Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Орон нутаг
2024.05.03 15:24
2853
Малын мялзан, шүлхий, арьс товруутах зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой
 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Биотехнологийн үндэсний ууган үйлдвэр “Биокомбинат” ТӨХХК-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга Т.Мөнхтөр, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын өрийн удирдлагын хэлтсийн дарга Л.Гантогтох, Эдийн засаг, хөгжлийн яамны Үйлдвэржилт, дэд бүтцийн хэлстийн дарга Ш.Маргад, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн У.Марал нарын албаны хүмүүс ажиллалаа. Тус үйлдвэр нь малын халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх биобэлдмэл үйлдвэрлэдэг улсын ганц үйлдвэр бөгөөд өнөөдрийн байдлаар 47 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Монгол Улсын хэмжээнд ганцад тооцогдох тус үйлдвэр нь дэлхийн хөгжлөөс 30 жилээр хоцрогджээ. 100 жилийн түүхтэй тус үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмж хуучирч, элэгдсэн бөгөөд шинэ үйлдвэр барих, тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай болсон байна. Одоогоор тус үйлдвэрийн 60-аад нэр төрлийн 400 гаруй тоног төхөөрөмжийн 40 хувийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон бөгөөд 30 хувь нь огт ашиглах боломжгүй болжээ. Тиймээс үйлдвэрийнхээ барилга, байгууламжийг шинэчлэх зорилгоор “Вирусын гаралтай вакцины шинэ үйлдвэрийн барилга, байгууламж” барих төслийг боловсруулсан байна. Төслийг Дэлхийн банкнаас санхүүжүүлэхээр яригдаж байгаа бөгөөд нийт санхүүжилт нь 40 сая ам.доллар. Санхүүжилт ойрын хугацаанд шийдэгдэнэ гэдгийг тус үйлдвэрийн удирдлагууд хэлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Хүнсний аюулгүй байдал гэдэг нь хүний аюулгүй байдалтай шууд холбоотой. Тиймээс эрүүл хүнс, өвчингүй, эрүүл малын мах хэрэглэх нь чухал байна. “Биокомбинат” ТӨХХК нь жилд 21 төрлийн 40 сая тун вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үүнд 31 тэрбум төгрөг зарцуулдаг. Харин малын мялзан, шүлхий, арьс товруутах зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 3 төрлийн вакциныг импортоор авахад 65.5 тэрбум төгрөг зарцуулж байна. Тэгвэл “Биокомбинат” ТӨХХК-ийн шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар дээрх 3 төрлийн вакциныг дотооддоо үйлдвэрлэх, мөн өөрсдийн шинээр гаргаж авсан 8 төрлийн вакциныг нэмэлтээр үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Ингэснээр Монгол мал эрүүлжиж, “Хүнсний хувьсгал”-ын нэг томоохон зорилт бодитоор биелэлээ олно гэж харж байна.

“Биокомбинат” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энх-Амар: Малын халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гол вакциныг улсын хэмжээнд манайх ганцаараа хийж байна. Вирусын гаралтай шүлхий, бог малын мялзан, үхрийн арьс товруутах зэрэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо энэ үйлдвэрээ түшиглэж үйлдвэрлэхэд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлага тулгарч байна. Хэрэв үйлдвэрийн барилга байгууламжийг шинээр барьж, тоног төхөөрөмжийг шинэчилж чадвал импортын вакциныг багасгах боломжтой юм. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын зорилттой уялдана гэж үзэж байна.  

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын 4-ийн:

е/ заалтад: Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох, оношилгооны лабораторийг чадавхжуулах, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг бэхжүүлэх, шаардагдах санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөвт тусгах.

Мөн “Биокомбинат” ТӨХХК нь “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгогддог 3-5 жилийн хугацаатай, 5-6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн байна. Нийт 5 тэрбум төгрөгийн зээл хүссэн бөгөөд дээрх санхүүжилтээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээр төлөвлөжээ.

Нэгэн цагт Азидаа тэргүүлдэг байсан “Биокомбинат” ТӨХХК нь Вирусын гаралтай вакцины шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжөө шинэчилж чадвал Монгол Улс импортын хамаарал бүхий 3 төрлийн вакцинаа дотооддоо үйлдвэрлэх боломжтой орчин үеийн дэвшилтэд биобэлдмэлийн үйлдвэртэй болох юм.