Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2024.04.23 10:48
1045
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн отгон дүү У.Отгонбаяр УИХ-ын сонгуульд Зүүн бүст нэр дэвшихээр болжээ. МУИС-ийг улс төр судлаачаар төгсч, Австралид мастераа хамгаалсан. Төрийн албанд 10 гаруй жил ажилласан, Барилга хот байгуулалтын яаманд газрын дарга хийж байгаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа буюу 2017 онд өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн байдаг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгаас дөрвөн удаа сонгогдож байсан бөгөөд түүний аав Ухнаа гуай Хэнтий аймгийн Галшар сумаас уг гарвалтай ч Сүхбаатар аймгийн Халзан суманд төрж өссөн нь эднийхэн Сэцэн ханы нутгийг  тойглодог учиртай. Тиймээс ч У.Отгонбаяр ахынхаа улс төрийн орыг залгуулж, зүүн бүсийг “онилж”, тойглож буй нь гайхаад байх зүйл биш.  Сүхбаатарынхан Дорнодын хүн амын багагүй хувийг эзэлдэг гэдгийг ч тооцоолсон байж таарна.

У.Отгонбаярын хувьд Ерөнхийлөгчийн бодвол нам жимхэн амьдардаг ч Баруун-Урт хотод босгосон Бурхан багшийн хөшөөний гол эзэн гэдгээр нь нутгийнхан нь андахгүй.

Зургийн тайлбар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, дүү У.Отгонбаярын хамт  /1990 он/

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг улс төрд хөтлөн оруулж, Ерөнхий сайд болгож өгсөн учраас энэ удаад түүний хариу болгож, дүү У.Отгонбаярыг улс төрд хөтөлж оруулах ажлыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийж буй. У.Отгонбаяр нь одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд “Бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлэг”-ийн зүүн аймгуудад хийж, сонгуулийн сурталчилгаагаа хийж буй. Мэдээж Ерөнхийлөгчийн дүү сонгогдох эрхгүй гэх хууль байхгүй ч олон нийт улс төрийг төрлийн алба болгох нь хэмээн шүүмжилж буй.