Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.26 14:49
708
Дэлхийн банк: Ойрх Дорнодын мөргөлдөөн даамжирвал нефтийн үнэ баррель нь 100 ам.доллар давж болзошгүй

Ойрх Дорнодод өргөн цар хүрээтэй дайн болох вий гэсэн болгоомжлол аль хэдийн газрын тосны үнэ өсч улмаар автомашины жолооч нарын шатахууны үнэ өссөн. 

Зах зээл дэх Брент маркийн нефтийн нэг баррель 87 ам.доллароор зарагдаж байгаа бол Их Британид нэг литр хар тугалгагүй бензиний дундаж үнэ өнгөрсөн арван нэгдүгээр сараас хойш анх удаагаа 1.50 фунт стерлингээс давжээ.

Вашингтонд төвтэй Дэлхийн банкны мэдээлснээр тус бүс нутагт хурцадмал байдал энэ хэвээр үргэлжилбэл баррель газрын тосны үнэ 100 доллароос (80 фунт стерлинг) давж болзошгүй байна. Энэ нь автомашины шатахууны үнэ одоо байгаа өндөр үнээсээ давна гэсэн үг.

Дэлхийн банкны түүхий эдийн зах зээлийн хамгийн сүүлийн тайланд: “Мөргөлдөөнтэй холбоотой нийлүүлэлтийн дунд зэргийн тасалдал нь энэ жилийн Брент маркийн дундаж үнийг нэг баррель нь 92 ам.долларт хүргэж болзошгүй юм. Илүү ноцтой тасалдал нь газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар давж, 2024 онд дэлхийн инфляцийг бараг нэг хувиар өсгөж болзошгүй юм" гэжээ.

АНУ-д газрын тосны эрэлт нэмэгдэж буйг илтгэх шинж тэмдгүүд ажиглагдаж, Ойрх Дорнодын бүс нутгийн байдал улам хурцадсанаар нийлүүлэлт буурах магадлалтай байгаа тул  газрын тосны үнэ өсжээ.

Тус бүс нутгийн мөргөлдөөн хурцдаж байгаа нь байгалийн хий, бордоо, хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөж болзошгүй байна. Шингэрүүлсэн байгалийн хийн экспортын тавны нэг нь Ормузын хоолойгоор дамждаг бөгөөд хэрэв нийлүүлэлт тасалдвал үйлдвэрлэлдээ шингэрүүлсэн байгалийн хийд тулгуурласан бордооны үнэ мэдэгдэхүйц өсөж, үүнийг дагаж хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай.

Эх сурвалж: Guardian