m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.14 07:38
188
Хүүхдийн шинэ өвчлөл нэмэгдэж буй ч эмчилэх эмнэлэг алга

Тэд ингэж ажилладаг

Дүүрэг бүрт асуудал болоод байдаг хүүхдийн эмнэлэгийн хүрэлцээ, хүүхдийн өвчлөл хэр байдгийг сурвалжлахаар Хан-Уул дүүргийн эмнэлэгийг зорилоо. Хаа газрын үүдээр орход сонсогддог  “Одоо нэг хүний дараа орлоо”, “ Эгчээ би таны урд байгаа шүү дээ гэх яриа сонсогдов. Энд нааш цааш холхих хүмүүсээс харахад энэ эмнэлэг ачаалал ихтэй байгаа нь илт. Эмч гэх эрхэм нандин нэрийн цаана асар их хариуцлага дагалдаж байдаг. Тэр чинээгээрээ ард иргэдийн дундаас  асар их шүүмжлэл, асуудал, буруутгах явдал их байгааг аль ч  дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдээс харж болно. Биднийг очиход тус эмнэлэгт үзүүлэх гээд ирсэн хүмүүсийн дараалал ихтэй  бөгөөд өглөө таван цагт ирсэн гэх  иргэд ч цөөгүй байлаа. Нэгэн ахимаг настай эмэгтэй бухимдан “Би өглөө зургаан цагт гэрээсээ гарсан. Гэтэл одоо болтол үзүүлж чадаагүй л байна. Үзүүлэх гээд хүлээж байгаа би ингэж ядарч байгаа юм чинь энэ олон хүнийг эмчилж, үзэж байгаа эмч нэр ямар их ядарч байгаа болоо” гэсээр сууж байсантай таарав. Ихэнх нь эмч нарыг буруутгадаг бол зарим нь ч гэсэн ойлгож байгаа нь сайшаалтай санагдав.

Энд үзлэг хийх цаг нь 8-12 цаг хүртэл үргэлжилдэг юм байна. Үд хүртэл үзлэгийн хэсэгт эцэг эхчүүдийн хөл тасрахгүй бөгөөд “эмчээ эмчээ” гэсэн дуу энд тэнд. Энэ жилийг Эрүүл мэндийн яамнаас “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл энэ эрүүл мэндийн нэгдэл ч гэсэн мөн адил хүүхдийн эрүү мэндийн асуудлыг түлхүү анхаарч, хүүхдийн төлөө ажиллаж байгаа юм байна. Эндхийн хамт олон жилийн эхнээс нилээд олон ажлыг төлөвлөөд, эхний улиралд амжуулах ажлуудаа хийжээ. Ингээд бид тус эмнэлэгийн дарга  Т.Пүрэвчулуунтэй уулзахаар өрөөрүү нь орлоо. Тэрээр эмнэлэгийн ачааллыг сурвалжилж буйд талархаад илэн далангүй ярилцлаа.

- Өдөртөө хичнээн хүн эрүүл мэндийн нэгдлээр үзүүлж, эмчлүүлж байна вэ ?

-Манай эмнэлэгт өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд нийт 138 мянган хүн үзүүлж, хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс 27,3 хувь нь хүүхэд байна. Мөн төрөх насны 21 мянган эмэгтэй байна гэсэн статистек тоо бий.

-Нийт хэдэн ортой вэ ?

-Манай Эрүүл мэндийн нэгдэл нь нарийн мэргэжлийн 24, үйл оношийн болон параклиникийн 20 кабинеттэй, 78 ортой хэвтүүлэн эмчлэх тасагтайгаар

дүүргийнхээ 108000 гаруй хүн амд эмнэлгийн нарийн мэргэжлийн нэг, хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хүүхдийн нэгдсэн эмнэлэг 180 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа ч гэсэн хүүхдүүдэд хүрэлцэхгүй байна.

-Өнгөрсөн онд хичнээн хүнд эмчилгээ хийсэн байна вэ?

- Ачаалал ихтэй ажиллаж байна. Учир нь манай эмнэлэг анх 1989 баригдсан, тэр үед дүүрэг 80 мянган хүнтэй байсан одоо хүн ам нь 138 мянга болсон. Барилга байгууламж, эмч гээд бүгд л дээр үеийнхээрээ явж байгаа. Ингэснээр ачаалал их байлгүй яахав. Харин бид өнгөрөгч онд 26800 гаруй ор хоног ашиглаж, 36081 гаруй өвчтөн хэвтүүлэн эмчлэж, амбулаториор 779552 хүнд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Мөн түүнчлэн манай лаборатори нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож, биохими, иммунологи, гематологи, серологи зэрэг 20 гаруй нэр төрлийн шинжилгээг хийж байна. Манай нэгдлийн харьяанд биеэ даасан салбар амбулатори 1, 1-16 хороонд өрхийн эмнэлэг 14 ажиллаж байна. Өрхийн эмнэлэгт нийт 57 их эмч, 42 эмнэлгийн мэргэжилтэн  сувилагч нар системээр ажиллаж, эмнэлгийн анхан шатны бүх тусламж үйлчилгээг үзүүлж байна.

-Нэг асуултыг асуухгүй байж чадсангүй. Өнгөрсөн жил барилгын маргаантай асуудал энэ эмнэлэгт гарч байсан . Энэ асуудал юу болсон бэ?

- Өнгөрсөн онд бид “А” корпусаа "Арш" компанинд алдсан.  Энэ асуудал одоог хүртэл үргэлжилж байна. Бид нураалгасан байрныхаа суурин дээр цогц үйлчилгээ төв барихаар төлөвлөөгөө гарган холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн.

- “А” корпусыг нураах явцад цууралт үүссэн гэж байсан. Нуралтаас үүсэн сөрөг нөлөө илэрч байсан уу?

- Ерөнхийдөө манай барилгыг тойроод дүүрэн барилга байгуулмж байдаг. Яаралтай тусламжаар ирсэн өвчтөнөө машинаас буулгахад маш хүндрэлтэй. Учир нь машинаа байрлуулах талбай бага учир хаа хол машинаа байрлуулж байж сувилагчид маань арай ядан өргөн өвчтөнөө эмнэлэгт оруулдаг. Орж, гарах гарцгүй ийм л байдалтай байна. Өвөлжин айдастай өвөлжсөн. Учир нь манай нэгээс дөрвөн давхар хүйтэн өвчтөнд хүндрэлтэй байсан. Энэ өвөл 380 кв-тын цахилгааны утас тасарч долоо хоног зэргэлдээх байгууллагаасаа цахилгаан авч ажилласан. Ер нь хүндрэлтэй талууд тоочоод байвал зөндөө байна. Энэ асуудлыг эв зүйтэй шийдэхийг бид маш ихээр хүсэж байна даа гээд ажилаа үргэлжлүүлэв.

Хүүхдийн өвчлөлийн талаар Хүүхдийн их эмч Ц.Хонгорзул эмчтэй уулзахаар түүний өрөөний үүдэнд очтол үзүүлэх гээд хүлээж буй хүүхдүүдийн дараалал уртаас урт байлаа. Энд ирж байгаа ихэнх хүүхдүүд ханиадтай, хоолой нь өвдсөн байв. Өвлийн улирал буюу 12-3 сарын хугацаанд нийт түргэн дуудлагын 70-80 хувийг ханиадтай халуурсан хүүхдүүдийн дуудлага эзэлдэг бол дулаан болоод ирмэгц харьцангүй буурч 20-30 хувь болсон юм аж.

Хэт хөдөлгөөндөх эмгэг өсвөр үеийхэний дунд элбэг байна

Өсвөр үеийхэний дунд “Хүүхдийн хэт хөдөлгөөндөх эмгэгшил”  гэх илрэх нь элбэг болсон. Энэ өвчний талаар эцэг, эхчүүд мэдээлэл муу байдаг.  Энэ эмгэг сургуулийн насны хүүхдүүдэд элбэг илэрдэг аж. Энэ ямар учиртайг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сонирхолоо.  Илрэх гол шинжүүд нь  анхаарал нь нэг зүйл дээр төвлөрч чаддаггүй, хийх гэсэн зүйлсээ тойрдог, сэтгэл санаа нь байнга шаналж байдаг, нүүр ам нь таталддаг, нойргүйдэх байдал илэрдэг байна. Энэ өвчин нь магни дутагдсанаар илэрдэг байна. Учир нь энэ үед хүүхдүүдийн хувьд хариуцлага хүлээх байдал нь өндөр болдог аж.  Энэ үед энэ эмгэг илэрч эхэлдэг. Магни дутагдал хүндрээд ирэхээрээ зүрхний өвчин, булчингийн өөрчлөлт буюу өвчлөлт болдог байна. Эцэг эхчүүд энэ байдлыг анзаарахгүй байснаас болж, ууртай, омогтой залуус олширсон гэж хэлж байлаа.  Энэ  эмгэгээс хэрхэн хүүхдүүдээ урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутамдаа ногоон навчит ургамлыг хэрэглэж сурах, хальстай шарсан төмс болон гурвалжин будааг хэрэглэж сурахад эмгэг бага илрэх аж. Мөн түүнчлэн гаазтай ундаа болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн, бүх төрлийн хиам нь хүний биен дэх магнийг гадагшлуулдаг байна. Эдгээрийг хэрэглэхгүй байхыг эмч зөвлөж байлаа. Сонирхуулахад, өдөрт дөрвөн ширхэг ванана нэг өдрийн магни нь нөхдөг байна.

Кибер ертөнцдөө хүүхдүүд амьдарч байна

Ингээд бид Хүүхдийн их эмч Ц.Хонгорзултай уулзаж цөөн хором ярилцлаа.

-Хэдээс хэдэн насны хүүхдүүд илүү их ирж байна вэ , Ямар өвчлөл элбэг байна вэ?

 - Ерөнхийдөө 10-14 насны хүүхдийг үздэг. Шаардлагатай үед нярайг ч бас үздэг. Хамгийн гол харагдаад байгаа өвчлөл нь ходоодны өрөвсөл болон хоолойны ангинаас үүссэн үе мөчны өрөвсөлийн өвчлөл их байна.

-Хүүхдээ халуурахаар эцэг эхчүүд ямар ч хамаагүй эм өгчихдөг. Энэ зөв арга мөн үү?

-Хүүхэд ханиад хүрхэээрээ халуурах ёстой. Халуурч байж хүний бие вирустай тэмцэж биенээсээ гадагшлуулдаг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ халуурангуут л эмчийн зөвлөгөөгүйгээр шууд л антибиотиг өгчихдөг. Энэ нь хүүхдэдсөрөг нөлөө үзүүдэг . Дараа нь ямар ч вирусны эм уугаад үйлчилддэггүй болох талтай.

-Ханиадны эмтэй хамт витамин өгч болдог уу ?

- Болохгүй гэсэн эрсэг заалт байхгүй. Би өөрөө өгч болохгүй гэдэг зүйлийг баримталдаг. Учир нь ханиад хүрээд гурваас долоон хоногийн дараа витамин уухыг зөвлөдөг.

- Зуны улиралд хүүхдүүдийн дунд харшил элбэгшдэг. Энэ юутай холбоотой юм бол ?

-Таван сараас эхлээд харшилтай хүүхдүүд ирдэг. Харшил үүсгээд байгаа зүйл нь хотжилттой холбоотой мөн түүнчлэн удамших байдал ажиглагдаад байдаг. Учир нь ээж, аав нь ямар нэг төрлийн харшилтай бол хүүхэд харшилтай байх жишээтэй. Харшлыг эмчилнэ гэж бараг байхгүй. Харшил авч буй зүйлээс нь хүүхдийн хол байлгахад л болно.

- Цахим тоглоомуудаар хүүхдүүд их тоглодог. Танай эмнэлэгт үүнээс улбаатай өвчилсөн хүүхдүүд ирдэг байх?

Ер нь эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулах нь эрс багассан. Асуудал үүсгэхгүй бол тоохгүй комьпютерийн ард суулгаад л  байдаг. Тэд тэндээ кибер ертөнцдөө үүрэг гүйцэтгэгчээр амьдардаг болсон. Энэ байдлаасаа хүүхэд ядарч эхэлдэг. Удаан сууснаар дэлгэцийн хамааралтай болдог. Яг л хар тамхи шиг өөртөө татадаг зүйл. Хүүхэд бол комьпютерийн урд 30 минут л суух ёстой байдаг. Гэтэл хүүхдүүд хэдэн цагаар ч хамаагүй сууж байна. Эмчийн хяналтын дор эмээр эмчлэгддэг сэтгэцийн өвчин тумах нь элбэг байгааг анхаарах хэрэгтэй.

Бидний хийсэн сурвалжлагаас хүүхдийн өвчлөлийн талаар бага ч айтугай мэдээлэл авсан гэдэгт итгэлтэй байна. Хан-Уул дүүрэг төдийгүй нийслэлд хүүхдийн эмнэлэгийн хүрэлцээ үнэхээр тааруу байгааг анхаарч, хүүхдийн эмнэлэгийг барихыг дахин сануулахад илүүдэхгүй биз ээ.

Н.Байгаль