Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Улс төр
2024.04.26 17:42
2939
Д.Гантулга: Нийслэл бонд босгосон хөрөнгөөр зам засах биш үерийн далан барих нь чухал

НИТХ дахь Хүн намын бүлгээс Нийслэлийн бонд гаргах асуудалд байр сууриа илэрхийллээ. 

НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга:

Нэгдүгээрт. Нийслэл бонд гаргах гэж байна. Дотоодоос 500 тэрбум төгрөг, гадаадаас 700 сая доллар буюу 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө босгох зөвшөөрлийг нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар НИТХ-аас авах тогтоолын төслийг ирэх даваа гарагт хуралдах НИТХ-аар оруулж ирэх гэж байна.  Хүн намын бүлгийн зүгээс нийслэл бонд гаргаж, ард иргэдийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдэх нь зөв гэж дэмждэг. Хамгийн гол нь энэ мөнгийг ямар өртөгтэй босгох гэж байгаа болон босгосон мөнгөө юунд зарцуулах гэж байгааг бид хяналтандаа авч иргэдэд мэдээлэл өгч ажиллах болно. Гадаад бондыг нийслэл дангаараа хийж чадахгүй учраас энэ бол тусдаа асуудал. Монгол улсын гадаад өрийн асуудал болох учраас засгийн газар, сангийн яамтай хамтарч гаргах байх.

Дотоод бонд болох 500 тэрбумыг хэрхэн босгох нь бидний анхаарлыг татаж байна. Энэ бонд хүү багатай байх ёстой. Нийслэл эргээд төлөх учраас. Монгол улсын засгийн газар 2017 оноос хойш дотоод бонд гаргаагүй. Өөрөөр хэлбэл зээлийн хүү ямар байх вэ? гэдгийг тогтоодог голч нь Засгийн газрын бондын хүү байдаг. Харин Засгийн газар бонд босгоогүй тохиолдолд Нийслэлийн бондын хүү ямар хэмжээтэй байх нь хамгийн чухал асуудал болж байна. 

Энэ бол хөрөнгийн зах зээлд нөлөөлөх бүх хүчин зүйлийг агуулж байдаг. Өөрөөр хэлбэл Монгол улсад эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэж юуг хэлэх вэ гэдгийг тогтоож өгөх юм. Тийм учраас үнэхээр бид банкны зээлийн хүүг бууруулъя гэж байвал нийслэлийн бондын хүүг аль болох бага тогтоох ёстой. Д.Сумъяабазар засаг дарга байхдаа Нийслэлийн бондын хүүг 17.2 байхаар тогтоож, бүх бичиг баримтаа бүрдүүлсэн байсан. Тухайн үед Хүн намын бүлэг үүнийг өндөр хүү байна гэж үзсэн. Яагаад гэвэл тэр бондыг компаний бондуудтай яг ижил түвшинд босгох гэж байсан. Энэ бол буруу. Гэтэл хөгжлийн банкны бонд татваргүй, засгийн газрын бондтой адил байдлаар хуульчлагдсан. Харин нийслэл бонд босгохоор компаний журмаар хүү өндөр, татвар төлж явах нь гол алдаа нь байсан юм. Одоо бол татварын асуудлыг шийдэж засгийн газрын бондтой адилхан болгосон байна. Гэхдээ дахиад нэг чухал асуудал байгаа. Бодит байдал дээр нийслэлийн бондыг банкууд голчлон худалдаж авна. Учир нь энэ хадгаламжаас бага зэрэг өндөр өгөөжтэй тогтох нь гарцаагүй. Гэвч Монголбанкны төлбөрийн чадварын зохистой харьцаа, заавал байх хөрөнгийн хүрэлцээт байдал зэрэг шалгуурт нь одоог хүртэл нийслэлийн бондыг компаний бонд шиг эрсдэл өндөртэй гэж тооцохоор байна. Энэ чинь хүүгээ өсгөх нөхцөл байдал үүсгэдэг. Тэгэхээр банкууд худалдаж авах нөхцөл бүрдэхгүй гэсэн үг.

Засгийн газрын бондыг эрсдэлгүй гэж үздэг. Хөгжлийн банкны бондыг эрсдэлгүй гэж үздэг атал яагаад нийслэлийн бондыг компаний бонд шиг авч үзэх гэж байгаа юм бэ? 

Тэгэхээр бонд гаргахаасаа түрүүнд энэ асуудлаа шийдэхийн тулд Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар, Монголбанктай уулзаж, ширээний ард суух ёстой гэж үзэж байна. 

Хоёрдугаарт. Бондын зарцуулалтанд анхаарах ёстой. Бондын хөрөнгөнөөс 300 орчим тэрбумыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц барихад зарцуулна гэж төлөвлөж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн асуудлыг шийдэхэд зарцуулна гэж төлөвлөжээ. Үүнийг дэмжиж байна. Гэвч 150 тэрбумыг нь зам засварт зарцуулна гэж төлөвлөснийг бид дэмжихгүй байна. Зам засах шаардлага байгаа нь үнэн. Гэхдээ түүнээс илүү нийслэлд тулгамдсан асуудал үер усны аюул юм. Үерийн далангийн барилга байгууламж барихад мөнгөө зарцуулах ёстой гэж бид үзэж байна гэлээ.