m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.15 08:12
61
Олон улсын гандболын цомын тэмцээн Монголд анх удаа болж байна

Монгол Улсад анх удаа олон улсын “IHF TROPHY” гандболын тэмцээн зохиож буй талаар өмнө нь бид мэдээлсэн. Тус тэмцээний нээлт өнөөдөр” Буянт-Ухаа” спортын цогцолборт нээлтээ хийлээ. Тус тэмцээнд Зүүн ази болон Зүүн өмнөд азийн зургаан орны арван багийн 200 орчим тамирчин оролцохоор ирлээ. Тэмцээний нээлтэд ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал, Монголын гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан,  Азийн гандболын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн Гульнара Турлиханова нар оролцонтамирчид, шүүгч, үзэгчдэд баяр хүргэж үг хэлсэн юм. Азийн гандболын холбооны шүүгч, сургагч багш Ли Зи Вен, Золтан Маркзинка, Тэржа Антонсон нар хүндэт зочноор иржээ.

 

ССАЖЯ-ны Дэд сайд Н.Түмэнжаргал

“Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа болж байгаа Олон улсын гандболын холбооны цомын тэмцээнд хүрэлцэн ирсэн нийт тамирчиддаа баярлалаа. Энэхүү тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг олгож бидэнд итгэл, хүндэтгэл үзүүлсэн Олон улсын гандболын холбоонд ССАЖЯ, тэмцээнийг зохион байгуулагчдын өмнөөс чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье. Тэмцээнийг амжилттай явуулахын тулд Монгол Улсын Засгийн газар 2014 онд 325 тоот тогтоолоор ССАЖЯ, Монголын гандболын холбооны зүгээс ихээхэн хичээл зүтгэл гаргаж бэлтгэл хангаснаа хэлэх нь зүйтээ болов уу. Тэмцээнийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүстээ талархсанаа хэлмээр байна. Азийн төлөөлөл болон ирсэн залуу тамирчиддаа тэмцээндээ амжилттай оролцохыг хүсье” гэж ССАЖЯ-ны Дэд сайд Н.Түмэнжаргал хэлэв.

Азийн гандболын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн Гульнара Турлиханова

Азийн гандболын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн Гульнара Турлиханова“Энэ жилийн  Олон улсын гандболын цомын тэмцээн Монгол Улсад анх удаа болж байна. Зүүн, Зүүн өмнөд азийн залуу тамирчдын тоглолтыг энд үзэх гэж  байгаадаа миний сэтгэл өндөр байна. Олон Улсын гандболын холбооны төсөл болох энэхүү тэмцээн болсноор улс хоорондын холбоо сайжирч, тамирчдын ур чадвар сайжрах, зохион байгуулагч орныг сурталчилах олон давуу талтай юм. Эрхэм хүндэт үзэгч, тамирчид, дасгалжуулагч нартаа өндрөөс өндөр амжилт хүсэж баяр хүргэе” гэв.

Монгол Улсын төрийн далбааг залах хүндэтгэлийн арга хэмжээ:

Тэмцээнд оролцогч шүүгчид, тамирчдын тангараг өргөх ёслол боллоо

Тэмцээнийг үзэж сонирхохоор “Буянт-Ухаа”-гийн ордонд тус спортоор хичээллэгч тамирчид, хүүхэд залуучууд ихээр цугласан байлаа.

Тэмцээнийг нээж үг хэлсний дараа “Хөгжим бүжгийн коллеж”-ийн цахиурын чуулга, морин хуурын чуулга, бүжигчид урлагийн тоглолтоо хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд сонирхуулсан юм.  Тэмцээний эхний тоглолт 14:00 цагаас Монгол-Вьетнам эмэгтэй багуудын тамирчдын тоглолтоор эхэллээ. Тэмцээн энэ сарын 19-нд өндөрлөж аваргуудаа тодруулах юм.