m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.07 02:14
380
А.Алтантуяа: Сэтгэл сайтай хүний дээл гараас хурдан гардаг гэдэг үнэн шүү

Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан “Болор цом” наадмын тэргүүн байрын эзнийг оюун ухаан, ур хийцээрээ гайхагдсан дээлээрээ мялаадаг  “Ур ундрах” компанийн захирал, мастер оёдолчин  Өвөрхангай аймгийн харьяат А.Алтантуяатай ярилцлаа. Түүнийг Монголын алдар цуутай бөхчүүдийн дээлийг урладаг гэдгээр нь монголчууд андахгүй биз. Ингээд баяр наадам хаяанд ирсэн энэ цагт түүнийг “Mass зочин” будандаа урилаа.

- Таныг бүр багаасаа юм оёдог байсан гэсэн. Анхны багш тань хэн байсан бэ?

- Амьдрал бол миний багш. Анх 13 настайдаа  аавдаа дээл урлаж өгч байсан. Тэр үед нэг талын ханцуй нь өргөн, нөгөө ханцуй нь нарийхан болсон байсан. Гэхдээ миний аав “Сайхан болж, миний охин илүү сайн сурна. Улам уран болоорой” гэж урмын үг хайрлаж байсан. Тэр үед ээж маань бурхан болсон байлаа. Тэгээд л дөрвөн дүүгээ хүний дайтай амьдруулахсан гэж оёдолчин болох замыг сонгосон доо. Би 1982 онд Хөнгөн үйлдвэрийн салбарын харьяа Нийтийн ахуй үйлчилгээний  сургуулийг  захиалга хувцасны  чиглэлээр төгсч, мэргэжлээрээ ажилласан. “Ур Ундрах” компаниа байгуулаад арав гаруй жил болж байна.  Одоо бол  бид гутал үйлдвэрлэдэг болсон. Монгол үндэсний хувцсаа иж бүрнээр нь үйлдвэрлэх  зорилт тавиад ажиллаж байна. Энэ хугацаанд гадаад, дотоодын нэлээд хэдэн үзэсгэлэнд  амжилттай оролцлоо.  Түүнчлэн гадаад, дотоодын олон хүнд үйлчилгээгээ хүргэж байна. оёдол, эсгүүртэй амьдарлаа холбоод 40 жил болж байна. Энэ хугацаанд энэ ажлаасаа нэг ч өдөр хөндийр ч байсангүй.

-Та арав гаруй жил энэхүү салоныг ажиллуулж байна. Хүний итгэлийг олох хэцүү гэдэг. Энэ талаар таны бодол ?

-Аливаа зүйлийг сайхан хийх  тулд чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Ер нь бол сайхан сэтгэлтэй хүний дээл аяандаа  хурдан гараас гардаг. Ингэж бодохоор хувцас ч гэсэн хүний дотоод шинж чанартай холбоотой. Би бол байнга үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдийнхээ төрсөн он, дээлний хэмжээ бүрийг сайн мэддэг. Тэгээд л сүлдэг гаригт нь эсгүүрээ гаргаад, эсгээд тавьчихдаг. Зарим нь бүр та өөрөө мэдээд хийчих гэдэг юм. Зарим хүмүүс итгэддэггүй нээрээ ингэж хийх юмуу гэх мэтчилэн. Зарим хүмүүс үндэсний хувцсаа өмсөж байж пиджак өмсөж байгаа мэт энд тэндээс нь татдаг гээд л асуудал их байдаг. Би дүр эсгэхийг хүлээн зөвшөөрдөггүй.

-Нууц биш бол олны танил бөхчүүдийн дээлийг оёж байсан бэ. Бөхийн дээл бусад төрлийн дээлнээс ялгаатай байдаг уу?

- Олон жил олны танил бөхчүүдийн дээлийг урлаж байна. Өнөөдөр ч гэсэн оёж л сууна. Сүмогийн Их аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга гээд их олон бөхийн дээлийг оёдог доо. Бөхийн дээлийг урлаад 15 жил болж байна. Жижиг биетэй бөхөөс эхлээд хамгийн том биетэй бөхий дээлийг энэ хугацаанд оёж байлаа. Бөхийн дээл бусад дээлнээс ялгаатай тал нь биенд тохирсон, уужим сайхан байх шаардлагатай байдаг. Тэд нээх загвар гээд байдаггүй. Энгийн сайхан дээл хийлгэхийг эрхэмлэдэг. Энэ жил бөхчүүд ихэвчлэн тод өнгийн дээл хийлгэж байгаа. Ер нь бөхчүүд даавуун дээл хийлгэж өмсдөг.

- Энэ жилийн наадмын дээл ямар загвартай байна вэ?

- Ер нь монгол дээлний загвар  өөрчлөгдөхгүй. Монгол хүнд тохирсон хувцас учир,  дизайнер тал дээр жижиг сажиг  зэргийн өөрчлөлтүүдийг оруулдаг. Энэ жилийн наадмаар ихэнх хүмүүс хүннүгийн үеийн загвартай дээл хийлгэж байна. Хүннүгийн үед монголчууд их хүчирхэг байсан. Хүн болгон  тэр бэлэг тэмдгээ бодож, шилэн хүзүүгээ дарсан малгай өмсөж, бөөрилжин захтай дээлээ өмсөж байгаа нь хүн болгон монголоо гэсэн сэтгэлтэй болж байгаагийн илрэл гэж үзэж байгаа. Зарим залуус брэнд гэж гүйдэг ч  жил ирэх тусам энэ байдал багасаж, монгол дээл хувцсаа өмөсж байгаа нь сайхан хэрэг.

-Брэндийн талаар таны бодол ямар байдаг вэ. Зөвхөн танай салон урлаж гаргадаг загварын дээл бий юу?

-Брэндийг хүний бие болоод хэрэгцээг хангасан байх ёстой гэж боддог. Өөрийн урлаж байгаа бүх дээл маань брэнд. Манайх мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал, хамтын хамжаар гэсэн   4-5 төрлөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. “Миний Монгол” гэсэн босоо бичгийг дээлэн дээр сувд шигтгэж гараар урладаг. Монгол бичигтэй дээлийг Өвөрмонголоос болоод Буриадаас хүмүүс ирж захиалдаг болсон. Энэ бол манай брэнд. Дотоодын зүйлээ монгол брэнд болгох хэрэгтэй.

-Гадаад хүмүүс  захиалга өгдөг үү?

- Гадаад хүмүүс захиалга их өгч байна. Энгийн хийцтэй дээлийг их захиалдаг. Энэ жил хүннү захтай дээлийг ихэвчлэн захиалж байна.

-Ингэхэд та өөртөө дээл хийж амжиж байна уу?

-Би дандаа дээлээрээ оёдог. Өөртөө хувцас худалдаж авч байгаагүй. Өөрт хэрэгтэй бүх хувцсаа хийгээд өмсдөг. Өнгөрсөн жил Энэтхэг улсыг зорьж, Далай ламд бараалхахдаа үндэсний сайхан дээлээ бэлэглэж монгол эмэгтэйчүүдийг минь авралдаа авч хайрлаарай гэж залбирч ирсэн. Би оёдолчин болсондоо бахархадаг.

Удахгүй болох Үндэсний их баяр наадамдаа танил бөхчүүд болоод уяачид, монгол түмэн  маань сайхан наадаарай гэж ерөөе.

-Наадам дөхсөн өдрүүдэд цаг, зав үнэхээр бага байсан ч бидний урилгыг хүлээн авч ярилцсанд таньд ажлын амжилт хүсье. Таньд ч бас баяр наадмын мэнд хүргэе.