m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.14 08:57
38
Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг хойшлууллаа

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дөнгөж сая боллоо. Тус хурлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм. Өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Хуралдааны эхэнд тогтоолын төслийг санаачлагч О.Баасанхүү гишүүн сайдын огцруулах болсон дөрвөн үндэслэл буйг хэллээ.

Үүнд Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчлөх шийдвэр гаргасан нь  хууль бус шийдвэр. Улмаар 3.2 тэрбумыг өртөгтэй IMR аппратыг гэмтээж улсад их хэмжээний хохирол учируулсан.

Мөн хариуцсан салбараа удирдах чадваргүй. Учир нь гэмт хэргийн гаралт хурдацтай өсөж байгааг тоон баримттай тайлбарлан хэлсэн.

Түүнчлэн өөрийн төрсөн хүүг хуурамчаар үрчлүүлсэн зэрэг нь Хууль зүйн сайдыг огцруулах хангалттай шалтгаан гэдгийг тэрбээр тайлбарлалаа.

Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй шалтгаан нь "Х.Тэмүүжин сайдтай холбоотой хар тамхины хэрэг гарахад өөрийн твиттер хуудсанд "Цагдаа нар хүүхдүүдийн минь цүнхэнд хар тамхи хийчихээд гүтгэж байж ч мэдэх л хүмүүс" хэмээн жиргэсэн нь өөрийн хариуцсан салбарыг хүмүүст итгэдэггүй, түүнчлэн өөртэй нь холбоотой гэмт хэргийн шинжтэй асуудалд ямар нэгэн байдлаар нөлөөж дарагдуулдаг зэргийг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарсан баримт бүхий нийтлэлээс нь тод харж болно гэв.

Харин энэ талаар Х.Тэмүүжин сайд гэмт хэргийн гаралт нь хууль зүйн салбарыг шинэчлэлттэй холбоотойгоор зарим хэргийн бүртгэлийг хамтад нь бүртгэдэг болсон, мөн цагдаагийн хэсгүүдийн тоог нэмээд зарим бүртгэгддэггүй байсан хэргүүд бүртгэлд ороод өсөлттэй харагдаж байгаа гэж хэлэв.

IMR аппрат эвдэрсэн зүйл байхгүй. Эмнэлэгийн барилга баригдаж дуусаагүй байсан учир уг аппратыг ажиллуулаад байх нь зардал ихтэй байсан. Иймээс л түр унтраагаад байгаа хэмээн Хууль зүйн сайд тайлбарлав.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбогдох мэдээллүүд хангалтгүй байна гэж үзэн дахин мэдээлэл цуглуулах горимын санал гаргасан юм. Д.Ганбат гишүүний гаргасан горимын саналыг байнгын хорооны 15 гишүүний 13 нь дэмжсэнээр асуудал хойшлогдлоо. Одоогоор Хууль зүйн байнгын хорооноос дахин хэлэлцэх хугацааг тогтоогоогүй байна.

Г.Энхтуяа