m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.08 08:21
476
Баяр наадмын түүхээс...

ШУА-ийн Түүхийн хүрээлэн  Б.Баатархүү (Түүхийн ухааны доктор)

Монголчууд 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар 200 гаруй жил Манжийн эрхшээлд байснаас ангижирч, улмаар 1921 онд Ардын хувьсгал ялж, түүний ялалтыг тэмдэглэн Нийслэл хүрээг чөлөөлсөн долдугаар сарын 11-ний өдрийг түүхэн ойн баяр болгон тэмдэглэдэг болсон уламжлалтай.

 Эрийн гурван наадам бол Хүннүгийн үеэс улбаатай бөгөөд Эртний монголчууд туг тахих, цэргийн хүчийг бүртгэн үзэх, байлдаанд орох болон байлдаанаас ирээд сур харвах, хүлэг морьдыг уралдуулах, хүчит бөх барилдуулах зэрэг эрийн эрдмийг голлосон наадам хийдэг байсан. Наадмаа монголчууд баяр цэнгэлийн манлай дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадам гэж нэрлэж байжээ.

 

Тухайлбал, Чингис хаан 1219-1224 онд Хорезм улсыг байлдан дагуулахад Баруун Алтайгаар давж, буцахдаа Алтайн Эрчис мөрөнд саатаж цэрэг, агт морьдоо амраан Алтай дамнан нутаглах Урианхайчуудад нуман тамгыг шагнан олгож, Урианхай сурын харваа үүссэн гэдэг түүхтэй. Алтайн урианхайн сур харваа хэрхэн бий болсонтой холбоотой нэгэн домогт: “Чингис хаан алс хол газарт хийсэн аян дайнаа дуусган эх нутгийнхаа зүг хүлгийн жолоо залан ирж явах зуураа өвс ус тэгш сайхан “Сундайлин” гэдэг газарт саатан хол замын алжаалаа тайлан суухдаа өөрийн итгэлт есөн өрлөгийн нэг урианханы Зэлмэ жанжинг дуудан “Миний шалгарсан эрэлхэг дайчин эрс болон хүлэг морьдыг амраах арга ол” гэжээ. Зэлмэ жанжин удаан бодсоны эцэст нэгэн арга олж гэнэ. Тэрээр бүх морьдын чөдөр тушааг тайлан ташаанд нь нуман тамга дарж

“Бутын өвс идэж булагнаж яв

 Давын өвс идэж далагнаж яв” гэж суллан тавиад цэрэг эрсийн сумны зэвийг бораагаар (болцуу) сольж, морины чөдөр, тушаа, хазаар, ногт зэргийг бөөрөнхийлөн зангидаж тусгай талбай засан түүн дотроо жагсаан өрж харван өрсөлдөх тоглоомыг тоглуулжээ. Тэр тоглоом Чингис хаанд ихэд таалагдаж тэр цагаас хойш урианхайн сурын харваа үүссэн” хэмээн өгүүлдэг. Эрийн гурван наадамд зонхилох суурийг бөхийн барилдаан эзэлнэ. Монгол бөх зөвхөн барилдахад л мэх овсгоотой бусад үед нь хүчийг нөөж үргэлжийн сургууль хийж байсангүй. Харин тэдэнд жин тээх, эмнэг хангал сургах, ачаа ачих, ан гөрөө хийх, нүүдэл хийх зэрэг нь байнгын бэлтгэл сургууль болсоор иржээ.

            Халх монголчуудын бөхийн барилдах журам нь бие, өвдөг, тохойг газарт хүрвэл унасанд тооцдог. Харин ойрад монголчуудын барилдаан болох "Бух ноололдоон"-ы журам нь нэлээд өөр байсан. Энд бөхийн давсаныг шийдвэрлэхэд нэг бөх нөгөөгөө хоёр далаар нь газар хэвтүүлэн хаяад хөдөлж, эргэж чадахааргүй болтол (далыг шороодох) хүчээр дарж чадвал давсанд тооцдог.

 

Даншигийн наадамд голдуу 1088 бөх барилдуулж 11 давж түрүүлсэн бөхөд арслан, үзүүрлэсэн бөхөд заан цол олгодог байжээ. ХХ зууны эхэн үед босоо Шагдар, Дампил, Шаравжамц, Дашдоной, Ламжав, Мөрцэрэн, Буянтогтох зэрэг сайн бөхчүүдийн халааг Ардын хувьсгалын эхний жилүүдэд Вандан аварга, Жамъян аварга, босоо Самдан, Аюур, Дампил, Жамба нарын сайн бөхчүүд байжээ.

            Монголчууд зөвхөн ойн баяраар жилд ганц удаа наадам хийх биш, туг тахих, уул овоо тахих зэрэг аливаа олон чухал үйл явдлыг тохиолдуулан эрийн гурван наадмаа хийж баярлалдан цэнгэдэг байсан. Архивын баримтанд тэмдэглэгдсэн зарим наадмын тухай баримтаас өгүүлье.

            1922 оноос Цэргийн Явдлын Яам (ЦЯЯ)-ны их жанжин тугийг Баянзүрх уулын хамт, хөдөөний хороо ангиудын тугийг тухайн нутгийн тахилгатай уулын хамт тахиж, Цэргийн наадам үйлдэж байсныг архивын баримт нотолж байна. Тухайлбал, ЦЯЯ-наас Ардын Засгийн газарт явуулсан бичигт, энэ 1922 оны зургадугаар сарын 27-ноос эхлэн Их жанжин туг ба олон цэргийн хороодын тугийг тайж гурван өдөр наадам үйлдэхэд яамд болон бусад газрын албан хаагчдад чөлөө олгож болох эсэхийг лавлажээ.

            ЦЯЯ-наас 1923 оны зуны эхэн сард мөн яамны Их жанжин туг ба олон цэргийн хорооны тугийг Баянзүрх уулын хамт тайх гурван зүйлийн наадам хийх өдрийг зурхайч нараар сонгон үзүүлэхэд зуны сүүл сарын арван, даваа гариг, улаагчин тахиа өдрийн морин цагт сайн хэмээн буусан байна.

            Богд хан, Хан Хэнтий уулыг тайх үед аймаг хошуудаас үлэмж эрийг зарлан ирүүлж, 15 хоногийн хугацаатай сур харвуулан бөмбөг намнуулдаг байсан бөгөөд үүнийг ЦЯЯ-наас эрхлэн гүйцэтгэж байжээ. 1923 оны Богд Хан уулын тахилгын наадамд Түшээт хан, Сэцэн хан аймаг, Их шавиас хошоод баг харваачдыг зарлан ирүүлж, зургаан баг болгон харвуулж байжээ.

 

            Ардын засаг төр бэхжиж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглан цэрэг, ард энх төвшнөөр цэнгэлдэх болсон тул Их жанжин туг ба олон хороо ангийн тугийг Баянзүрх уулын хамт тахиж, эрийн гурван наадам үйлдэх явдлыг улам дэлгэрүүлж, цэрэг ардыг цэнгэлдүүлэх шаардлагатай хэмээн үзэж 1925 онд хуралдсан Улсын II бага хурлаас Богд хан, Хан Хэнтий уулын тахилгын наадмыг цэргийн наадамтай хамтатгах шийдвэр гаргажээ.

            1925 онд Их жанжин туг ба олон хороо ангийн тугийг тахиж, цэргийн наадам үйлдэх сайн өдрийг зурхайчаар үзүүлсэнд аргын улирлын наймдугаар сарын 3-ны даваа гариг, шороон хонин өдрийн туулай, могой цагт сайн гэжээ. Ийм учраас ЦЯЯ-наас 136 бөх, азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн насны морь уралдуулж, найман баг харваачдыг таван аймагт хуваарилан гаргахаар шийдвэрлэж байжээ.