m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.04 05:29
437
Ц.Батбаатар: Папарацци гэрэл зураг хүний мууг үзэх гэсэн ойлголт биш

Хүний амьдралын агшин бүрийг түүх болгон үлдээдэг зүйл бол гэрэл зураг. Амьдралын тань нандин дурсамж бүхэн гэрэл зурагт мөнхрөн үлддэг билээ. Энэ удаагийн Баялаг бүтээгч булангийн зочноор 2007, 2013 оны Монголын сэтгүүлчдийн эвлэлийн оны шилдэг фото сурвалжлагч, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн  холбооны оны шилдэг гэрэл зурагчин, чөлөөт уран бүтээлч Ц.Батбаатарыг урьж оролцууллаа.

-Та анх гэрэл зурагчин болсон түүх, замналаасаа яриагаа эхлэхгүй юу?

-Амьдралын эрхээр гэрэл зурагчин болсон хүн дээ. Гэхдээ гэрэл зурагт бол багаасаа сонирхож зураг авах гэж оролддог байсан. Төв аймгийн Аргалант суманд ахуй үйлчилгээний зурагчин болж байлаа. Дараа нь “Ардын эрх” сонинд ажиллаж дадлага хийсэн. 1993 онд өөрийн төрсөн газар Эрдэнэт хотын “Эрдэнэт” үйлдвэрийн хэвлэл мэдээллийн албанд гэрэл зурагчнаар орсон. 2004 оноос  “Өнөөдөр” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байлаа. Хоёр жилийн өмнөөс чөлөөт уран бүтээлч болж гэрэл зурагчдад зориулсан сэтгүүл эрхлэн гаргаж байна. Мөн “INET” сайт, гэрэл зургийн сургалт хичээллүүлж байна.

-Та хүүхэд байхаасаа гэрэл зураг сонирхдог байсан гэлээ. Тухайн үед гэрэл зураг гэдэг талаар ямар ойлголттой байсан бэ?

-Их сонирхолтой ховор байсан мэргэжил шүү дээ.  Саяхан хүүхэд байхдаа ахынхаа гэрэл зургийн аппаратаар тоглож байсан зургийг олсон. Тэгэхээр мэргэжил маань багаасаа л тодорсон гэж хэлж болох талтай. Гэрэл зураг авч байгаа хүн гоё харагддаг байсан.

-Гэрэл зурагчдад зориулсан сэтгүүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Гэрэл зураг сонирхогчиддоо зориулсан фото сэтгүүийг гаргаад хоёр жил болж байна. Хэрэглээ болон анхан шатанд зориулсан, түүхийг харуулсан сэтгүүл . Урьд нь сард нэг гаргадаг байсан ч санхүүгийн асуудлаас болоод улиралд нэг удаа гаргаж байна. Борлуулалтын хувьд цөөн тоогоор гаргадаг. Улсын хэмжээнд 500-600 ширхэг сэтгүүл хэвлэн гаргадаг.

-Та ямар төрлийн гэрэл зураг авдаг вэ?

-Би баримтат, үйл явдлын зураг авдаг. Цаг үеийн үйл явдал, миний эргэн тойронд юу болж байна, тэмдэглэлт ямар хэрэг тохиож байна гээд эргээд энэ бүхэн маань түүх болж үлддэг. Цаг үеийг авч үлдэх ганц зүйл бол гэрэл зураг.

-Монгол Улсын гэрэл зургийн хөгжлийн түвшин ямар хэмжээнд байна вэ?

-Манай улсад гэрэл зураг сайн хөгжиж байгаа. Дотроо л өрсөлдөөн султай явж байна. Олон улсад хандсан уралдаан тэмцээнд оролцох нөхцөл нь жаахан дутагдалтай. Мөн гэрэл зургийн салбар маань уналтын түвшинд байна. Яагаад гэвэл биднийг толгойлсон албан ёсны байгууллага алга. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо гэж байсан. Тэр газар удирдлагагүй болоод таван жил боллоо. Сонины, чөлөөт, сонирхогчид гээд гэрэл зургийн олон бүлэг бий болсон. Өөр өөрсдийн түвшинд л хөгжөөд явж байна.

-Гэрэл зургийн салбар уналтын түвшинд байна гэлээ. Үүний шалтгааныг юу гэж бодож байна?

-Өөрийн гэсэн сургууль алга, гэрэл зургийн бодлого байхгүй. Дээрээс нь тэр олон мянган зургийг хадгалж архивлах газар байхгүй түүнийг эргэлтэнд оруулах санхүүгийн хөшүүрэг алга. Үнэлгээ жаахан муутай байдаг. Жишээлбэл: Хуриман дээр дуулж байгаа дуучин нэг сая төгрөг авч байхад зурагчин бүтэн өдөржин гүйж гүйж 200,000-300,000 төгрөг авдаг. Гэтэл 30 жилийн дараа хамгийн үнэтэй нь гэрэл зураг л байдаг.

-Гэрэл зургийн үнэлгээ манайд тааруухан байдаг гэнэ. Үнэлгээг сайжруулахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Зурагчин өөрийн авсан бүтээлээ үнэлж сурах хэрэгтэй. Авсан зургаа хүмүүст файлаар ч юмуу өгөөд байвал цаашаа тараад тэр бүтээл ямар ч үнэ цэнэгүй болно. Задраагүй зураг бол шинэ хэвээрээ байдаг. Бүтээлээ архивлаж сурах, хэзээ хэнд ямар зураг өгөх вэ гэдгээ мэддэг байх ёстой.

-Шинэ залуу гэрэл зурагчид хэр бэлтгэгдэж байна вэ?

-Өөрсдийнхөө зардлаар гадаад улсад сурч байгаа залуучууд мэр сэр байна. Хятад сургууль төгссөн н.Ангараг гэдэг залуу байна. Солонгос, ОХУ, Америкд олон хүүхдүүд сурч байна. Тэд нар маань гэрэл зураг болон телевизийн салбарт ажиллаж байна. Дотооддоо анхан шатны сургалтыг явуулж байна. Гэрэл зургийн үндэсний танхимыг 2012 онд байгуулсан. Үүний хүрээнд 14 хоногийн хугацаатай сургалт хичээллэж байна. Тэгээд дотор нь жаахан гүнзгийрүүлээд цаашид сурах сонирхолтой хүүхдүүдийг дунд шатруу оруулдаг.

-Та гэрэл зураг гэдэг ертөнцийг тодорхойлбол?

-Гэрэл зургийн ертөнц бол хязгааргүй орон зай. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх талбар гэж ойлгож болно. Гэрэл зураг бол урлаг мөн түүхийн үнэт бүтээл. Гэрэл зургаар амьдарч болно. Хүн төрөхөөсөө хорвоог орхих хүртлээ гэрэл зураг гэдэг ертөнцтэй салшгүй холбоотой байдаг.

-Та анх өөрийн гэсэн ямар аппараттай болж байсан бэ?

-Би бол дандаа л байгууллагын аппарат барьж байсан. Тухайн үедээ л хамгийн сайн гэсэн аппаратыг хэрэглэдэг байлаа. 2008 онд өөрийнхөө мөнгөөр БНХАУ руу явж 10-аад сая төгрөгөөр дагалдах хэрэгсэлтэй нь авч байсан.

-Аппаратны чанар гэрэл зураг авахад хэр нөлөөлдэг вэ?

-Зураг авч сурна гэдэг бол зурагчин хүн аппаратаа голох биш тухайн аппаратаараа зургаа авч сурах хэрэгтэй. Мэргэжлийн ур чадвартай болсны дараа аппаратаа сайжруулах талаар хөөцөлдөх хэрэгтэй. Манайд бол хамгийн сүүлд юу гарсан түүнийг л авах гэдэг болж.  Аппарат ухаалаг, амар хялбар болох тусам хүнээс ур чадвар их шаарддаг. Тухайн аппаратаа бүрэн эзэмшиж байж л зохиомж сайтай зураг дарахгүй л бол мянга сайн аппараттай байсны хэрэггүй.

-Хаана үйлдвэрлэсэн аппарат сайн байдаг вэ?

-Аппаратыг ноёлж байгаа улс бол Япон. “Nikon” “Canon” “Fuji” гэх мэт. АНУ, Германд үйлдвэрлэсэн камерууд байдаг. Гэхдээ л Японд үйлдвэрлэсэн аппарат яах аргагүй илүү байдаг. Хамгийн гол нь аппаратаа сайн муу гэж гололгүйгээр өөрийнхөө аппаратыг шүтэж түүнийгээ бүрэн эзэмшсэн байх шаардлагатай.

-Манай улсад гэрэл зургийн ямар төрөл түлхүү хөгжиж байна вэ?

-Байгалийн зураг руу их хошуурч байна. Учир нь байгалийн зураг амар гэх үү дээ. Байгальдаа очоод гэрэл сүүдрээ тохируулаад авбал амархан. Үйл явдлын зураг хамгийн хүндрэлтэй байдаг. Яагаад гэвэл агшин зуурт болж өнгөрдөг учраас. Үйл явдлын зураг түлхүү хөгжөөсэй гэж хүсдэг. Гэрэл зургийн төрлүүд хөгжиж байгаа ч ихэнхдээ л байгалийн зураг зонхилж байна. Жишээлбэл: Спортын гэрэл зураг гэхэд хоцрогдож байна. Хэдхэн зурагчин л энэ төрлийг авч явж байна.

-Дэлхийд  хөгжиж байгаа гэрэл зургийн төрлүүдээс манайд хөгжөөгүй байгаа төрөл байдаг уу?

-Манайд хөгжиж чадахгүй ганц төрөл нь папарацци зураг. Манайхны авч байгаа зураг бол папарацци биш шүү дээ. Бараг өөрт нь хэлж байгаад авчихаж байгаа юм чинь. Папараццийн төрөл осолтой л доо. Манайх шиг жижиг газар дарамтанд өртдөг, өөрөө бат хараат бус байх ёстой. Папарацци зураг гэдэг бол хүний мууг үзэх гэсэн ойлголт биш. Олны танил хүний хаагдмал ертөнцийг ил гаргах гэсэн зорилготой гэрэл зургийн төрөл. Гэхдээ хүмүүсийг явж байхад нь янз янзаар дарчихсан зураг байдаг. Мөн агаарын зураг дутмаг. Дэлхийд их хөгжсөн төрөл. Газар тариалан, уул усны зургийг дээрээс авдаг. Манайд их хүндрэлтэй л дээ.

-Таны авч байсан хамгийн сайхан гэрэл зургаа нэрлэ гэвэл та ямар зургийг хэлэх вэ?

-За одоо аль зургаа гэхэв дээ. Спортын гэрэл зургийн уралдаанд шалгарсан бүтээл байдаг.  Аварга А.Сүхбат зодог тайлах үеийн зураг. Х.Баянмөнх аварга дээр очоод уйлаад үнсүүлж байгаа. Цаана нь гарьд Б.Гантогтох уйлж байгаа зургийг хэлэх болов уу.

 -Та өөрийн томоохон бүтээл, үзэсгэлэнгийн талаар сонирхуулахгүй юу?

- 2007 онд “Монгол төрийн түшээд” гэдэг цомог гаргасан. Сүүлийн 20-иод жилийн улс төрийн амьдралыг харуулсан гэрэл зургийн цомгийг гаргаж байсан. Монголын сэтгүүлзүйн салбар үүссэний 100 жилийн ойд зориулж 100 гэрэл зурагчний үзэсгэлэнг зохион байгуулсан. Тэр бол олон гэрэл зурагчдийн мэдээллийг олонд хүргэх боломжийг нээж өгсөн. Дотооддоо хэд, хэдэн үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн Улаан-Үүд хот, БНХАУ-ын Тяньжинд гаргаж байсан.