m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2024.05.05 19:40
1773
“Ган мандал трэйд” компани 73 иргэнд 7 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулаад байна

“Ган мандал трэйд” компани БЗД-ийн 33-р хороо Гачууртын аманд "Төгөл-1" нэртэй дөрвөн улирлын хаус хотхоны захиалга 2020 оноос авж эхэлжээ. Анх  48-69 ам метр талбай бүхий 2-3 өрөө зуслангийн хаус граашийн хамт, хоёр айлын газартай гээд хүний сонихлыг ихээхэн татах реклам явуулж захиалга авсан байна. Улмаар 2021 оны наадмаа гачууртад хаус хотхондоо тэмдэглээрэй гэхчилэн "хошхируулж",  төлбөрийг нь зуун хувь авчхаад, байраа хүлээлгэж өгөлгүй дөрвөн жил өнгөрчээ.  

Хуруу хумсаа хугалан байж хураасан мөнгө болох 69-125 сая төгрөгийг 73 иргэн бэлэн өгсөн ч өнөөдөр мөнгө ч үгүй, байр ч үгүй хэнд хандахаа мэдэхгүй хохироод байна. Захиалга өгсөн компани нь оффисоо сольж, утсаа авахаа байжээ. Хохирсон иргэд цагдаа, шүүхэд хандахаар нэхэмжлэгч иргэний байршил тодорхойгүй гээд өргөдлийг нь хүлээж авдаггүй талаар учирлалаа. 

73 хүний мөнгө гэдэг бага мөнгө биш билээ. Багадаа 69 сая дээд тал нь 125 сая гэхээр ойролцоогоор долоон тэрбум төгрөгөөр "Ган мандал трэйд" гэх газар залилуулжээ. Төлбөрийг бүрэн төлсөн ч  зарим захиалагч  дээвэр ч үгүй  дөрвөн ханатай үлдэхдээ тулсан бол зарим нь хүлээлгүй шантраад тэтгэврийн зээл, өр тавин байж  өрлөг, цутгалт хийж байшингаа бүтэн болгохоор ажиллаж  байна. Дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн ч энэ хугацаанд цас, бороо шороонд идэгдээд ашиглалтад орохоосоо өмнө дээвэр нь нурж, өрлөг нь бутарчээ. Зарим айлын хана дотор талаасаа хөгцөрч мөөгөнцөртөөд эхэлсэн байлаа. 

Гачууртын аманд зуслангийн хаустай болох гэсэн биш хөрөнгө мөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирсон иргэдийг хамгаалах хууль эрх зүйн орчин байхгүйд тэд бухимдаж байна.

Өнөөдөр энэ мэтчилэн луйвардуулсан 9000 орчим иргэн байгаа ч хохирсон иргэний талд биш хохироосон талын байр суурийг хамгаалах хууль эрх зүйн орчин байгааг тэд шүүмжиллээ. Иймээс дараа дараагийн иргэдийг барилгын компаниа сайн судлаарай, ашиглалтад орсных нь дараа төлбөрөө шилжүүлээрэй хэмээн сэрэмжлүүлж байсан юм. 

Шууд үзэх: