m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.26 02:11
135
Цуврал-14 Мөнгөний төлөө хүний амь хөнөөснийг ингэж илрүүлэв

 

 

Цагдаагийн алба хаагчид дотор өргөсөн тангараг, үйл хэрэгтээ үнэнч олон алдартнууд байдгийн нэг нь  Ц.Даваадорж хурандаа аж. Тэрбээр 1985 онд Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар томилогдон очоод онц ноцтой гэмт хэргийг ингэж илрүүлжээ.Ц.Даваадорж ажлаа хүлээн авсан даруйдаа эзэнгүй хэргүүдтэй танилцав. Гэтэл тэдгээр хэргийн дотор анхаарал татсан, дахин шалгавал гэмт хэрэгтнийг илрүүлэх боломжтой нэгэн хэрэг байсан нь хорхойд хоргүй Хажид гэгч хэлгүй, дүлий эмгэний хэрэг байв. Тэрбээр цагдаагийн ажилтан Барнямд үүрэг өгч, өөрөө ч шалгахаар болов.

 

Хөвсгөл аймгийн  Улаан-Уул суманд Хажид гэх нэгэн эмгэн байжээ. Эхээсээ ганцаараа тэрбээр хань нөхөргүй, хэлгүй дүлий юмсанж. Ээж нь ганц охиндоо боломжийн эд зүйл үлдээсэн учир эмгэн тэрүүгээр нь амьдарч, бор хоног, шар өдрийг өнгөрөөсөөр 60 гарчээ. Нутгийн олон ч түүнд сайн гэж жигтэйхэн. Санаа нийлсэн хэсэг хүн эмгэнд байшин барьж өгсөнд хөгшин маш их баярлана.  Гэртээ саадах зүйлгүй хөгшин сумын төвд ямар л арга хэмжээ, баяр ёслол болно хамгийн түрүүнд гүйж очоод клубын хамгийн эхний эгнээний нэг сандал дээр байнга суудаг аж. Хөгшин ирээгүй ч сумынхан суудаггүй нэг ёсондоо эмээгийн өмч суудал болсон байв. Тэр нэгэн шинэ жилээр  сумын төвд “Шийдэх алхам” гэдэг кино гарав.

...Ийм түүхтэй хэргийг дахин шалгах ажил эхэллээ. Ц.Даваадорж, мөрдөн байцаагч Барнямтай хамтран эмгэний гэрт ирэв. Гурван жил гаруй болоход эмгэнийд хүн ороогүй нь илт. Тус нутгийнхан талийгаачийн гэрт орохыг цээрлэдэг уламжлал нь гэмт хэргийг дахин шалгах боломж олгожээ. Үзлэгийн явцад түлээний дөрвөлжний доороос чамбайлан нуусан 2000 төгрөг гарч ирэв...

Сумынхан бүгд үзэж Хажид эмээ ч нөгөө суудалдаа тухлан анхааралтай нь аргагүй үзэж байв. Маргааш оройхондоо сумынхан шинэ жилийн баяраа тэмдэглэж, бөөн баяр хөөр болов. Харин эмгэн байсангүй. Тэр үед бүгд баярлаад эмээг анзаарч үгүйлэх хүн байсангүй. Хажуу айлынх нь  Цэндмаа эмгэнийд орж гарч, түүнд тусалдаг байв. Цэндмаа өглөө эрт гэрт нь ороод гал түлэх гэтэл гэр нь нэг л биш. Эмээ хүн орох гарах чимээнээр босч, дохио зангаагаар ярилцдаг хэрнээ энэ удаа нам жим. Цэндмаа гайхаад  хөнжлийг нь сөхтөл хөөрхий эмгэн  цус нөжиндөө хутгалдчихсан, аль хэзээний бурхан болсон байв. Ингээд хэргийн талаар цагдаад мэдэгдэн, үзлэг шалгалт хийсэн боловч баримт гэх зүйл олдсонгүй тэгсхийгээд эзэнгүй хэрэгт оруулан хаажээ.

Ийм түүхтэй хэргийг дахин шалгах ажил эхэллээ. Ц.Даваадорж, мөрдөн байцаагч Барнямтай хамтран эмгэний гэрт ирэв. Гурван жил гаруй болоход эмгэнийд хүн ороогүй нь илт. Тус нутгийнхан талийгаачийн гэрт орохыг цээрлэдэг уламжлал нь гэмт хэргийг дахин шалгах боломж олгожээ. Үзлэгийн явцад түлээний дөрвөлжний доороос чамбайлан нугалсан 2000 төгрөг гарч ирэв. Эмгэний малгай өлгөөтэй харагдав.Хашир хурандаа нэг бүрчлэн үзэж байгаад малгай нэг л шижигтэй санагдсан учир шалгахаар баримт болгон авав.

Сумын дэлгүүрийн худалдагчаас ийм малгай хэзээ ирсэн, хэн хэн авсныг асуусан бололвч хэргийг илрүүлэхэд тустай нэг ч баримт олсонгүй. Яах тухай бодол болсоор хөрш Цэндмааг олж уулзах шийдвэрт хүрэв. Тэрбээр хоёр жилийн өмнө Дархан руу шилжсэн гэх мэдээллийн мөрөөр сурагласаар түүнтэй уулзав. Хөвсгөлөөс ирсэн мөрдөн байцаагч гэхийг дуулсан Цэндмаа цаанаа айж байгаа нь илт байв. Барням  хэргийн талаар шууд асууж сандаргахыг бодолгүй ажил байдлынх нь талаар ярилцав.  Цэндмаа сэтгэл хангалуун байдгаа хэлж байцаагчтай ний нуугүй ярилцаж эхлэв. Тэр үед байцаагч “Гурван жилийн өмнө хажуу айлын чинь хөрш Хажид эмгэнийг хэн хөнөөсөн юм бол. Яагаад ийм хэрэг гарсныг чи мэдэх үү” гэв.

-Харин тиймээ, хөөрхий хөгшний амийг хөнөөх хүн байхгүй дээ. Хорхойд гэмгүй хөгшин байсан юм.

-Чамаас өөр тэднийхээр орж гардаг хэн байв?

-За бараг хүн орж гарахгүй дээ. Намайг орохоор их баярладагсан хөөрхий. Хаяа нэг  Жамц орж гарч харагддаг байсан.

-Жамц гэж хэн билээ?

-Яагаав нөгөө ноосны хэргээр таслагддаг. Та тэр үед байсан бол мэднэ дээ.

-Энэ хэний малгай вэ, эмгэнийх мөн үү?

-Загвар нь мөн байна. Гэхдээ хуучин юм байна. Харин Жамцын малгайтаа адилхан санагдлаа.

-Яагаад?

-Ханзарсан байсныг би оёж өгсөн, мөн байна. Гэхдээ малгайгаа Дашхүүд зарсан гэсэн  гэв.

 

Ийм сэжүүр олж мэдсэн Барням тэр даруй очиж даргатайгаа зөвлөлдөөд Дашхүүг олж уулзахаар явав. Дашхүү энэ турхай сонсоод “Жамц надад малгайгаа өгөөч гээд байсан юм. Би үнэгэн лоовууз малгайгаар шинэхэн малгайг нь сольж авсан  нь үнэн. Гэхдээ багадсан учир одоог хүртэл өмсөөгүй хадгалсан” гээд шинэхэн малгай авдраасаа гаргаж ирэв. Ингээд ноосны хэргээр ял эдэлж буй Жамцыг Ганцхудагт дуудан байцаав. Хэргийг гадарласан Жамц малгайн тухай ярихад санаа алдан хэсэг сууснаа мөрдөгчийн үзүүлэх малгайг хараагүй шахуу байж минийх биш гэж мэлзэв.

-Чи энэ ялаа эдлээд эндээ олон жил суух уу, эсвэл нутаг усаараа очиж аав, ээжтэйгээ уулзан дараа нь ялаа эдлэх эсэхээ өөрөө сонго” гэж  хэлээд байцаагч түүнийг үлдээв. Маргааш нь уулзахад Жамц хэргээ хүлээжээ.

 

Жамц нэг хүнд цөөн хэдэн төгрөгийн өртэй байж. Тэр мөнгөө  хүн нь нэхсээр байсанд яаж мөнгө олох талаар болдол болон явж. Дэлгүүрээс ойр зуурын юм авахаар Хажид эмгэн сахиуснаасаа мөнгө гаргаж буйг харсан Жамц шууд булааж болохгүй учир орой гэрт нь очиж нэг шил архи хувааж уужээ. Хөгшин хүн тэр даруй согтоод унаад өгч. Жамц хүзүүнд нь зүүлттэй байсан сахиусыг нь авах гэтэл эмгэн учиргүй чарлан булаацалджээ. Архины халуунд Жамц гарт баригдсан сүхээр эмгэний толгой тус газар нь цохиод эргээд хартал босохгүй байсанд хэд сэгсрээд орон дээр хэвтүүлэн хучаад зугтжээ. Сахиусанд нь ердөө 10 төгрөг байсан аж. Эмгэний ээж уул усандаа охиныхоо хувь заяаг даатган ном уншуулж сахиусаа өгсөн учир эмгэн ихэд дээдэлдэг байсан гэнэ. Айж сандран гарахдаа нэг малгай аваад толгой дээрээ тавьсан нь эмгэнийх байж. Өглөө сэрээд хартал эмгэний малгайг андуурч авсанаа хараад ихэд айн Дашхүүг шалсаар  сольжээ. Ингээд аймшигт хэрэг үйлдсэн хэргээ нуун дарагдуулж мултрах санаа сүвэгчилэн зориуд ноос хулгайлан шоронд суусныг цагдаагийнхан  төвөггүй мэдлээ. Ингээд түүний үйлдсэн хэргийг илчлэн хуулийн дагуу ял оноожээ.