m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.14 10:08
45
Эрх баригчдын яриад байгаа эдийн засгийн өсөлт харагдахгүй байна гэв

МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хурлаар бүлгийн гишүүд Монголын банкуудын холбоо, арилжааны банкуудын удирдлагуудтай мэдээлэл солилцсон  байна. Энэ талаар Бүлгийн дарга С.Бямбацогт "Эрх баригчид эдийн засаг өсөлттэй байна гэж ярьдаг. Гэтэл бодит байдалд манай улс эдийн засгийн өсөлт харагдахгүй байна. Харин ч хямарлын ирмэгт ирээд буйг мэргэжилтэнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрлөө. Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаанаас үүссэн алдааг засч залруулахад сөрөг хүчин туслаж, дэмжихийг хүссэн" гэв.

Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганд тус бүлгээс "Царцаасан барилга"-ын асуудлаар  тав хоногийн завсарлага авсан. Иймээс цаашид энэ талаар ямар байр суурь баримтлах талаар бүлгийн гишүүд хэлэлцжээ. Ингээд УИХ, Засгийн газар,хувийн хэвшлийнхэн бүгд алдаа гаргасан. Үүнийгээ зөвхөн хувийн хэвшил рүү тохох биш, хамтраад алдаагаа засах ёстой гэж үзжээ.  Иймд Үндэсний аудитын газрын дүгнэлтэд үндэслэн Төсвийн байнгын хорооны тогтоол дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Харин ажлын хэсгийн гаргасан тогтоолуудыг Засгийн газар хэрэгжүүлэхгүй байгаа гэж Д.Оюунхорол гишүүн хэлэв.

Дараагийн хурлаар Монголын томоохон татвар төлөгч, баялаг бүтээгчидтэй уулзаж эдийн засгийн бодит байдлын талаар мэдээлэл авах юм байна.

Г.Энхтуяа