m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.09 02:52
390
Д.Гэрэлмаа: Хүүгээ 20 гаруйхан насандаа гавьяат жүжигчин болоход нь би итгээгүй

Манай сайт "Ижий" буландаа энэ удаа Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн ээж Д.Гэрэлмааг урьж, ярилцлаа. Дэлхийн шилдэг найман балетчины нэг, Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж яваа залуухан гавьяатын ээжтэй уншигч таныг уулзуулья. 

-Хүү тань дэлхийд данстай бүжигчин болсон. Ихэнх хүмүүсийг ээж нь амжилтад хөтөлсөн байдаг. Та хүүгээ урлагийн замд хөтөлсөн үү? 

-Аав нь Ховд аймгийн Хөгжимт бүжгийн драмын театрын бүжиг дэглээч, МУГЖ Б.Дугараа гэж хүн байсан. Алтанхуягийг аав нь бүжигчин болгосон. Багадаа их  хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байлаа. 3-4 настай байхдаа л зурагтаар гарч байгаа бүжгийг дуурайж бүжиглэдэг байсан. Тийм болохоор аав нь бие биелгээ зааж өгсөн. Цэцэрлэг, бага ангидаа урлагийн үзлэг алгасахгүй оролцоно. 1-2 дугаар ангид байхаасаа л аав нь театрынхантайгаа баруун аймгуудаар урлагийн бригадаар явахад нь цуг явж, тоглолтод ордог байсан.

Тэр үедээ аймгаас шалгарч, Улаанбаатарт болдог Бүх ард түмний урлагийн үзлэгт ирж оролцож байсан. Гуравдугаар ангид байхдаа Монгол туурагтны язгуур урлагийн тэмцээнд оролцоод, хүрэл медаль авсан.

-Уг нь чамгүй сайн бие биелгээчин болох байж дээ?

-Аав нь бүжгийнх нь авьяасыг хөгжүүлэх гэж дөрөвдүгээр ангид орох жил нь хот руу дагуулж яваад Хөгжим бүжгийн коллежид оруулсан. Уг нь монгол бүжгийн ангид оруулах гэтэл тэр жил зөвхөн сонгодог бүжгийн ангид элсэлт авч байсан болохоор аав нь “Юутай ч сонгодог бүжгийн ангид орж бай, яваандаа монгол бүжгийн анги руу шилжүүлнэ” гээд оруулсан байсан.

-Монгол бүжгийн анги руу оролгүй, балетийн бүжигчин болсон нь оносон байх нь?

-Анхнаасаа сонгодог бүжгээр явсан болохоор ангиа солилгүй, тэр чигээрээ балетийн бүжигчин болсон. Аав нь ч ангийг нь солиулна гэж шавдуулаагүй.

а ямар мэргэжилтэй вэ?

-Кино механикч. 1997 он хүртэл Ховд хотын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит кино театрт мэргэжлээрээ ажилласан. 

-Хоёулаа урлагийн хүмүүс учраас  хүүгээ ХБК-д оруулах гэж Ховдоос Улаанбаатарыг зорьж иржээ

-Тэгэж хэлж болно.

-Танайх хэдэн хүүхэдтэй, Алтанхуяг гавьяатаас өөр урлагийн хүн бий юу?

-Гурав. Бага хүү маань хуульч, харин охин маань багш. 

-Анх хүүгээ тайзан дээр бүжиглэж байхыг нь хараад юу бодогдсон бэ?

-ХБК-д сурч байхдаа ДБЭТ-ын тайзнаа бүжиглэж, тэр үед аавтай нь хамт үзэж билээ. Аав нь тоглолтын дараа "Овоо юм суржээ" гээд сэтгэл их өндөр байсан шүү. Хоёулаа бүжигчин болохоор ч тэр үү, аав, хүү хоёрын дунд заримдаа дэврүүн яриа өрнөдөг байсан. Алтанхуяг аавдаа "Би урлагийн хүн болж, бүжиглэж байгаад тайзан дээрээ өөд болно" гэж ярьж байсан удаатай. Хүү маань ярьж байсан шигээ л урлагийн хүн болсон доо.

-Дөрөвдүгээр ангидаа хотод ирсэн юм байна. Анхандаа гэрээ санаж байна, харьмаар байна гэж ярьдаг байсан уу?

-Гэрээ саналгүй яахав, гэхдээ сургуулиа орхих талаар ер ярьж байгаагүй. Хичээл амрангуут л тухайн үеийн шуудангийн ЗИЛ-130 машины ачаан дээр суугаад хүрээд ирнэ. Бид хоёроос илүү эмээ, өвөөгөө санадаг байсан байх. Хотоос ирээд гэртээ 2-3 хоноод л хөдөө өвөөгийнх рүүгээ явчихдаг.

-Дунд сургуульд байхдаа тэмцээн уралдаанд их оролцдог байсан биз. Хол байсан болохоор та яаж дэмждэг байсан бэ?

-Нэгдүгээр ангид байхдаа Язгуур урлагийн наадамд оролцож, алтан медаль аваад ирсэн юм. Би нэг их юм хэлсэнгүй, тэгсэн манай хүн орой гэртээ ирээд "Хүүхэд алтан медаль аваад ирэхэд ийм тоомжиргүй байж болж байгаа юм уу" гээд зэмлэж билээ. Тэр үед ажилдаа дарагдаад хүүхдүүдтэйгээ ойр байдаггүй байж дээ гэж одоо боддог юм.

Ер нь манай хүн хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаардаг, надаас илүү хамт байдаг байсан. Би аймгийнхаа кино театрын суурин механикч болохоор өдөртөө 15.00, 17.00, 19.00, 20.30 цагуудад киногоо гаргаад, үдэш 24.00 цагийн орчимд л гэртээ ирнэ. Хүүхдүүдийнхээ эцэг, эхийн хуралд ч ховор суусан даа. Манай хүнийг өнгөрсний дараа өвөө нь энэ хэдийг хүн болгосон. Би хувиараа ажил эрхлээд тун завгүй байдаг байсан даа. 

Алтанхуягийн оролцсон анхны олон улсын тэмцээн нь Болгарт болсон. Тэмцээний замын зардал гэж тухайн үедээ л овоо мөнгө нэхэгдлээ. Тэр хэмжээний мөнгө бэлэн байгаагүй. Тиймээс эхлээд орон нутгийнхаа удирдлагуудад хандаж үзье гэж бодоод орсон. Хүнээс юм гуйх их эвгүй байсныг хэлэх үү, бүтэлтэй юм ч болсонгүй. Тэр тэмцээний зардлыг ах дүү нараасаа цуглуулаад, өөрт байгаатайгаа нийлүүлээд бүрдүүлж байлаа. Хүү маань Болгарын тэмцээнээс тусгай байрын шагнал авсан. Тэрний дараа Америк явах боллоо, замын зардал нь гурван сая төгрөг гэж Дашлхагва багш хэлж байсан. Хувиараа ажил эрхлээд тодорхой орлоготой байсан ч гурван сая төгрөг гар дээр байгаагүй. Дөнгөж байшин авсан байснаа зардаг ч юм уу гэж бодож байсан. 

Гэхдээ бурхан харсан юм уу, ажил их хурдан бүтээд сарын дотор зардлын мөнгийг нь цуглуулаад, ойр зуур хэрэглэх мөнгө халаасанд нь хийж өгөөд Америк явуулсан. Тэр тэмцээндээ амжилтай оролцож, АНУ-д суралцах эрх авсан юм. Тэмцээний дараа Монголд ирчихээд, буцаад сургуульдаа явах гэтэл виз нь гараагүй. Гэхдээ Алтанхуяг шантраагүй, үргэлжлүүлж бэлдсээр байгаад Япон руу тэмцээнд явж, Азийн аварга болсон. Тэрнээс хойш тэмцээн, уралдаанд орох зардлаа өөрөө зохицуулдаг болсон байх шүү. 

-Хүүхэд байсан ч гэлээ гадаад руу тэмцээнд яваад ирэхдээ ээждээ бэлэг бариад л ирдэг байсан байх даа?

-Харин тийм ээ. Явсан газар бүрээсээ л нандин, чамин бэлэгтэй ирдэг юм. Багын зан нь, гуравдугаар ангид байхдаа Халимаг руу тэмцээнд яваад ирэхдээ өвөөдөө бохь, жижиг шилтэй архи, эмээдээ зүрхний дусаалга авчирж өгсөн юм. Өвөө нь тэр үед баярлаад сүйд. Арай гэж зардлыг нь төлөөд явуулсан Болгарын тэмцээнээсээ ирэхдээ индүү, хөгжим бариад ирж байсан. 

-Хүүгээ “Мундаг бүжигчин болж дээ” гэж хэзээ бодов.  Амжилт нь олон улсад үнэлэгдсэн гэдэг мэдээг анх сонсоод ямар мэдрэмж төрсөн бэ?

-Анх Азийн аварга болоход их баярлаж байсан. Манай хүү их шүтлэгтэй, тэмцээн болохын урьд орой нь лам дээр очоод ном уншууллаа. Хаа байсан Японд тэмцээнд оролцож байгаа хүүгээ өөрөөр яаж дэмжих билээ дээ. Миний хийж чадах юм тэр л байгаа юм чинь. Харин маргааш өглөө нь утсаар яриад “Алтан медаль авлаа” гэж ярихаар нь тоглоом хийлээ гээд зэмлээд өнгөрсөн юм. 

-Хүүгээ олон улсын тэмцээнд түрүүлээд, алтан медаль авлаа гээд ярихад нь итгээгүй хэрэг үү?

-Өөрөө хэлэхэд нь итгээгүй, гэтэл орой нь зурагтын мэдээгээр гарсан. Тэр битгий хэл, Монгол Улсын гавьяат жүжигчин болох гэж байна гэхэд нь итгээгүй юм. Улс тунхагласны баярын урд өдөр Ховдоос наашаа машинаар ирж байлаа, манай Ховд чинь 1600 км зайтай. Замд явж байхад хүү утсаар яриад "Маргааш 11.00 цагт Төрийн ордонд гавьяат жүжигчний цол, тэмдэг гардуулна гэнэ ээ, ээжээ" гээд ярихаар нь "За хүү минь, хамаагүй юм ярьж болохгүй. Алтангадас одон авах байлгүй" гэлээ. Гавьяатын тэмдэгээ зүүгээд гараад ирэхэд нь л итгэсэн. 

-Алтанхуяг гавьяат тийм наргианч юм уу, танаас "Битгий тоглоом хийгээд бай" гэдэг үгийг нэг биш удаа сонссон юм байна?

-Үгүй л дээ. Азийн аварга болохдоо 20 настай байсан. Гавьяат цол авахдаа хүү маань дөнгөж 23 настай байсан юм. Жаахан юм шиг л санагдаад байсан хэрэг. Аав нь гавьяатын шагналд тодорхойлогдсон ч олон удаа хойшлогдож байж 1989 онд авсан юм. Тийм болохоор ч тэр үү, хүүгээ ердөө 20 гаруйхан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин болно гэхэд нь үнэмшээгүй. 

-Та хүүгийнхээ тоглолтуудыг байнга үздэг үү?

-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн өвөл Америкаас ирж тоглолт хийхэд нь Ховдоос ирж үзчихээд буцсан. Ер нь тоглолтуудыг нь алгасахгүй үзэхийг боддог. Би насаараа Ховдод амьдарсан хүн, анхандаа ч балет үзэхээр тийм ойрхон санагддаггүй байсан. Гэхдээ “Хунт нуур” үзээд дуртай болсон.

-Хэзээ “Хунт нуур” бүжгэн жүжгийг үзсэн юм бэ?

-Хүүгийнхээ тоглолтыг л үзэх гэж ДБЭТ орно. Алтанхуяг ХБК-д байхдаа "Хунт нуур"-т бүжиглэсэн. 

-Одоо бол хүү тань эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа бүжигчин. Монголоос өөр улсын тайзнаа бүжиглэж байхыг нь үзэв үү?

-Япон, Америк, Германд очиж тоглолтыг нь үзсэн. Гаднын үзэгчид өндөр сэтгэгдэлтэй хүлээн авч байгааг нь хараад баярлаж, бахархалгүй яахав.

-Хүүгээ тайзан дээр бүжиглэж байгааг нь харахаар бахархах сэтгэл төрөх нь гарцаагүй. Тэр үед юу бодогддог бол?

-Манай хүн монгол бүжиг дэглээч ч гэлээ сонгодог урлагийг сонирхдог байсан. Хүүгээ хараад аавынхаа мөрөөдлийг биелүүлсэн дээ гэж боддог юм. 

-Өнгөрсөн долоо хоногт болсон “Night of Modern 2014” тоглолтыг нь үзсэн үү?

-Үзсэн.

-Гурван хүүхэд тань эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, амжилттай явна. Тэгэхээр залуу эцэг, эхчүүдэд хүүхэд хүмүүжүүлэх талаар ямар зөвлөгөө өгөх бол?

-Түрүүн хэлсэн дээ, би ажил ихтэй байсан болохоор хүүхдүүдийнхээ эцэг, эхийн хурал цөөхөн суусан гэж. Хүүхдүүдээ “Хичээлээ сайн хий” гэж шаарддаг байсан.

Би залуудаа их сургуульд элссэн боловч сурч чадаагүй юм. Тиймээс хүүхдүүдэдээ сурах бүх боломжийг нь бүрдүүлж өгнө гэдэг бодолтой явсан. Манай хүүхдүүд мэргэжлийнхээ сонголтыг өөрсдөө хийсэн, би дэмжсэн.

 

-Манай урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа. Танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье.