m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.03 03:46
59
Цуврал-15 Архи найзынх нь амийг авч оджээ

 

Цагдаагийн туршлагатай, мөрдөн байцаагчийн нэг бол цагдаагийн хурандаа Т.Батчулуун юм. Тэрбээр Сэлэнгэ аймагт ажиллаж байхдаа нэг хачирхалтай хэргийн араас өдөр шөнөгүй явсанаа ийн бичжээ.

Сэлэнгэ аймагт тэр нэгэн жил  дөнөн бухын эвэр тас хөлдөх нь үү гэлтэй хүйтэн өвөл болжээ.  Шинэ жил дөхсөн учир энд тэнд архи ууж хөлчүүрсэн хүмүүс хэл ам татлах нь ихсэж, цагдаагийнхан ажил ихтэй байв. Нэг өдөр цагдаагийнханд хээр үхсэн хүн байна гэх дуудлага ирэв. Цагдаагийнхан шуурхай Ажлын хэсэг байгуулж хэргийн газар ирсэн боловч цогцос байсангүй. Мэдээлэл өгсөн жолоочийг ирүүлж чухам хаана байсан, ямаршуу царай зүстэй байсныг тодруулсан боловч хэлж чадахгүй байв. Учир нь хээр гэнэт үхсэн хүнтэй таарсан тэрбээр айж сандраад сайн харж чадалгүй цагдаад мэдэгдсэн нь тэр аж. Хэргийн газрын үзлэгийг хийж эхлэхэд тэнд хэн нэгэн байсан нь ул мөрнөөс илт.

...Үнэн хэрэгтээ Дарам Жүгдэрийг хөнөөгөөгүй аж. Хамт архи ууж, нэлээд согтжээ. Кабинд багтахгүй, бас архины үнэрт удаан явах хэцүү байсан учир найзыгаа ачаан дээрээ тавьжээ. Өөрөө ч бас согтуу учир их давхисан аж. Үүрээр бригадын төвийн ойролцоо ирж найзыгаа дуудтал  тэр байсангүй...

Шөнөжин орсон цасан дээр мөр нь зурайж байлаа. Цогцсыг хэн нэгэн авч явахыг оролджээ. Ойролцоо нь өрөөсөн эсгий гутал байгааг баримт болгон авав. Мөр мөшгихөд  тракторынх мөн байв. Трактортой хүн чигээрээ явж байгаад гэнэт буцан ирж, цогцсыг авч явахдаа согтуу, эс бөгөөс ухаанаа алдсан байж уу гэх таамаг дэвшүүлмээр тахиралдан явсан мөр байв. Мөрөөр хөөж гэмт хэрэгтнийг олох нь илүү үр дүнтэй учир хэсэг хүмүүсээ хэргийн газар үлдээгээд Т.Батчулуун гэмт хэрэгтний араас мөрдөв. Мөр явсаар бригадын төвд ирэв. Энд тэнд хог цаас хийсч, эвдэрч хэмхэрсэн араг, сав харагдахаас өөр зүйл байсангүй. Жолооч цааш явсаар мухар ганганы аманд нүх ухсанаас үзэхэд тухайн хүн гэмт хэрэг үйлдсэнээ нуух зорилгоор нүх ухсан бололтой. Хэсэг бухалны ойролцоо шүдэнз зурж орхисон нь тодоос тод. Бас шатаах гэж оролдсоныг цагдаагийнхан төвөггүй мэдэв. Тэгснээ цааш Орхон голын хөвөөнд ирж цооног руу цогцсыг хаясан бололтой ул мөр олдов. Ингээд энэ гэмт хэргийг хэн үйлдэв, яагаад гэдгийг нотлох ажил эхлэв.

Бригадын төвөөс Жүгдэр, Дарам хоёр нэлээд согтуу гарсныг хүмүүс хэлэв. Тракторын мөр нь Ддарамынхтай таарсан учир хэргийн сэжүүр олдох нь тэр. Гэхдээ тэд хэн нэгнийгээ хөнөөх хүмүүс биш аж. Хар багаасаа нэг голд тоглож өссөн тэд хаа ч явсан хамтдаа сайнаар ярьвал ах дүүс шиг болсон найзууд аж. Хэргийн газраас олдсон эсгий гутал  Жүгдэрийнх гэдгийг хүмүүс нотолсон учир хохирогч тэр болохыг төвөггүй мэдэв. Хамгийн дотнын найзаа Дарам яагаад хөнөөв гэдэг асуулт цагдаагийнхныг ээрсээр байв. Дарамын гэрт иртэл төрөөд удаагүй бололтой эхнэр нь хүүхдээ тэврэн сэжиг авсан шинжгүй сууж байв. Нөхрийг нь хаана байгааг асуухад “Бригадын төв ороод ирээгүй байна” гэв. Мөр хөөх ажлаа үргэлжлүүлж шөнөдөө дахиад Дарамын гадаа ирэв. Учир нь тракторын мөр тийшээ зүглэсэн нь илт. Гэрийн гадаа чагнаж, юу болж буйг тандав. Гэтэл нам жим байснаа гэнэт эмэгтэй хүн уйлах нь тэр. Т.Батчулуун шууд гэрт ортол Дарамын эхнэр учир зүггүй уйлж байв. Юу болсныг асуухад “Дарам хүн алчихсан гэнэ ээ. Тэгээд бүр хамгийн сайн найзыгаа шүү. Би ээж, аав, эхнэр хүүхдийнх нь царайг яаж харна даа” хэмээн халаглав.

-Тэгээд тэр хаачив?

-Дархан явж ганц эрэгтэй дүүтэйгээ уулзана гээд гарсан гэв. Цагдаагийнхан ч мэдээллийн мөрөөр Дархан явав. Дүү нь сандарч тэвдсэн байдалтай угтаад “Ах учир нь олдохгүй зүйл яриад сайн сайхан амьдраарай гээд гарсан. Ахтай уулзахаар Эрдэнэт явсан” гээд уйлав. Түүнийг бас мөшгилөө. Ахынд нь очтол “Дүү маань найзынхаа амийг хөнөөсөн гэнэ. Дахиж уулзахгүй байж магадгүй гээд эгчтэйгээ уулзахаар хот руу явсан” гэхийг дуулаад шууд Улаанбаатар руу хөдөллөө. Гэтэл Дарам хот ороогүй харин гэртээ харихаар явсан байж. Эгч нь таагүй мэдээг дуулаад Сэлэнгэ рүү хөдлөх гэж буйтай нь таараад шууд хамтдаа явлаа. Араас нь нэхэн хөөсөн эрэл сая нэг мухарлаж Дарамын гэрээс холхон машинаа тавиад гэрт нь оров.

Дарам цагдаагийнхныг хараад шууд гараа урагш нь өргөв. Т.Батчулуун “Чи азна. Араас чинь хөөж явсаар ядарлаа. Эхлээд нэг аяга цай өгөөдөх. Дараа нь ярилцъя”  гэв. Ингээд цай уунгаа хэргийн талаар ярилцав. Үнэн хэрэгтээ Дарам Жүгдэрийг хөнөөгөөгүй аж. Хамт архи ууж, нэлээд согтжээ. Кабинд багтахгүй, бас архины үнэрт удаан явах хэцүү байсан учир найзыгаа ачаан дээрээ тавьжээ. Өөрөө ч бас согтуу учир их давхисан аж. Үүрээр бригадын төвийн ойролцоо ирж найзыгаа дуудтал  тэр байсангүй. Сандраад ирсэн мөрөөрөө буцаж очтол найз нь аль хэдийн осгосон байжээ. Уйлж бахираад ч нэгэнт оройтсон болохоор айхдаа хамт үхье гэж шийдээд янз бүрээр өөрийгөө хороох гэж оролдоод чадаагүй гэх үнэн учраа хэлжээ. Найзыгаа цооногт унагасан үнэн байдлаа хэлэв. Түүнийг үнэн ярьж буй эсэхийг шүүхийн шинжилгээ нотлох учир Жүгдэрийн цогцсыг олох хэрэгтэй байв. Цооногт унагасан цогцсыг удаа дараа хайсан боловч олдоогүй аж. Үнэн байдлаа хэлсэн ч Дарам найзыгаа тэвшин дээр орхисон гэм буруутай. Архины халуунд болчимгүй үйлдэл хийж, хүчтэй донсолгоонд найз нь унаж осгосон хэргийг хуулийн дагуу шийджээ.