m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.15 07:41
105
Цагдаагийнхан өвсөнд ороогоод ч мал иддэггүй, өөхөнд ороогоод ч нохой шиншлэхгүй болчих вий

Цагдаагийнхан шинэ хувцсаа өмссөн өдрөөс л энэ мэт онигоо гарав. Замын цагдаа албан үүргээ гүйцэтгэж байгаад дүрэм зөрчсөн нэгэн жолоочийг зогсооход “Чи цагдаа мөн гэж үү. Жинхэнэ цагдааг дуудаад хууль зөрчсөн чамайг бариад өгчихнө шүү” гэсэн гэдэг. Олны дунд загасчид хэмээн хочтой болсон цагдаагийнхны хувцас олон нийтэд төдийгүй цагдаагийнханд ч таалагдахгүй, өмсөхөд таагүй байгаа юм билээ. Хар хэрээ, загасчид, нормын ажилтан гэх мэт нэр хоч зүүж, олны элэг доог болж буй цагдаагийнханд түүнээс илүү ичих үйл явдал өнгөрөгч шөнө боллоо. Баянгол дүүргийн ялангуяа III, IV хорооллын орчим гар чийдэн барьсан баахан цагдаагийнхан алхаж байгаа харагдав.

 

Хүүхдийн тоглоомын талбайг нэгд нэгэнгүй үзэж, шалгаж байгаагаас жирийн хэрэг гараагүй бололтойдог. Нэлээд ноцтой асуудал үүссэн болох нь тодорхой. Учрыг тодруулж асууваас цагдаагийн нэгэн ажилтныг барьцаалсан хэрэг гарсан аж. Энэ хэрэг Хан-Уул дүүрэгт гарч, гэмт хэрэгтэн Баянгол дүүргийг чиглэсэн гэх мэдээллийн мөрөөр самналт хийж буй нь тэр аж. Лавлаад байх нь ээ нөгөө барьцаалсан этгээд жирийн нэгэн иргэн байсан байх юм. Түүнд байлдааны зориулалттай гэх буу байсан аж. Ажилладаг эсэхийг бүү мэд тэр буугаа гарган “Ална, буудна” гэж сүрдүүлсээр нэгийг нь аваад явсан байх юм. Хальт сонсоход нэгэн танхай нөхөр буу гаргаж хүн айлган сүрдүүлсэн үйлдэл мэт боловч лавшруулаад харвал энэ Монголын цагдаагийн үнэн дүр төрхийг илтгээд байна. Их хэмжээний мөнгө бусдаас залилсан нөхөр юмсанж, буу тулгасан нь. Түүнийг саатуулахаар очсон цагдаагийн ажилтан адаглаад нэг удаагийн хэрэгсэл болох гав, бороохойгоо яасан хэрэг вэ. Хоёул хоёулаа байж нэг хүний барьцаанд ороод явж байх цагдаагийн ажилтан гэж байх у. ЦЕГ-аас энэ талаар тодруулсан боловч “Цагдаагийн ажилтан хүнд барьцаалагдана гэдэг байж болох хэрэг үү” гээд тийм зүйл болоогүй гэж байна лээ. Аргагүй шүү дээ, ийнхүү нуух нь. Буу тулгасан хүн нь олуулаа, бүлэг, рецетив гэмт хэрэгтэн байсан бол барьцаалсан гэж хэлж болох талтай. Харин гудамжинд явсан нэгэнд барьцаалагдсан гэвэл энэ нь нийгэмд ямар ойлголт өгч, цагдаагийн нэр хүнд бас унах учир ийн сэрэмжилж байгаа хэрэг байх. Гэхдээ бодит үнэн бол дээр өгүүлсэн явдал юм. Аливаа нэг байгууллагын удирдлага, дарга нарыг буруутгах санаа зорилго байсангүй. Гагцхүү Монголын цагдаа өнөөдөр ямар байдалтай ажил үүргээ гүйцэтгэж буйг энэ үйл явдал харуулллаа. Цагдаагийн ажилтан өмссөн хувцаснааса өөр үзүүлэх зүйлгүй, гэмт хэрэгтний өмнөөс хамгаалах хэрэгсэлгүй л явна. Тангараг өргөж, “Монгол төрийн чимэг цагдаа” хэмээн цээжиндээ дуу аялан яваа эрчүүд маань үхлийн өмнө гар хоосон л зогсож байна. Хэрвээ буу тулгасан залуу буудсан бол яах байсан бол...Цаг бусаар нэгэн сайхан залуу энэ хорвоог орхиж, аав, ээж, ах дүү, хайртай хань, үр хүүхэд нь насан туршдаа энэлэн шаналан үлдэх байсан.

Хээр талд адуу малаа хайж буй малчныг санагдуулам цагдаагийн ажилтнуудын тусгаж буй гар чийдэн нь таван алхмын цаадахыг ч гэрэлтүүлэхгүй байна билээ. Харанхуй шөнөөр тийм багаж хэрэгсэлтэй юу олох гэсэн юм бол. Цагдаад бид яагаад анхаарал хандуулж, ийнхүү бичих ёстой гэж. Зарим нэг нь хүний мууд дуртай гэж бодож байж болно.  Цагдаагийн ажил, үйл хэрэг та бидний аюулгүй амьдрахтай салшгүй холбоотой учир ийн бичиж байгаа хэрэг. Тэд сүр хүчтэй, хангалттай багаж хэрэгсэлтэй байж гэмээнэ бидний амар тайван амьдрах нөхцөл бүрдэнэ. Монгол эрчүүдийн нэгээхэн хэсэг нь энэ албанд хүчээ өгч буй. Тийм ч учраас тэд сүр хүчтэй байгаасай хэмээн олон нийт хүсэж буй. Монголын нүүр царайны нэгээхэн хэсэг болсон цагдаагийн сүр хүчийг техник хэрэгсэл, ажилтнуудын ур чадвараас гадна дүрэмт хувцас нь илтгэдэг гэдгийг олон хүн хэлэх байх. Амьсгалдаг гэх шинэ хувцсыг дарга нарт нь  л тараасан бололтой . Албан үүргээ гүйцэтгэж буй ажилтнууд шинэ хувцасныхаа нано чанарыг мэдрээгүйгээс гадна халуунд амьсгал нь тавчдаж буйгаа хэлнэ лээ. Салбарын сайдаас үл хамааралгүйгээр цагдааг дотроосоо мөн ч их оролдож, ухаж, түнхэж байна. Ингэсээр байгаад өвсөнд ороогоод ч мал иддэггүй, өөхөнд ороогоод ч нохой шиншлэхгүй алба болгочих вий.