m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.15 02:25
220
Цагдааг барьцаалсан этгээд их хэмжээний мөнгө залилсан аж

Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг хөдөлгөсөн 26 настай Г гэгч залууг цагдаагийнхан өчигдөр орой 23.00 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан тухай бид тухайн үед мэдээлсэн.

Тэрбээр юуны учир цагдаагийн ажилтныг барьцаалсан талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад нэгэн иргэнээс мэдээлэл ирсэн . Тэрбээр их хэмжээний мөнгөө бусдад залилуулаад, хохироосон хүнээ олохгүй байсан юм байна. Гудамжинд таараад энэ талаар цагдаагийнханд мэдэгджээ.

Мэдээллийн мөрөөр цагдаагийн хоёр ажилтан очтол Г буу гарган ална, буудна хэмээн сүрдүүлж нэг ажилтныг барьцаалсан. Машинаа орхин зугтсан түүнийг хайж, найман цагийн дараа саатуулж чадсан" гэв. Бусдыг залилаад зогсохгүй цагдаагийн ажилтныг барьцаалж, сүрдүүлсэн гээд түүнийг буруутгах зүйл анги нэмэгдсээр байх аж. Мөн тэрбээр хаанаас буу авсан, ямар зорилгоор ашиглах гэж байсан гээд асуудал их байгаа бололтой.  Юутай ч гэмт хэрэгтнийг саатуулж, цагдаагийнхан шалгаж эхэлжээ.Цагдаагийн ажилтныг барьцаалсан нь үнэн боловч ийм мэдээлэл тархахаас болгоомжилж байгаа аж. Учир нь гудамжинд явсан хэн нэгэн цагдаагийн ажилтныг барьцаалсан гэх мэдээлэл нь нийгэмд сөрөг нөлөөтэйгөөс гадна, хэн нэгэн этгээд шууд халдахад хамгаалах нэг удаагийн хэрэгсэлгүй байсан уу, цагдаагийн өнөөгийн дүр төрх, бодит байдал гэх мэт олон асуудал сөхөгдөх учир ийн үнэн бодит мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа аж. гэхдээ энэ удаа тухайн ажилтан ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй ч цагдаагийн ажилтан гар хоосон гэмт хэрэгтний өмнө зогсож буйг энэ үйл явдал харуулж байна.