m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.19 01:53
579
Цуврал-13 Хүрээ хүүхнүүдийн хөгтэй явдал

 

Хүнд малаа дэрээмдүүллээ, хамраа дэлсүүллээ, мөнгө аваад өгөхгүй байна гэх мэт гомдол зарга хүрээний цагдаад олон зуугаараа ирдэг байв. Цагдаагийнханд тагнуулынхнаас хачирхалтай бас сэрэмжлүүлж, арга хэмжээ авахаас өөр аргагүй мэдээлэл ирэв. Хүрээнд биеэ үнэлдэг хүүхнүүд хужаа нар цаашлаад барон, орос, самуурай нартай холбогдон, зарим нь мэдээлэл дамжуулдаг тухай байв. Тэднийг бүртгэж, хаана хэн гээч бүсгүй биеэ үнэлж буйг мэдэх, таслан зогсоох ажлыг цагдаагийнхан эхлүүлэхээр болов. Биеэ үнэлж буй хүүхнүүдийн талаар мэдээлэл, гомдол огт ирдэггүй болохоор ажлаа хэрхэн эхлэхээ ярилцсаны эцэст айлаар явахаар болов. Учир нь хүрээний ядуу амьдралтай айлууд  охидоо 16 нас хүрэхээр тусгай жижиг гэр барьж өгөөд өөрийг нь чадлаараа гоёж гоодон орой болмогц гудамжинд гарган суулгадаг болсоор удсан учир тэр. Ингээд хүрээний айлуудаар явж энэ мэт арга ядарсан амьдралаас татгалзахыг санал болгон, охидоо эвлэлд ажилд оруулан, сургуулийн мөр хөөлгөхийг санал болгосон ч цөөнгүй хэсэг нь эсэргүүцсээр байв. Ажлын явцад цуутай , олон жил биеэ үнэлсэн хүүхнүүдийг олжээ. Маймаа хотын Цэцэгдарь, Янжинхорлоо, Дуламжав, Сэрээжэн, Хүрээний Шоовдор, Лхагвадулам, Чанцал гэх эмэгтэйчүүдийг саатуулан шалгаж бас ухуулан сэнхрүүлэн ажлыг хавсран хийв. Тэд ихэвчлэн хөгшин хятадуудтай явалдаж их хэмжээний мөнгө авдаг бөгөөд эцэстээ хар тамхинд донтон, архи сархад хэтрүүлэн хэрэглэдэг болсноо ярьж байв. Мөн энэ амьдралаас гарах боломжгүй болсон гэж хэлэв. Цагдаагийнхан шалгах явцдаа ноёд, түшмэд ч энэ ажилд гар бие оролцон, санаачилгатай байсныг олж илрүүлэв.

Засагт хан аймгийн нэгэн хошууны ноён залуу хатан Норовсүрэнтэйгээ Богдод бараалхсан аж. Ноёд залуу хатанд нь нүд унаж, хэрхэн авч үлдэх талаар ярилцсан аж. Тэд хөөцөлдсөний эцэст хатныг Богдын  сул хатнаар өргөмжлүүлэх мяндаг буулгаж дөнгөв. Ноён залуу сайхан хатнаа үлдээхийг эс хүсэвч Богдын тушаалыг эсэргүүцэх зүрх зориг байгаагүй учир малгайн жинснийхээ өнгийг хувиргаж аваад хатнаа үлдээгээд явав. Тэр өдрөөс эхлэн Норовсүрэн хатанд улсын сангаас гэр, эд хогшил өгч тав тухтай байсан ч хөөрхий хатан шунал тачаалдаа хөтлөгдсөн олон ноёдын гараар орж эцэстээ хэн ч тоохооргүй нэгэн болж хөсөр хаягдав. Өвчний үүр болсон бүсгүй цэл залуугаараа энэ хорвоог орхижээ. Цагдаагийнхан тухайн үед арга хэмжээ авч чадаагүй учир энэ түүхийг толгой сэгсэрэн сонсохоос хэтэрсэнгүй. Судалгаанаас харахад энэ мэтчилэн олон бүсгүй  цаг бусаар нас барсаар байгаа нь илт байв.

Цагдаагийнханд Улаан хочтой Дулмаа гэдэг биеэ үнэлэгчийн тухай мэдэлэл ирэв. Тэр цагдаагийнхан ийм арга хэмжээ авч эхэлснийг дуулаад хэсэг залуусаар биеэ хамгаалуулж, хөдөө орон нутгаар эр хүний дүр төрхтэй дээрэм тонуул хийж байгааг яаралтай илрүүлэн хүрээнд авчирах үүргийг цагдаагийн ажилтан Цогт-Очирт өглөө.

 

 Өртөөлөн явсаар нэгэн говийн хийдэд ирлээ. Тэдний лам нар үгээ хэлж ядан зальбирсаар тэднийг угтав. Унзад лам “Хэсэг хүмүүс хурал номын дундуур уухайлан орж ирээд бүх зүйлийг дээрэмдлээ. Бурхан тахил гэж цээрлэн, шүтэх зүйл тэдэнд алга. Эхэндээ бид толгойлон яваа хүнийг эмэгтэй гэж мэдээгүй. Харин дуу хоолой, арван хуруундаа зүүсэн бөгж, ээмгийг нь хараад мэдсэн. Тэр бүсгүй 20 гаруйхан настай юм шиг харагдсан. Тэгсэн хэрнээ их зэрлэг. Хамба ламын суудалд суун ном унш гэж тушаан биднийг өмнөө сөгдүүлсэн. Тэр ч байтугай намайг хурлын өрөөнд оруулж бэлгийн харьцаанд орохыг шаардсан” хэмээн зальбирав. Мэдээллийг аваад шуурхай нэхэн хөөхөөр цагдаагийн ажилтнууд яаравчлав. Мөр хөөн явсаар шөнө болов. Гэсэн ч эрлээ үргэлжлүүлсээр байв. Гэнэт Цогт-Очир “Зогс, энд саяхан буудалласан бололтой. Тэгээд эмэгтэй хүн бие зассан байна. Бид зөв хүмүүсээ дагаж” гэв. Хамт явсан нөхөд нь “Эр эм хүн бие зассаныг яаж мэдэж байна аа” гэхийг дуулсан Цогт-Очир тайлбарлаад харуулахад тэмээ, ямаа мэт ялгаатай байв. Тэд эрлээ үргэлжүүлэв.

...Ноён залуу сайхан хатнаа үлдээхийг эс хүсэвч Богдын тушаалыг эсэргүүцэх зүрх зориг байгаагүй учир малгайн жинснийхээ өнгийг хувиргаж аваад хатнаа үлдээгээд явав. Тэр өдрөөс эхлэн Норовсүрэн хатанд улсын сангаас гэр, эд хогшил өгч тав тухтай байсан ч хөөрхий хатан шунал тачаалдаа хөтлөгдсөн олон ноёдын гараар орж эцэстээ хэн ч тоохооргүй нэгэн болж хөсөр хаягдав. Өвчний үүр болсон бүсгүй цэл залуугаараа энэ хорвоог орхижээ...

 

Хүрээнд байсан хятадын цэнгээний газар

Алсад түүдэг асаж буй хараад Цогт-Очир шуурхайлан алхсаар түүдгийн дэргэд очиход нэгэн эр мах идэж буйг хараад шууд буугаа гарган очив. Эр айсан шинжгүй “Чи мах идмээр байвал ид, эс бөгөөс хурдхан эндээс яв” гэв. Хэсэг хүн хаагуур явсныг асуухад “Даваа тойроод гурван эр явж байгаа харагдсан. Тэд байх нь” гэв. Цагдаагийнхан Улаан Дулмаагийн талаар ярихад тэр зэвүүцсэн харцаар харан “ Тэр дээрэмчдийг би хайж байна. Манай хоёр хөгшний хамаг зүйлийг нь дээрэмдээд бас нугаслаад хөнөөж” хэмээн нулимс дуслуулан хэлээд “Би хамт явна” гээд босов. Тэд хайсаар хэсэг хүмүүс рүү шууд ороод ирэх нь тэр. “Ардын цагдаа байна. Та нарыг цэрэг, цагдаа бүсэлсэн бууж өг” хэмээхэд Дулмаа айсан шинжгүй “Чиний зүрхийг сугалчихъя” хэмээн орилов. Тэр буу барин дайрахад Цогт-Очир тэр даруй таслан зогсоов. Дайрахыг оролдсон нэг нөхрийг нь  шууд буудан хөнөөсөн нь тэднийг зүрхийг мохоов. Тэр даруй 20 гаруй залуусыг саатуулан баривчилж, өртөөний моринд зайдан мордуулж Улаанбаатар луу явуулав. Хүрээ хүүхнүүд гэх нэр зүүсэн биеэ үнэлдэг бүсгүйчүүд олон байсан  учир бүгдийг нь таслан зогсоож чадаагүй ч үйлдэл нь хэрээс хэтэрсэн бүсгүйчүүдэд арга хэмжээ авч чадсан аж.