Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.30 14:06
1696
Зүүн өмнөд Азийн орнуудад хэт халалтын давлагаа явагдаж байна

Зүүн өмнөд азийн бүс нутгаар долоо хоног үргэлжилсэн хэт халалт явагдаж агаарын температур дээд хэмжээнд хүрсэн нь хэд хэдэн оронд сургууль болон олон нийтийн үйл ажиллагааг зогсоож бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн сэрэмжлүүлэг хүргэж байгаа билээ.

Уг халалтын улмаас даваа гарагаас эхлэн Филиппин улсын бүх сургуулиудыг хоёр өдрийн турш хааж танхимын хичээлийг цуцалсан байна. Нийт иргэддээ шаардлагагүй тохиолдолд гадаа гарахаас зайлсхийж, шингэн нөхөх зорилгоор их хэмжээний ус уухыг зөвлөж байгаа аж.

Камбож улсад сүүлийн 170 жилийн хамгийн өндөр температуртай өдрүүд болж байгаа тухай тус улсын Усны нөөц, цаг уурын яамнаас мэдэгдсэн байна. Тус улсад энэ долоо хоногт ихэнх нутгаар агаарын температур 43 хэм (Фаренгейтийн 109 хэм) хүрч халах төлөвтэй байгаа аж.

Даваа гарагт Мьянмарын цаг уурын албаны мэдээлснээр, төв Магвей, Мандалай, Сагаинг, Баго зэрэг долоон тосгонд хамгийн өндөр температур ажиглагдсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт Мьянмарын хэд хэдэн хот дэлхийн хамгийн халуун цэгүүдээр нэрлэгдэж байсан билээ. 

Тайландын хойд хэсгийн зарим бүс нутагт агаарын температур 44 хэмийг давсан бол нийслэл Бангкок болон томоохон хотуудад 40 хэмийг давсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1-2 градусаар илүү халалттай байж хур тунадас бага байх төлөвтэй байгаа тухай тус улсын цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тайландын Өвчний хяналтын хэлтэс энэ жилийн хэт халалтын улмаас 30 хүн нас барсан тухай мэдэгдсэн.

Бангладешийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ сарын эхээр тав хоногийн хугацаанд дор хаяж 20 хүн халуунд цохиулж нас барсан гэж мэдээлэв. Бангладеш улсад энэ сарын эхээр болсон хэт халалтын улмаас тав хоногийн хугацаанд дор хаяж 20 хүн нас барсан тухай мэдэгдсэн.

Эх сурвалж: AP