Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Улс төр
2024.04.25 16:22
2762
Сайн хүний дүрд тоглож биш бодлого ярьж өрсөлдөх цаг шүү!!!

Сонгууль дөхөхөөр л телевиз, сонин, сайт, цахим сүлжээгээр дүүрэн улс төрчдийн хоол сайн хийдэг, залуудаа хэрхэн хөдөлмөрлөдөг байсан, нутаг усандаа хэр хайртай, маш энгийн хүн гэдгийг харуулсан сурталчилгаанууд хөвөрдөг. Уг нь бол улс орныг удирдаж чиглүүлэх хүмүүс сонгогдож гарсныхаа дараа ямар бодлого баримталж, юу хийж бүтээх, хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах талаараа ярьж өрсөлдөх цаг болсон баймаар. Гэвч аль 20 жилийн өмнө л хийж байсан сурталчилгаа, хэв маяг энэ сонгуулиар ч харагдаж байгаа нь харамсалтай.

Сонгогчид одоо өөр болсон. Тэд хоол сайн хийдэг, эелдэг даруу, эсвэл чанга дуугарч эх орон гэж цээжээ дэлдсэн хүн хэрэггүй гэдгийг одоо ойлгосон.

Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн болоод ямар асуудалд анхаарч түүнийг хэрхэн засаж сайжруулах шийдэл ярьж буй хүнийг сонгох нь сонгуулийн жинхэнэ мөн чанар гэдгийг бидний урьд өмнөх сонгуулиуд хангалттай харуулсан. Гэвч хуучны улс төрчид хуучиндаа үлдсэн бололтой. Юу ярьж, юу амлаад сонгогддог гэдгээ тэд мэддэг болохоор энэ зүйлээ хийсээр байна. Иргэд сонгогчид хоосон амлалт, хог шороо шүүрдэж өгөх, хоёр уут будаа гурил өгснийг сонгодог хэвээрээ гэж басамжилсан мэт сурталчилгаануудаа цацаж сууна.