m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.15 00:24
49
УИХ дахь эмэгтэй гишүүд олон улсын туршлагаас суралцав

УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн урилгаар манай улсад айлчилж буй Македон Улсын парламентын гишүүн Таняа Томик болон Олон улсын бүгд найрамдахчуудын хүрээлэн, Европын аюулгүй байдал болон хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институци, хүний эрхийн байгууллагын төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд УИХ-ын эмэгтэй гишүүд, тэдний зөвлөх, туслахуудад зориулан гурван өдрийн сургалт зохион байгуулж, өнөөдөр /2014.04.14/ үдээс хойш өндөрлөлөө. 

 Эхний өдрийн сургалтаар Македон Улсын парламентын гишүүн Таняа Томик тус улсын парламентын эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагааны туршлагаас танилцуулжээ. Сургалтад оролцогсод хатагтай Таняа Томикийн танилцуулсан харьцуулсан кейс судалгаагаар зөвшилцөл бий болгох, бүтээмжийг дээшлүүлэх арга замууд болон тулгарсан саад бэрхшээлийг даван туулах хамтын бодлогын зэрэгцээ парламент дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн бүтэц, зохион байгуулалтын талаарх Македоны парламентын туршлага дээр тулгуурлан ярилцаж, санал бодлоо хуваалцсан байна.

  Харин өчигдрийн сургалтаар парламент дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагааны талаарх Европын аюулгүй байдал болон хамтын ажиллагааны байгууллагын сайн туршлага болон засаглалыг сайжруулахад эмэгтэйчүүдийн бүлэг, бүлгийн гишүүдийн оролцооны талаар лекц сонсож, саналаа солилцжээ.

   Сургалтад УИХ-ын эмэгтэй гишүүд, тэдний зөвлөх, туслахууд оролцов

 Сургалт өнөөдөр үдээс хойш үргэлжилж, Олон улсын бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн дэргэдэх Эмэгтэйчүүдийн ардчиллын сүлжээний захирал, хатагтай Эрика Веберайт парламент дахь эмэгтэйчүүдийн бүлгийн үйл ажиллагааны бодлого, стратеги төлөвлөлтийн талаарх олон улсын туршлага, арга барилаас танилцуулав. Тэрээр хэлэхдээ, бид зорилгоо хэрхэн тодорхойлох, түүнийгээ хэрэгжүүлэх арга замаа хэрхэн төлөвлөх талаар гурван өдрийн турш хамтдаа санал бодлоо хуваалцаж, хэд хэдэн асуудал дээр тогтож ярилцлаа. Иймээс гол зорилт болгож тавьсан асуудлаа хариуцах тодорхой эзэнтэй болгож, түүнийгээ хэрэгжүүлэх тактикийн алхмаа тодорхойлон баг хамт олон, дэмжих бүлгүүдээ бүрдүүлж, стратеги төлөвлөлтөө боловсруулж ажиллах нь чухал гэдгийг зөвлөлөө.

  Энэхүү сургалтын явцад УИХ дахь эмэгтэй гишүүд хууль тогтоох байгууллагын үлдэж буй бүрэн эрхийн хугацаанд сонгуулийн, хүүхэд харах үйлчилгээний, хүйсийн тэгш эрхийг хангах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх зэрэг хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох, шинээр батлуулах асуудалд гол анхаарлаа чиглүүлж ажиллахаар тогтжээ. Энэ талаар УИХ-ын эмэгтэй гишүүд сургалтыг удирдан явуулсан Македоны парламентын гишүүн хатагтай Таняа Томик болон олон улсын байгууллагын ажилтнуудтай санал бодлоо хуваалцаж, тэдний зөвлөгөөг сонслоо.

  Энэ удаагийн сургалт нь парламент дахь эмэгтэйчүүдийн тоо, парламент дахь тэдний үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд том түлхэц болно гэдэгт найдаж буйгаа сургалтыг зохион байгуулсан олон улсын байгууллагын төлөөлөгчид болон сургалтад оролцсон УИХ-ын эмэгтэй гишүүд илэрхийлж байлаа.

  Хоёр талдаа харилцан зохион байгуулахаар төлөвлөсөн энэхүү сургалтын дараагийн шат энэ оны 6 дугаар сарын эхээр Швед Улсад зохион байгуулагдах юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.