Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Улс төр
2024.04.30 15:14
3796
Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдаж, гурилын импортод квот тогтоохгүй байх зөвлөмжийг гаргалаа

5 дугаар сарын 1-нээс Монгол улсын хилээр орж ирэх гурил, малын тэжээлийн импортын татварыг тэгэлж байгаатай холбогдуулан Монгол улсын шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан: 

Монгол улсын Засгийн газар, УИХ-аас хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэлт болон үнийг тогтворжуулах хууль тогтоомжуудыг гаргасан. Энэ хүрээнд хэд хэдэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тогтсон. Хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж 5 дугаар сарын 1-нээс Монгол улсын хилээр орж ирэх гурил, будаа, малын тэжээлийн импортын татварыг тэгэлж байгаатай холбогдуулан ямар нэгэн хэмжээ, хязгаар, квот тогтоохгүй байх шийдвэр гаргалаа. Ингэснээр гурил, малын тэжээл хугацаагүйгээр импортын татваргүй болж байна. Ард иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлөх, инфляц, үнийн хөөрөгдлийг бууруулах, тогтвортой хангалт нийлүүлэлтийг бий болгох боломж бүрдэж байна. Төрөөс хүнсний аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, хүнсний тухай хуульд заасан зүйл заалтуудыг цогц байдлаар авч хэрэгжүүлэхтэй холбогдуулан ХХААХҮЯ, Стандарт хэмжилзүйн газар, Итгэмжлэлийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг даалгаварууд өглөө. Ялангуяа ХХААХҮЯ-нд мал аж ахуйн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангаж шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг даалгасан. Тэр дундаа тариалан эрхлэгчдийг дэмжихийн тулд тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Үүнээс товчлон дурдвал: 

  1. Дотоодод хэрэгцээ шаардлагатай байгаа улаанбуудайг нийлүүлээд илүү гарсныг гадаадын зах зээл рүү экспортлох эрхийг нээж өгч, боломжийг бүрдүүлэх тухай тогтоолд туссан. Ингэснээр БНХАУ болон бусад улс орон руу тарифын ямар нэгэн хүндрэл, саадгүйгээр гарах боломжийг бүрдүүлнэ. Үүний үр дүнд тариаланчид зөвхөн дотоодын хэрэгцээ шаардлагад уягдаж ажиллахгүйгээр гадаадын зах зээлд экспортлох боломж бүрдэж, тариалалтын хэмжээ, орлого ашиг ч нэмэгдэх боломж гарна.
  2.  Дотоодын тариалан эрхлэгчдээ дэмжих хүрээнд жил бүрийн ургац хураалтаас бүрдсэн улаанбуудайн 100 мянга хүртэлх тонн-ыг улсын нөөцөд авахыг ХХААХҮЯ-нд даалгалаа. 
  3. Тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс "Тариалан эрхлэлтийн сан" корпорацийн харьяанд байдаг үтрэм, элеваторуудыг ААН-үүдэд ашиглуулах зохион байгуулалт хийсэн.
  4. Хүнсний аюулгүй байдлын стандарт, норм дүрэм журмыг тогтоох, хөндлөнгийн хяналт лабораториуд, итгэмжлэлийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг шинэчлэх ажил хийнэ