Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.04.23 12:31
36249
Бага охиноо алдаж, гурван хүүхдээ босоод ирэхийг хүлээх хоёр хөгшин шар махтайгаа хатаж сууна

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Хайлаастад буюу Чингэлтэй дүүргийн 15-р хороонд зам тээврийн ноцтой осол болж, зургаан хүүхэд, нэг том хүнийг мөргөсөн ослын улмаас 16 настай охин газар дээрээ амиа алдсан юм.

Тэгвэл тухайн осолд өртсөн 4 хүн нь нэг айлынх бөгөөд талийгаач 16 настай охин айлын бага. Дээрээ нэг эгч, нэг ахтай. Осол болдог өдөр том эгч нь өөрийн 9 настай хүү болон ахынхаа хүүхдийг, 16 настай дүүгийн хамт ойролцоох тоглоомын талбайд тоглуулчхаад гэртээ харих замд явган хүний замаар явж байх үед нь тус аймшигт явдал болжээ. Ослын улмаас 16 настай бага дүү нь амиа алдаж, 26 настай эмэгтэй өөрийн хүү болон үеэл дүүгийнхээ хамт эмнэлэгийн орон дээр ухаангүй байгаа юм.

Ослоос хойш долоо хоног өнгөрчээ...

Маргааш тэд арван зургаахан насандаа хүсэл мөрөөдлөө өвөртлөөд тэнгэрт дэвшсэн амин хайртай бага охиноо эцсийн замд нь үднэ. Дэврүүн мөрөөдлөөр дэрвэж явсан тэр охин гэртээ харих замдаа хоёр дүү, төрсөн эгчийнхээ нүдэн дээр эцсийн амьсгалаа хураажээ. Харуусаж гашуудсан аав ээж нь арван зургаан жил хайрлаж ургуулсан цэл залуухан, дөнгөж дэлбээгээ дэлгэж байсан балчирхан үрээ хариуцлагагүй хэн нэгний гарт алдсандаа одоог хүртэл итгэж ядан үг нь хүртэл эвлэхгүй суугаа...

Тэдний зовлон үүгээр дуусахгүй.

Хоёр ач зээ нь хэд хэдэн удаа хагалгааны орон дээр гарсан ч тэнхэрч өгөхгүй, том охин нь хэзээ ухаан орох нь ч тодорхойгүй нөхцөл байдал дунд тэтгэврийн насны хоёр хөгшин дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр нэг хүнээ алдаж, гурвын гурван хүнээ хүлээж шар махтайгаа хатаж буй. Даан ч харуусмаар шүү дээ. Дэлхий даахгүй зовлонг тэд үүрч буй гэхэд хилсдэхгүй...

Хэргийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудаар зөрүүтэй мэдээлэл цацагдсанд эмзэглэсэн ар гэрийнх нь зүгээс манай сайтад хандсаны дагуу бидний сурвалжлах баг гэрт нь очсон юм.

...Таван ханатай буйдхан гэртээ бужигнаж амьдардаг байсан тэдний гэр эзгүйрч, хойморт нь зул бадамлажээ.

“Охин минь арван зургаахан настай. Энэ жил арван жилээ төгсөөд гагнуурчин болно гэж ярьдаг байлаа. Бага охиноо алдаж, том охин, хоёр ач зээ минь өчнөөн хагалгаанд орчхоод байж байна. Босоод ирлээ гэхэд тахир дутуу хүмүүс л болох нь дээ. Эхнэр бид хоёр хүн харахад л амьд сэрүүн амьтад байгаа ч сэтгэл санаа маш хүнд байна” гээд хоёр гар нь чичирч, хоолой зангируулан нулимсаа дотогш урсган ярих аав.

Том охин, хоёр ач зээгийнхээ эмнэлгийн орон дээр хэвтэх төрхийг харчхаад ирсэн тул эвлэж унагах үг ч олдохгүй даралт нь ихсэж, тайвшруулах эмээр өдөр хоногийг аргацаах ээж. 

...Тэд зургаахан хоногийн өмнө халуун ам бүлээрээ байлаа. Атал өнөөдөр бадамласан зулын өмнө нулимсаа залгих хоёр хөгшин үлдсэн гурван хүүхдээ хөл дээрээ босоод ирэхийг нь хүлээж сууна...



Ах дүү, найз нөхөд нь өнөөдрөөс хандивын аяныг эхлүүлэхээр зэхэж буй тул манай сайтын зүгээс хамтран иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллах юм. Сайхан сэтгэлт түмэн олон та бүхнийг хандивын гараа сунгахыг манай сайтын хамт олны зүгээс хичээнгүйлэн гуйж байна. Бид дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэнэ.