Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Орон нутаг
2024.04.26 17:14
3064
“Шинэ хоршоо” хөдөлгөөнд 9-өөс дээш малчид нэгдэн хоршоо байгуулах боломжтой

“Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ UG Arena-ийн их танхимд боллоо. Энэхүү арга хэмжээнд хот, хөдөөгийн малчид, хоршоологчдын 3100 гаруй төлөөлөл оролцож байна.

100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд мэндчилгээ илгээсэн юм. Мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж, сонордуулав.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх 5 их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар энэ долоо хоногт баталсан. Малчид нэгдэн хоршоо байгуулснаар хоршооны гишүүн малчин 20-50 сая төгрөгийн, жилийн 6 хувийн хүүтэй, 3-5 жилийн урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авч болох аж. Хоршоод хөгжүүлэлт хийж амжилттай ажилласнаар хоршооны гишүүн малчны сарын орлого 5 сая хүрэх боломжтойг албаны хүмүүс онцолж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь малчид байгалийн гамшигт үзэгдлийг эрсдэлгүй даван туулах, малын түүхий эдийг нэмүү өртөг шингээн борлуулах, даац хэтэрсэн бэлчээрийг зөв зохистой ашиглах, орон нутагт хүн хүч дутмаг зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд гарц болно гэж үзжээ. Малчид хоршиж ажилласнаар хөнгөлөлттэй зээлд хамрагдах, малын гаралтай бүтээгдэхүүнээ стандартын дагуу бэлтгэн нэмүү өртөг шингээн нийлүүлэх, экспортлох, тогтмол орлоготой болох давуу тал бий болох юм байна.