүтээгч болохоор эргэж буцалтгүй шийдсэн гэнэ. Мөн энэ үеэр дотнын найз Айверктэйгээ танилцжээ.

1922 оны тавдугаар сарын 8-нд хотод “Laugh-O-Gram” гэх студи нээсэн ч  ажилчдадаа өндөр цалин өгч ажиллуулдаг мөн ашиг орлого багатай ажилласнаас өрөнд орж, бүтэлгүйтжээ. Тиймээс Лос-Анжелес хотод буцаж очсон бөгөөд тэр үед Уолт Дисней халаасандаа 40 доллартай, чемодандаа нэг цамц, хоёр дотуур хувцас, хоёр хос оймс, зургийн хэрэгсэлтэйгээ харьж байсан гэдэг.

Уолт Дисней 1923 оны аравдугаар сард Лос-Анжелес дахь Холливуд дүүрэгт нүүж очоод ахтайгаа хамт “Disney Brother’s studio”-г байгууллаа. Тэд “Алиса гайхамшгийн оронд” хэмээх цуврал киногоороо олонд нэлээд танигдсан. Уолт Дисней 1927 онд өмнө нь ажиллаж байсан Айверк найзтайгаа хамтраад “Азтай туулай Освальд” хэмээх кино хийсэн нь амжилттай байсан боловч түүний найз Айверк энэхүү дүрээ аваад тусдаа гарсан байна. Тиймээс Уолт Дисней өмнө нь “Laugh-O-Gram” студид ажиллаж байхдаа ашиглаж байсан хулганы дүрээ сэргээн ашиглажээ. Айверк 1940 онд студиэ хаагаад Диснейтэй эргэн нэгдсэн бөгөөд 78 жилийн дараа буюу 2006 онд Дисней Освальд туулайнхаа дүрийг “NBC”-ийн Юниверсал компаниас эргүүлэн худалдаж авснаар алдсан бүхнээ эргүүлж авсан юм.

1930 оноос тэд “Колумб” кино компанитай хамтран ажиллаж эхэлжээ. Энэ үеэр Уолт Дисней ажилчид болон уран бүтээл нь амжилт олохгүй байгаад бухимдан уйлж, олон хоногоор нойргүй хонож байсан аж. Гэвч эхнэртэйгээ амралтанд явж, хэсэг хугацаанд өөр газар байснаар тэрбээр энэ шаналалаас ангижирч чадсан байна. Уолт Дисней аялалаас эргэж ирээд эрч хүч, урам зоригтойгоор ажилдаа шамдан оржээ. 1930-1932 онд түүний “Микки Мауз” кино үзэгч олны анхаарлыг татаж эхэлсэн байна. Дисней 1932 онд “Цэцэг ба модод”  киногоороо анх удаа Оскарын шагнал хүртсэн. Түүнээс хойш Дональд нугас, Плуто нохой зэрэг хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн олон сайхан кино хийж шагнал урамшуулал тасраагүй.

Хоёр ч дайныг биеэр үзсэн баатар эрийн амьдралд амжилт, уналт хосолж байлаа. 1941-1945 онд Дэлхийн хоёрдугаар дайны үед ажилчид нь олноороо ажил хаяж, зарим нь дайнд явснаас болж бизнес нь хүнд байдалд орж байжээ. Тэр үед кино компаниудыг хаасан бөгөөд Уолт Дисней Засгийн газрын төслүүд дээр ажиллахаас өөр аргагүй болсон аж. Гэсэн ч чадварлаг уран бүтээлч Дисней Засгийн газрын захиалсны дагуу боловсрол, хүн чанарыг харуулсан, цэргийн кино ихээр хийсэн байна. Хэдийгээр дайн байлдаан болж байсан ч тэр бүтээсэн кинонуудаараа шагнал авсаар байсан юм. Харин киноноос олсон ашиг орлого нь улсад зарцуулагдаж байжээ. Дайн улс орны эдийн засагт төдийгүй Уолт Диснейн хувийн амьдрал, бизнест нь хохирол учруулсаар байсан ч тэр үүнийг даван туулж чадсан.

1950-иад оноос тэрбээр хүүхдүүдэд зориулсан парк барьж эхлэв. Үндсэн парк болох Диснейлендийг барихад таван жилийг зарцуулжээ. Тус паркыг нээгдсэнийх нь дараа олон мянган хүн зорин ирж, хүмүүсийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх дуртай газруудынх нь нэг болж чадсан. Диснейлендийг нээгдсэнээс хойш ойролцоогоор 650 сая хүн үйлчлүүлсэн бөгөөд өнгөрсөн жилд л гэхэд 16.2 сая зочин үйлчлүүлжээ. Мөн энэ бүх хугацаанд олон байршилд салбараа нээж 70 гаруй мянган ажилтантай  асар том компани болон өргөжсөн, цаашид ч өргөжих нь дамжиггүй.

Уолт Дисней 1966 онд 65 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснээсээ хойш арав хоногийн дараа уушгины хорт хавдараар нас баржээ. Түүнийг нас барснаас хойш үйл хэргийг нь ах Рой нь үргэлжлүүлсэн байна. 2009 онд Сан Франциско хотод Уолт Диснейн гэр бүлийн музей үүдээ нээв. Энэ музейд түүний гайхамшигт дайчин амьдрал, оюуны сан уран бүтээлүүд, 950 гаруй шагналыг дэлгэн тавьжээ.

Уолт Дисней Оскарын шагналд 59 удаа нэр дэвшиж, 22 алтан баримал гардсан нь Оскарын түүхэн дэх хамгийн олон шагнал авсан хүнээр тодорсон юм. Нэрт уран бүтээлч Дисней 1932-1969 он хүртэл жил бүр Оскарын шагнал авч байсан гэхэд хилсдэхгүй бөгөөд 1954 онд буюу нэг жилд дөрвөн удаа Оскарын шагнал хүртсэн нь мөн л Оскарын түүхэн дэх рекордыг тогтоосон. Мөн долоон удаа Эмми авардс шагналыг гардаж байсан. Харин түүний дотнын найз Айверк хоёр удаа Оскарын шагнал хүртсэн байна. Уолт Дисней мөн Калифорнийн урлагийн их суруулийг үндэслэн байгуулсан. Түүний ХХ зууны кино ертөнцөд оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их билээ.  

Диснейлендийн сонирхолтой баримтуудаас:

-Диснейн гүнж Ариэлийг Шерри Стонер гэх загвар өмсөгчөөс санаа авч бүтээсэн.

-Суллей мангасын 2.3 сая ширхэг үсийг нэг бүрчлэн анхаарч, хөдөлгөөнд оруулжээ.

-Немог хайж олдог цагаан загас “Брюс” найруулагч Стивен Спилбергийн хуульчийн нэрийг авсан. / Стивен Спилбергийн хуульчийн нэрийг Брюс Рамер гэдэг байсан/.

-Уолт Дисней хулганаас айдаг байсан. Гэвч хулгана түүний нэг насных нь бэлгэ тэмдэг болсон юм.

-1971 оноос хойш Диснейлендад 1.65 сая шил хаягдсан. Тэд барьж явсан эд зүйлсээ хаях нь элбэг байдаг бөгөөд жилд дунджаар 6000 гар утас, 3500 зургийн аппарат, 18000 малгайгаа хүмүүс хаядаг.

-“Apple” корпорацийн үндэслэн байгуулагч Стив Жобс Диснейлендийн 7 хувийг эзэмшдэг, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байжээ.

-Түүний хамгийн сүүлчийн бүтээл “The Jungle Book” байсан.

-2012 онд Диснейлендэд санаандгүй тохиолдлоор гурван хүүхэд төрж байсан бөгөөд тэдний заримыг нь Микки гэж нэрлэсэн байж болзошгүй. 

Түүний баатрууд:

Олон байршил дахь Диснейлендийн зурагнаас:

Г.Төгөлдөр