m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.02 03:37
395
Урлагт өөрийгөө, охиноо харамгүй зориулж яваа бурхан ижий

Энэ удаагийн “Ижий” буландаа УДЭТ-ын жүжигчин СТА  Ц.Баясгалангийн ээжтэй чин сэтгэлийн үгийг нь хуваалцлаа. Тэрээр театрын үнэнч үзэгч, охиныхоо сайн хамтрагч ажээ. Сэтгэлийнхээ үзүүрт урлагийн төлөө залуу нас, цаг заваа харамгүй зориулж яваа охиныхоо төлөө залбирч суудаг энэ л хүн охиноороо дамжуулан  театрын урлагт өөрийн хувь нэмрээ оруулж яваа нэгэн юм.

-Сайн байна уу. Сайхан зусаж байна уу?

Уншигчдад та  өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн сайн байна уу? Намайг Доржийн Сувдаа гэдэг 1943 онд Увс аймгийн төв Улаангом хотын Улаан толгой гэдэг газар төрсөн. Манай аав ээж хоёр маань насаараа мал дагасан хүмүүс байсан. Би ч гэсэн сурагч байхдаа аав, ээжтэйгээ мал маллаж өссөн. 1962 онд арван жилээ төгсөөд Багшийн дээд сургуульд орос хэлний багшийн ангид суралцаж төгссөн. Ингээд  сургуулиа 1967 онд орос хэлний багшаар  Увс аймгийнхаа найман жилийн сургуульд хувиарлагдаж очоод ажилласан.

Оюутан байхдаа хүүхдүүдийнхээ эцэг Цэрэндоржтой танилцаж байлаа. Манай нөхөр шугам зургийн багшийн анги байсан. Бид хоёрыг оюутан байхад бидний том охин болох Баярсайхан 1965 онд  төрсөн юм. Тухайн үед оюутан байсан болохоор аав, ээж дээрээ орхиод сургуульдаа ирж шалгалтаа өгөөд тэр хавраа төгссөн.

Нөхөр бид хоёр сургуулиа төгсөөд Улаангом хотын найм, арван жилийн сургуульд багшилж байгаад хоёр дахь жилээсээ Улаангом хот өвөл их хүйтэн зун нь их халуун юм байна гээд бид нар говь хангай хосолсон газар нүүж очсон. Тэндээ найман жил ажиллаж амьдарсан даа. Тэгж байтал  ээжийн маань нас дээр гарч бие нь муудах  болсон болохоор  ээжийгээ түших нь зүйтэй юм байна гээд Цагаанхайрхан суманд нүүж очоод тэндэхийн арван жилийн сургуульд багшилж байгаад тэтгэвэрт гарсан.

-Та хэдэн хүүхдийн ээж вэ? 

-Би нийтдээ есөн удаа төрсөн. Харамсалтай нь нэг хүүхэд маань 18 нас хүрээд золгүй явдлаар өнгөрсөн. Нэг нь багада хүйн халдвар болоод өнгөрсөн. Одоо долоон хүүхэдтэйгээ байна. Ц. Баясгалан миний дөрөв дэх хүүхэд.

-Жүжигчин Ц. Баясгалан багадаа орос дуу их дуулах дуртай хүүхэд байсан гэж сонссон. Энэ талаар дурсахгүй юу?

-Тийм шүү би орос хэлний багш байсан болохоор янз бүрийн орос дуутай пянз гэртээ авч ирж хүүхдүүддээ сонсгоно. Тэр үед зурагтаар орос нэвтрүүлэг их гардаг байлаа. Дандаа л орос дуу сонсож байсан болохоор орос дуу их сурдаг байсан.

Баясаа чинь ер нь багаасаа л дуу дуулах бүжиглэх дуртай, урлагт багаасаа их сонирхолтой бас спортод их одтой сэргэлэн хүүхэд байсан. Орос дуу сурчихаад л дүү нартаа зааж өгдөг байсан.Гадаа түлээ хагалж байгаад л нэг их том алчуур толгой дээрээ тавиад түлээн дээрээ гарч зогсож байгаад л яг тайзан дээр дуулж байгаа юм шиг орос дуугаа дуулаад  эргэж өгдөг байсан даа./ Инээв/Тэгээд л би наанаас нь “Түлээгээ хагалаач ээ”  гээд л хэлэхээр “За” гээд л хагална.

-Анх жүжигчин болно гэж хэлж байхад нь яаж хүлээж авч байсан вэ?

-Жүжигчин болно гэдэггүй байсан. Улаангомын хоёрдугаар арван жилд сурч байхдаа дөрвөн сард төв рүү утасдаж надтай яриад “Ээжээ би Соёл урлагийн дээд сургуульд орчихлоо” гэж байсан. Тэгэхэд нь би “Яаж авсан вэ. Миний охин сургуулиа төгсөх болоогүй шүү дээ” гэсэн чинь “Тэр сургуулиас шалгалт ирээд би шалгуулаад тэнцчихлээ” гэж байхад нь гэр бүлээрээ их баярлаж хүлээж авч байсан.

Миний охин чинь Улаангом сумын хоёрдугаар арван жил орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг төгсөж байсан юм.

-Та жүжигчин болоход нь хэр их дэмжиж байв?

-Өөрөө очиж шалгуулаад тэнцээд жүжигчин болчихоор нь баярлалгүй яахав. Аав нь их сайхан дуулдаг сургуулийн концерт, найранд сайхан дуулчихдаг хүн байсан болохоор ааваасаа өвлөж авч байгаа юм  байна гэж бодож байсан.

-Та хэр сайн  театрын үзэгч вэ. Охиныхоо тоглосон жүжгийг хэр их үздэг вэ?  

-Би тэтгэвэртээ гарчихаад хөдөө мал маллаж байгаад өвгөнийгөө өнгөрөхөд нь хот руу 1998 онд орж ирж байсан. Тэрнээс хойш бол их үзсэн шүү. Миний охин маш олон жүжигт тоглоно, тоглолтоо ээждээ заавал үзүүлдэг.

Үзэхээрээ би ямар жүжиг, яаж тоглож байна гэхээсээ илүү алдчих вий дээ гэж санаа зовж үздэг. /Инээв/

Үйл явдал гэхээсээ илүү алдчихвал яанаа гээд сайн л тоглоосой гэж залбираад  үздэг дээ. Гэхдээ миний охин алдалгүй сайн тоглож чаддаг. Олон сайхан дүрд хувирч, үзэгчдийн талархал хүлээсэн сайн жүжигчин.

-Ц.Баясгалан жүжигчид дундаа даруухан, маш эелдэг хүн л дээ. Таныг дуурайсан бололтой?

-Манай хүүхдүүд аав ээж нь багш байсан болохоор ч юм уу хүмүүстэй их зөв боловсон харилцдаг юм. Баясаа бол их тусархуу, ямар ч байсан эхэлсэн ажлаа хийж дуусгана, зорьсон юмаа бол заавал бүтээдэг, их шийдэмгий, зоримог дайчин хүн л дээ.

Хэдий зав чөлөөгүй ажилладаг ч хажуугаар нь надад их тусалдаг. Ажлаа зохицуулж байгаад л шөнө, орой ч гэсэн хамаг юмаа хийгээд л гэрээ цэвэрлэдэг.

-Урлагийн хүний ээж байх ямар байдаг вэ?

-Яахав энд тэнд ингэж хэлж гэнэ, тэгж байна гээд л янз янзын  сураг сонсогдож  байдаг юм. Тэрэнд нь  би санаа зовдоггүй. Учир нь миний охин чинь  зүгээр алдалгүй өөрийгөө аваад  явдаг болохоор итгэж санаа амар байдаг. Жүжигчдийн талаар сонсогдож л байдаг манай охин бол буруу зүйл хийхээр хүн биш учраас  санаа амар байдаг.

-Охиныхоо сайн хамтрагч гэж сонссон, ажлын тал дээр нь тусалдаг уу?

-Миний охин чинь гэртээ ирээд дүр хуулж бичээд, дүрээ давтаад өөрөө, өөртэйгөө яриад  суухыг нь хараад л суудаг даа.

Миний тусалж чадах юм бол ар гэрийг нь авч явах юм даа. Ажлаасаа ирэхэд нь амар тайван байлгаад, хоол ундыг нь халуун байлгаж л байвал тусалж байгаа нь тэр гэж боддог.  

-Таныг хараад байхаар "Элбэг дээл" киноны гол дүүрийн жүжигчинтэй их адилхан юм. Та кинонд тоглож байгаагүй биз?

-Тийм байна уу,үгүй тоглоогүй. Хөдөө олон жил амьдрасан хүн л дээ би.

-Жүжигчин болоод анх яаж таныг баярлуулж байсан вэ?

-Анх оюутан байхдаа Цасан гуа гэдэг дүрд тоглож дипломоо хамгаалж байсан. Тэрийг нь хараад  яг л жүжигчин болж байгаа юм байна даа гэж баярлан харж сууж билээ. Түүнээс  хойш дандаа л баярлуулдаг юм. “Гэгээн муза” гэхэд л хоёр удаа авсан бас зөндөө их шагнал хүртсэн болохоор их сайхан байдаг. Тэр болгонд нь л маш ихээр баярлаж суудаг.

-Эх хүний сэтгэл хүүхдүүдийнхээ төлөө дандаа л санаа зовж суудаг шүү дээ. Жүжигчин хүний ээж  санаа зовох зүйл ихтэй байх гэж бодогдоод байдаг юм. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Харин тийм. Би ер нь их нойр муутай санаа зовоод унтаж чаддаггүй хүн л дээ. Орой их ажиллахаар нь байнга залгаад л “Ирж байна уу,  хоолоо идсэн үү"  гээд л залгана. Тэгэхээр л “Миний ээж би ажлаа дуусгаад л яваад очино  та санаагаа зовоолгүй унтаж бай” гэдэг юм. Олон хоног хөдөө явахаар нь тэр газрынх нь цаг агаарыг хараад л яаж яваа бол гээд л бодоод сууна. Баясаа намайг их санаа зовомтгой гэж мэддэг болохоор өөрөө байнга залгахаар нь арай гайгүй. Ер нь л байнга л санаа зовж л суудаг. Маань уншаад өөрийгөө тайвшруулаад суух юм даа.

-Та охиныхоо бүтээсэн дүрүүдээс  алинд нь илүү хайртай вэ?

-Бүгдэд нь хайртай. Гэхдээ ганц хүний жүжгийн дүр Edith Paif  -д нь илүү хайртай даа. Охин маань ганц хүний хоёр жүжигтэй.

нгөрсөн хавар Косово улсад зохиогдсон Юнэско-гийн Олон улсын моно театрийн фестивальд түрүүлж Гранпри шагнал хүртсэн шүү дээ. Одоо  Монгол Улсын Засгийн газраас 65 сая төгрөгийн шагнал авахаар болсон. Баяр хүргэе таны охин чинь дэлхийд нэрээ дуурсгалаа шүү дээ?

-Аан тийм гэсэн. Надад тэрийгээ өөрөө  хэлээгүй, ах эгч нар нь интэрнэтэд тавигдсан байна гэж хэлсэн. 65 сая төгрөг авахаар болсон гэнээ гэж. Өөрөө надад хийчихсэн юмуу, авчихсан хойноо л хэлдэг. Авсан хойноо  л “Ээжээ би ийм шагнал авлаа” гээд хэлэх байхдаа. Тэр үед нь л баяр хүргэе дээ.

-Баясаа эгч таны хэр сайн туслагч хэр сайн охин вэ?

-Их сайн охин. Зав гарвал л хоол хийж өгнө. Амралтын өдрөөр пицца өөрөө хийж өгнө. Их гоё хоол хийдэг.Би охиндоо нэг их юм хэлээд байдаггүй. Одоо бол хань ижилтэй бол, алийн болгон ганцаараа явах вэ гэхээр болох байлгүй дээ. Би чинь ажлынхаа төлөө л гэж яваа хүн гэдэг юм. Одоо таньдаа ханьтай байх гэж боддог шүү дээ гэж хэлдэг юм. Одоо бид хоёр чинь яг л эхнэр, нөхөр хоёр шиг л болсон хүмүүс дээ./ инээв/

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Урлагийн төлөө өөрийгөө болон охиноо зориулж яваа та урт насалж, удаан жаргаарай.