m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.15 07:20
132
Шинэ Түлэнхийн төв хүүхдийн эмнэлгээс ч илүү хэрэгтэй байна

Урин дулаан цаг ирж барилга, замын ажил ид өрнөдөг энэ үед нийгэмд хүлээлт үүсгээд буй хэд хэдэн барилгууд харин нам жим шүү. Захын нэгэн жишээг дурьдвал  аль хоёр жилийн өмнө өвчтөнүүдээ нүүлгэсэн Түлэнхийн төв буюу бидний нэрлэж заншсанаар Хуучин гэмтлийн барилгыг нураасан ч юм байхгүй босгосон юм ч байхгүй байсаар хэдэн жилийн нүүрийг үзэж, хэзээ ядарч, зовсон иргэдэд үүдээ нээхийг таашгүй болчихоод байна.  

Аль 2012 онд тус барилгыг буулгаж оронд нь олон давхар сайхан эмнэлэг барихаар болж эмнэлгийн эмч, өвчтөнүүдийг “түрээсийн” эмнэлэг рүү шилжүүлсэн. Түүнчлэн өнгөрсөн оны долдугаар сард шинэ Түлэнхийн төвийн зураг төсөл бэлэн болсон. Энэ ондоо багтааж хуучин эмнэлгээ буулгаад, ирэх оны хавар ажил эхлэнэ гэж байсныг сайн санаж байна. Гэтэл тэр өдрөөс хойш хуучин эмнэлгийн нэг тоосгыг ч нураагаагүйгээр барахгүй хуучин эмнэлэг өнөөдөр "архичдын ариун цэврийн өрөө" болчихоод байгааг албаны хүн анзаараагүй бололтой.

Гэтэл сүүлийн хэдэн өдрүүдэд өдөр тутмын сонинуудын онцлох сэдвээр тодорсон Түлэнхийн төвийн хуучин барилгын санхүүжилтийг зогсоож оронд нь Хүүхдийн эмнэлэг барихаар болсон гэх мэдээ чих дэлсэх боллоо. Үнэхээр тус барилгын санхүүжилтийг зогсоосон бол өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс гаргасан мөнгө зүгээр л хэн нэгэн албан тушаалтны халаасыг түнтийлгэсэн хэрэг үү.

За яахав тухайн газар дээр хүүхдийн эмнэлэг барьж болох ч урьдаар Монгол Улсад ганцхан байдаг түлэгдэлт, осголтын гуравдугаар шатлалын тусламж үзүүлдэг эмнэлгээ баривал дээр гэдгийг захын нэг хүн хэлнэ дээ.

Хэрвээ үнэхээр ийм шийдвэр гарсан бол холбогдох хүмүүс тус шийдвэрийг эргэн харж, тухайн дүүргийн Засаг дарга ч анхаарал хандуулахад илүүдэхгүй болов уу.