m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.08 04:49
1239
Р.Эрдэнэболд: 500 гаруй номыг аудио болгоод байна

Хүүхэд байхад манайд 500 гаруй тоотой нүсэр номын сан байсан. Харин 20 гаруй жилийн дараа надад хавтасгүй, хуудас нь дутуу хэдхэн ном л үлдсэн. Харин орчин цагийн хөгжлийн шаардлагаар ном цахим хэлбэрт шилжиж, гар утас, таблет болон зөөврийн төхөөрөмжүүддээ дэлхийн хэмжээний номын санг багтаан явах болсон. Энэ удаагийн "Баялаг бүтээгч" булангийн зочин маань яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нэгэн. Монголын анхны аудио номын студи байгуулсан "VSM" компанийн менежер Р.Эрдэнэболдтой уулзаж, студийн үйл ажиллагаатай танилцсан юм.  

-Монголын анхны аудио номын студи байгуулсан гэж байсан. Хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлэв? 

-Манай компани мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, “Мөнхийн үсэг” компанийн дэргэд байгуулагдаад дөрвөн жил болж байна. Мэйл маркетинг, алсын зайн сургалт, вэб сайт болон утасны аппликейшн хөгжүүлэлт хийдэг.

Энэ хугацаанд хийсэн олон ажлын нэг бол цахим номын сан. bookstore.mn болон azbooks аппликейшнээр дамжуулан Монголын ном, зохиолыг цахим болон аудио хэлбэрээр татаж авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. bookstore.mn цахим номын дэлгүүрээ ажиллуулаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Харин аудио студиэ өнгөрсөн намар байгуулсан. 

-Bookstore.mn цахим номын дэлгүүрт хэдэн ном байгаа вэ?

-Монголын зохиолчдын 2500 гаруй уншдаг, сонсдог ном байна.

-Сонсдог ном хэд байна вэ?

-500 гаруй.

-Ямар зохиолчдын ямар бүтээлүүдийг сонсдог ном болгосон бэ?

-Д.Нацагдорж, Д.Намдаг, Ч.Лодойдамба, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх гэх зэрэг орчин үеийн уран зохиолын төлөөлөл болсон зохиолчдын өгүүллэг, туужийг аудио болгосон. Сонсдог номын аппликейшн   арванхоёрдугаар сард бэлэн болсон. Зөвхөн манай студийн аудио болгосон зохиол бүтээлээс гадна зохиолчид аудио болгосон бүтээлүүдээ манай bookstore.mn-д байршуулж байгаа.

-Зохиол бүтээлийг аудио болгож, нийтэд түгээхэд оюуны өмчийн эрхийн талаар яригдах нь гарцаагүй?

-Бидний зорилт бол бодит номын дэлгүүртэй өрсөлдөхүйц түвшинд аудио болон цахим номыг гаргах зорилт тавин ажиллаж байна. Дээр нь оюуны өмчийн эрхийг нэн тэргүүнд тавьж ажиллаж байгаа. Манай дээр байгаа бүх бүтээл албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цахим болон аудио хэлбэрт шилжсэн номууд бий. Үүнийг хувилан, цааш нь тараах эрсдлийг нь тооцож зохих хамгаалтыг ч хийсэн байгаа.

-Хүмүүс ном сонсож байна уу, энэ бол шинэ ойлголт, шинэ хэрэглээ шүү дээ?

-Тоон үзүүлэлтээр манай аппликейшнийг татсан 200 мянга гаруй хэрэглэгч байна, үүнээс идэвхтэй хэрэглэдэг нь 100 мянга гаруй. Гадаадад байгаа монголчууд нэлээд хувийг эзэлнэ. Бидний хувьд орон зай, цаг хугацааг үл хамаарах цахим ертөнцөд Монголын уран зохиол, бичгийн соёлыг байршуулсан болохоор бахархалтай. Дэлхийн хөгжилтэй зэрэгцэж алхаж байна гэсэн үг. 

Насны хувьд гэвэл хэрэглэгчийн бүртгэл судалгааг харвал залуучууд олон байдаг ч яг идэвхтэй хэрэглэгчид нь 30-40 насныхан байдаг. Бүх насныхан ухаалаг төхөөрөмж хэрэглэж байгаа. Цахим болон аудио номыг бүх төрлийн ухаалаг төхөөрөмж дээр татаад авчихсан тохиолдолд цэнэгтэй л бол хаана ч уншиж, сонсож болдогоороо давуу талтай. Аудио номыг залуучууд илүү хэрэглэдэг, жишээлбэл замын түгжрэлд байхдаа номоо сонсож болдог, давуу тал гэх юм уу даа. 

-Үнийн хувьд ямар байдаг вэ?

-Хэвлэмэл номноос 30-40 хувийн хямд байдаг. Үндсэндээ хэвлэлийн зардал нь хасагдчисан гэсэн үг. Манай Bookstore.mn-ий хамгийн үнэтэй нь 22.500 төгрөг.

-Ямар ном бэ?

-Г.Баясгалангийн “Амаржихуйн гайхамшиг” гээд зөвлөгөөний ном бий.

-Тэгвэл сонсдог номноос хамгийн өндөр үнэтэй нь хэдэн төгрөг байна вэ?

-Д.Пүрэвдоржийн “Галын зээ” 9000 төгрөг.

-Хамгийн хямд нь ямар үнэтэй байна вэ?

-500 төгрөг, үлгэрүүд байгаа. Бүр үнэ төлбөргүй татаж авах боломжтой бүтээлүүд ч бий. Тэгэхээр аудио ном хэрэглэж байгаагүй хүмүүс туршиж үзэх байдлаар үнэгүй номуудыг татаж авч болно. Манай үлгэрүүдийг хүүхдүүд их сонсдог, мэдээж эцэг, эхчүүд нь татаж өгдөг байх л даа. Монгол ардын үлгэр, амьтадын тухай үлгэрүүд гэх мэт сонголт их бий. 

-Ямар нэг бүтээл дээр чанарын талаар яригдах нь гарцаагүй. Танай студи аудио болгон хувиргасан бүтээлүүддээ чанарын баталгаа өгөх үү?

-Монголын анхны аудио номын студи гэдэг утгаараа чанарын хувьд өндөр түвшинд байх тал дээр хангалттай бэлтгэл базаасан. Жүжигчид, найруулагч, студийн баг мэргэжлийн хүмүүс. 

-Хэчнээн уран бүтээлчид ажиллаж байна вэ?

-Студийн техникийн ажилтанууд, дээр нь гэрээт жүжигчидтэй. Тухайн бүтээлд хэчнээн тооны жүжигчид оролцохоосоо хамаарч багаа бүрдүүлээд ажилладаг.

-Дээр үеийн зохиолчдын бүтээлийг аудио хэлбэрт шилжүүлж байгаа гэлээ. Тэгвэл уншигч, сонсогчид шинэ номууд, бестселлер болж байгаа бүтээлүүдийг аудио болгох санал тавьдаг уу? 

-Мэдээж хэрэглэгчид бестселлер болж байгаа, шинэ номуудыг bookstore.mn-д байршуулж өгөөч гэж санал тавьдаг. Ялангуяа гадаадад байгаа монголчуудаас ийм санал их ирдэг. Гэхдээ зохиогчоос эрхийг нь аваагүй тохиолдолд энэ боломжгүй. Одоогоор хэрэглэгчдийн хүсэлтээр Ц.Оюунгэрэл сайдын "Ногоон нүдэн лам", зарим ховор номуудыг цахим болон аудио хувилбарт шилжүүлэх талаар судалж байгаа. 

Зохиолчдод хэвлэмэл номтой нь зэрэгцээд цахим болон аудио хувилбар нь гаргахаар борлуулалт нь буурах вий гэсэн айдас байдаг. Тэгвэл хэвлэмэл номыг авах боломжгүй, номын дэлгүүр орж амжаагүй хүмүүс bookstore.mn-ээс цахим, аудио хувилбараар татаж авдаг. Энэ борлуулалт тухайн зохиолчид орлого болдог. Тиймээс зохиолчдод манайхтай хамтран ажиллаж, технологи өндөр хөгжсөн өнөө цагт хил хязгааргүй цахим ертөнцөд өөрийн бүтээлээ гаргах боломж боломж нээлттэй байгаа. Ухаалаг технологийн хэрэглээ ямар түвшинд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэр бүх хүнд зохиол бүтээлүүдийг хүргэх боломж юм. 

-Сонсдог номын санд 500 гаруй сонголт бий гэлээ. Тэгвэл сонсдог номын худалдааг эхлүүлсэн хагас жилийн хугацаанд ямар ном хамгийн олон сонсогчтой байв?

-Д.Уранбилэгийн "Зүрхэнд туссан нулимс" хамгийн олон хувиар татагдсан. Шүүдэрцэцэгийн зохиолууд байна. 

-Орчуулгын номуудыг аудио болгож байгаа юу?

-Бид үйл ажиллагаагаа эхлүүлээд ердөө хагас жилийн болж байна. Эхний ээлжинд хуучны, ховордсон бүтээлүүдийг аудио болгоод явж байгаа. Дээр нь студид ирж байгаа захиалгат ажлууд явагдаж байна. Төлөвлөгөө, хэрэгцээ, боломж бий. Тиймээс цаашдаа үйл ажиллагаагаа боломжтой хүрээнд өргөжүүлнэ. 

-Тэгвэл шинээр аудио ном гаргаж байгаа гэлээ, ямар ном бэ?

-Өсвөр насныхны дээдэлж сурах долоон зарчим гэж ном бий. Манлайлах урлаг төвөөс гаргасан энэ номыг аудио болгож байна. Тун удахгүй бэлэн болно. 

-Танай студи дэргэдээ бас номын клуб ажиллуулдаг юм билээ. Ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ? 

-bookstore.mn нээгдээд хоёр жил болж байгаа. Ойн хүрээнд "Цахим номын анд" клуб байгуулсан. Гишүүд 14 хоногт нэг удаа цуглаж, нэг зохиолчтой уулзаж, лекц сонсдог. Намраас их дээд сургуулиудын хүсэлтээр тухайн сургууль дээр очиж клубынхээ уулзалтуудыг өртөөчилсөн байдлаар явуулах юм. Өнгөрсөн удаагийн клубын уулзалтад зохиолч, орчуулагч, сэтгүүлч Ч.Дагмидмаа оролцсон. 

Дараагийн уулзалт наадмын дараа болох юм. Тийм болохоор фэйсбүүк хуудсаараа гишүүдээсээ санал авч байгаад уулзалтаа товлон, зочноо урих юм. 

-Студидээ урьж, ярилцсанд баярлалаа.