Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.30 16:05
1600
Ши Жиньпиний корона вирусийн дараа Европт хийх төрийн айлчлал Францаас эхэлнэ

Хятадын удирдагч Ши Жиньпины коронавирусийн дараа анх удаа Европт хийж буй төрийн  айлчлал 5 сарын 6,7 – нд Францаас эхэлнэ. 

"Энэ айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд Францын Ерөнхийлөгчийн 2023 оны дөрөвдүгээр сард Бээжин, Гуанжоу хотод хийсэн айлчлалын дараа болж байна" гэж Ерөнхийлөгч Эммануэль Макроны ажлын албанаас мэдэгдэв.

Тус айлчлалын хүрээнд Ши Жиньпин Парист айлчлахаас гадна Францын баруун өмнөд хэсэгт орших Өндөр Пиреней мужид айлчлах төлөвтэй байна.

"Айлчлал олон улсын хямрал, юуны өмнө Украины дайн ба Ойрх Дорнодын байдал, хоёр улсын худалдааны асуудал, шинжлэх ухаан, соёл, спортын хамтын ажиллагаанд голлон чиглэнэ" гэж Францын Ерөнхийлөгчийн албанаас мэдэгдэв.

Мэдэгдэлд дурдсанаар Ши Жиньпин, Макрон нар "дэлхий дахины сорилт, ялангуяа цаг уурын онцгой байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах, хөгжлийн болон олон улсын харилцаанд хамгийн эмзэг орнуудын санхүүгийн байдлыг шийдвэрлэх хамтарсан арга хэмжээ"-г мөн хэлэлцэнэ гэжээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лин Зянь "Хятад улс Францтай хамтран ажиллах тал дээр энэхүү айлчлалыг өргөн боломж гэж харж байна", “Бээжин дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд шинэ хувь нэмэр оруулахад" бэлэн байгааг дурджээ.

Тэрээр Үргэлжлүүлэн 5 сарын 8-10-нд Унгарт болон Серби улсаар айлчлах аж.