Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.05.07 12:46
888
СЕХ: Сайд асан Н.Цэрэнбат ЗГ-ын мөрийн хөтөлбөр танилцуулж, баруун аймгаар явж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуультай холбоотой бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир “ Сонгуульд 23 нам 2 эвсэл оролцохоо илэрхийлсэн. 330 суманд сонгуулийн хороо байгуулан,  2196 хэсэг байгуулах бэлтгэл ажил хангагдаж  байна. Өчигдөр хорооны хуралдаанаар саналын  хуудасны загвараа баталсан.  Ирэх 7 хоногоос  буюу энэ сарын 14-21-ний хооронд нэр дэвшигчид тодорхой болно. Өнөөдрийн байдлаар 77 бие даан нэр дэвшигч дэвшихээр байна.  Сонгуулийн сурталчилгаа газар авч байгаад сонгуулийн хороо ямар хяналт тавьж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл иргэдээс санал, гомдол ирж байна. Энэ хүрээнд  цагдаагийн байгууллагатай хамтраад ажиллаад явж байна. Хууль бус сурталчилгаа гэдэг Сонгуулийн тухай хуулийн 48.1-д заасан найман төрлийн үйл ажиллагаа бий. Зөрчлийн тухай хуулийн 17.1-д зааснаар горилогчид хууль бус сурталчилгаа явуулбал бүртгэхээс татгалзах, бүртгэсний дараа хууль зөрчсөн нь тогтоогдвол бүртгэлээс хасна. Горилогчид юу хийж байгааг хамтдаа хянаж, шалгаад хамт шүгэл үлээе” гэлээ.  Хурлын үеэр сэтгүүлчид зарим асуултад хариулт авлаа.

-УИХ-ын гишүүд хийсэн ажлаа тайлагнаад явж байгаа нь хууль бус сурталчилгаанд тооцогдох уу?

-УИХ-ын гишүүн бүх ард түмний төлөөлөл. Бодлого тасалдах ёсгүй. Иймээс хаанаас нэр дэвшиж гарснаас үл хамааран бодлого, танилцуулга хийгээд явж байж болно.

-Ямар тохиолдолд хууль бус сурталчилгаа хийсэнд тооцох вэ?

-Горилогч хүн  ЗГ-ын мөрийн хөтөлбөр танилцуулаад явж байвал шууд хууль бус сурталчилгаа. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болно. Гол нь мэдээлэл тодорхой эзэнтэй, хүнтэй баймаар байна. Ерөнхий юм ярилгүй тодорхой эзэнтэй баримттай юм ярих хэрэгтэй. Сайд асан П.Цэрэнбат ЗГ-ын мөрийн хөтөлбөр танилцуулаад баруун аймгаар явж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.