Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.05.03 09:29
2166
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Сэтгүүлчид “Хүний эрхийн салшгүй холбоотон”

Жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг дэлхий нийтээрээ “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тэмдэглэдэг билээ. Дэлхийн хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг онцолж, сэтгүүлчдэд тулгарч буй сорилтуудыг хүлээн зөвшөөрөх зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэдэг. Мөн энэ өдөр амиа алдсан бүх сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлдэг билээ.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд анх тунхагласан бөгөөд энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн 31 жилийн ой тохиож байна.

Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд өдөр бүр Эрх мэдэлтэй тэмцэж, амь насаараа дэнчин тавьж, авлига гэмт хэргийг баримтжуулж, дарангуйллын эсрэг зогсож үзэл бодлоо илэрхийлэх эрч чөлөөгөө зоригтойгоор ашиглаж ингэснээр ихэнхдээ өөрөө эрсдэлд ордог.

Хараат бус, баримтад суурилсан сэтгүүл зүй нь шударга бусыг илчилж, эрх баригчидтай хариуцлага тооцож, иргэдэд мэдлэг мэдээлэлтэй шийдвэр гаргахад туслах замаар ардчилал, хүний эрхийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулдаг билээ.

2024 онд дэлхийн 60 гаруй оронд мөн Монгол улсад сонгууль болж байгаа энэ үед сэтгүүлчдийн ажил улам чухал болж байна.

2023 онд дэлхий нийтэд 71 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан амь үрэгдсэн бол эдгээр амь насаа алдсан хэргүүдийн дөнгөж 13% нь шалгагдаж байна. Мөн өнгөрсөн онд 320 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан шоронд хоригдсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.

2023 оны хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол улс 59.33 оноо авч дэлхийн 180 орноос 88-т орсон байна. Харин 2024 онд анх удаа 109-т эрэмбэлэгдлээ. Энэ нь манай улсын хэвлэлийн чөлөөт байдлын бодит үнэлгээ болов уу.

Энэ үзүүлэлтийг 95.18 оноогоор Норвеги улс тэргүүлж байгаа бол 21.72 оноогоор Ардчилсан Солонгос улс сүүл мушгисан байна.