m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.10 01:33
413
"Салхинд туугдагсад" киногоор алдаршсан Вивьен Лигийн амьдрал уран бүтээлээс

Энэтхэг улсын Даржилинг хотод төрсөн англи гаралтай оскарын хоёр удаагийн шагналтан алдарт Вивьен Ли нэрээр алдаршсан жүжигчин Вивиан Мэри Хартлигийн амьдрал, уран бүтээлийн талаар  “Гэрэл зураг түүх өгүүлнэ” буландаа сонирхуулахаар бэлдлээ. Тэрбээр Скарлетт О’Хара “Салхинд туугдагсад”, Бланш Дю Буа “Хүслийн троллейбус” зэрэг дүрүүдээрээ алдаршсан байдаг.

Алдарт жүжигчин Энэтхэг улсын Даржилингэд төрсөн юм. Түүний ээж Энэтхэгийн армид алба хашиж байсан Их Британийн офицерын гэргий Гертруда Хартли юм. Тэрбээр жирэмсэн байх хугацаандаа өглөө бүр сүрлэг Гимилаин уул руу харан түүний үзэсгэлэн гоог охиндоо шингээн авдаг байсан гэдэг. Вивьен 1913 оны арваннэгдүгээр 5-нд төрсөн юм. Өнөөг хүртэл тэрбээр холливудын алтан үеийн түүхэнд хамгийн үзэсгэлэн төгс жүжигчдийн нэгд тооцогддог. 

 

 

Энэтхэг улсын үзэсгэлэнт байгалтай Даржилингэд төрсөн бяцхан Вивиан даруй Их Британи руу буцах ёстой байжээ. Гэвч Дэлхийн нэгдүгээр дайн эхэлж, тэрбээр зургаан нас хүртлээ Энэтхэг улсад суурьших болсон байна. Лондонд ирснийхээ дараа түүний ээж Гертруда охиноо католик шашны сургуульд оруулсан юм. Тус сургуульд түүнээс хоёр насаар эгчмид охидууд суралцдаг байжээ. 

 

 

 

Сургуульд суралцах хугацаандаа Вивьен мэргэжил нэгт нөхөр болох Морин О’Салливантай танилцан үерхэж эхэлсэн байна. Энэ үед тэрбээр жүжигчин болох тухайгаа найз охидууддаа ярьдаг байжээ. 

 

 

Дунд сургуулиа төгсөөд тэрбээр Лондонгийн хатан хааны нэрэмжит драм урлагийн академид элсэн оржээ. Түүний энэ саналыг эцэг эх нь мөн дэмжсэн байна. Академид суралцах хугацаандаа тэрбээр Херберт Ли Холман хэмээх хуульчтай гэр бүл болж байсан юм. Ли түүнээс даруй 14 насаар ах байсан ба жилийн дараа тэд Сюзанна хэмээх охинтой болсон байна. Гэвч тэдний амьдралын үзэл бодол нийлээгүй нь улмаас хожим нь хоёр тийш болжээ. 

 

 

 

Түүний урлагийн гараа нь нэрээ солихоос эхэлсэн юм. Гараагаа эхэлж буй залуу жүжигчин Вивиан нэрнийхээ нэг үсгийг сольж, анхны нөхөр Херберт Ли Холманы “Ли” овгийг авч Вивьен Ли болсон байна. 

 

 

 

1938 онд Вивьен жүжигчин Лоуренс Оливьетэй нэр холбогдож эхэлсэн байна. Вивьен түүнийг харсан даруйдаа ухаангүй дурлаж, түүнтэй гэрлэнэ хэмээн тангарлаж байжээ. 

 

 

Энэ үеэс эхлэн тэрбээр Оливьены тоглосон жүжиг бүрийг үзэж сонирхох болсон байна. Түүний хэлснээр таван жилийн дараа тэд гэр бүл болж байжээ. 

 

 

 

Нэгэн удаа Вивьен Лоуренстэй уулзахаар холливуд дахь түүний зураг авалт рүү очсон юм. Энэ үед тэрбээр зураг авалтын талбайд алдарт ах дүү Селзникүүдтэй танилцаж байна. 

 

 

Тэд “Салхинд туугдагсад” киноны гол дүрд тоглох жүжигчнийг хайж байжээ. Түүний  харсан ах дүү найруулагчид Вивьеныг гол дүрдээ сонгосон байдаг. Ингээд тэрбээр бүтэн жилийн хугацаанд сунжирсан тухайн үеийн хамгийн их өртөгтэйгөөр бүтсэн алдарт "Салхинд туугдагсад" киноны гол дүрийг бүтээхээр болсон байна.

 

 

 

 Уг киноны ачаар тэрбээр холливудын хамгийн алдартай жүжигчдын эгнээнд багтсан юм. 

 

 

 

Вивьен Лоуренс нар 1940 оны зун Санта-Барбара хотод хуримаа хийжээ. Тэд хамтдаа 20 жил амьдарсан ч хоёр тийш болсон. Адармаатай амьдралын салалт Вивьенд хүндээр тусаж тэрбээр “Би амьдралдаа олон зүйлийг тэвчиж, туулж ирсэн ч миний амьдралын хамгийн хэцүү үе бол Оливьегүй байх байлаа” хэмээн хэлсэн байдаг. 

 

 

Тэдний салах болсон гол шалтгааны нэг нь тэнгэрт тулсан Вивьены алдар нэр хэмээн үздэг. Вивьен урлагт бүхий л сэтгэл зүрхээ зориулдаг байсан бол Оливье урлагийг мөнгө олох хэрэгсэл хэмээн үздэг байсан гэдэг. Түүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэргэжил нэгт хосыг харьцуулан Вивьеныг илүү магтддаг байсан нь Оливьеийг бухимдуулах болсон байна. 

 

 

Өөр нэгэн шалтгаан бол Вивьены олон жилийн турш сүрьеэ өвчнөөр шаналж байсан нь юм. Удаа дараа эмчилгээ хийлгэсний улмаас түүний сэтгэцэд нөлөөлж, амьдралын баяр баясгалантай, эрч хүчтэй Вивьен сэтгэл санааны хямралд орох болжээ. Түүний сэтгэлийн хямралаас залхсан Оливье залуу жүжигчин охид руу нүд унагаах болсон байна.  

 

 

1950 онд сүрьеэг өвчнөөр идэгдэж байсан Вивьенд ажиллахад улам хэцүү болж ч бүр мөсөн унахынхаа өмнө алдарт жүжигчин “Хүслийн тройллебус” киноны Бланш ДюБуагын дүрийг бүтээсэн юм. Тус дүрээр тэрбээр хоёр дахь удаагаа гол дүрийн номинацад оскарын шагнал хүртэж байжээ. 

 

 

Холливудын домогт жүжигчний тоонд ордог тэрбээр холливудад дөнгөж 20-оод дүр бүтээсэн байдаг байна. Уран бүтээлийнхээ ихэнх хэсгийг тэрбээр театрт өнгөрүүлсэн байдаг аж. Өвчний улмаас хүнд эмчилгээнд хамрагдаж байсан ч сүүлийн жилүүдэд хүртэл кино урлагтай салшгүй холбоотой байсаар байна. Өвчний улмаас алдарт жүжигчин 1967 онд таалал төгсчээ.