Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.26 10:31
692
Ирэх тавдугаар сард В.Путин урд хөршид айлчилна

Пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх тавдугаар сард Хятадад айлчлахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Энэ нь сонгуульд ялалт байгуулж 6 жилээр эрх мэдлээ сунгасны дараа хийх анхны гадаад айлчлал болох аж.

Энэ тухайгаа Путин Москвад болсон Оросын үйлдвэрчид, бизнес эрхлэгчдийн холбооны их хурлын үеэр зарласан байна. Тэр яг хэдний өдөр тухай тодорхой хэлээгүй бөгөөд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Оросын хууль тогтоогчид Путины тангараг өргөх ёслол тавдугаар сарын 7-нд болох тухай мэдэгдсэн. Өнгөрсөн сард болсон сонгуулиар өдгөө 71 настай Оросын удирдагч тав дахь удаагаа төрийн эрх барих эрхээ баталгаажуулсан билээ.

Украины эсрэг хийж буй дайны улмаас Орос улсын эдийн засаг, дипломат байдлаар барууны орнуудаас тусгаарлагдаж Хятад улсаас ихээхэн хамааралтай болоод байгаа.

АНУ-ын мэдээлснээр Орос улс Хятадаас машин хэрэгсэл, микро-электроник болон бусад технологийн худалдан авалтаа нэмэгдүүлсэн бөгөөд эдгээр технологийг Москва дайнд ашиглах пуужин, танк, нисэх онгоц болон бусад зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж байгаа гэжээ. 

Хятад улс Москватай эдийн засгийн харилцаагаа тогтвортой байлгаж байгаа ч Орост зэвсэг, цэргийн тусламж үзүүлэхгүй тухайгаа удаа дараа мэдээлсэн.

Бээжин Орост шууд цэргийн тусламж үзүүлээгүй бөгөөд Украины мөргөлдөөнд төвийг сахисан байр суурийг баримтлахыг хичээж байгаа. Мөн Москвагийн үйлдлийг буруушаахаас татгалзаж, 2022 онд Оростой "хязгааргүй" найрамдалт харилцаатай гэдгээ зарлаж байсан.

Эх сурвалж: Associated Press