Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.05.07 14:30
3418
Сонгууль дагасан хиймэл оюун ухааны заналхийлэл улс төрчдийг чиглэж байна

Энэ зуун бол хиймэл оюун ухааны эрин үе. Тэгвэл Хиймэл оюун ухаан буюу AI гэж юу вэ? Энэ нь компьютерын програм хангамжаар бүтээгдсэн хүний сэтгэхүйг дуурайлгасан ба бараг ижил түвшинд хүргэхийг хичээдэг технологийн төрөл бөгөөд  хүний хийдэг үйл ажиллагааг орлуулахад зориулагддаг. Дэлхий дахинд бүхий л салбарт чухал нөлөө үзүүлж, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, олон эерэг үр дагавруудыг авчирч буй. Гэхдээ сөрөг талыг нь ч бас мартаж болохгүй.

Хиймэл оюун ухааныг ашиглан хүний зан байдал, үзэл бодлыг зориудаар төөрөгдүүлсэн мэдээллийг бий болгох боломжтой бөгөөд түүний хэрэглээтэй холбоотой хамгийн их сэтгэл зовоосон асуудал бол “deep fake” буюу бодитой юм шиг харагддаг хэдий ч хуурамч агуулга бүхий мэдээллийг хиймэл оюун ухааныг ашиглан бий болгож байгаа талаар Майкрософт компанийн ерөнхийлөгч Бред Смит тодорхойлсон байна. Энэ технологи нь бусдыг мэхлэх, хуурах зорилгоор бодит агуулгыг өөрчлөх эрсдэлийг дагуулдаг.

Нэн ялангуяа энэ жилийн тухайд манай улсад сонгуулийн жил тохиож буй. Улс төрчид, хар пи-арчид хэн нэгний захиалгаар өрсөлдөгчөө намнах зорилгоор AI ашиглан харлуулах явдлууд ч гарч болзошгүй гэсэн үг. Жишээлбэл, Монгол Улсын  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хиймэл оюун ухаан ашиглан Хятад хэлээр ярьж буй мэт бичлэг сошиал сүлжээнд цацагдсан нь олны анхаарлыг ихээхэн татаж, багагүй маргаан үүсгэсэн. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарыг дуурь дуулж буй мэтээр  ч  эвлүүлсэн бичлэг цацагдаж байв.

Тэгвэл хэрхэн AI-аар бүтээсэн хуурамч бичлэг, зургийг таних вэ?

Хиймэл оюун ухаанаар бүтсэн зураг, бичлэг нь хүнийг төөрөгдүүлдэг ч “төгс” биш тул цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийг шалгахдаа:

  • - Үйл явдал хэзээ ч вакум орчинд болдоггүй - Томоохон дэлбэрэлт эсвэл ямар нэг онцгой үйл явдал болоход янз бүрийн хүмүүс, өөр өөр өнцгөөс үйл явдлыг баримтжуулж, мэдээллийн урсгал бий болдог.
  • - Контентыг хэн нийтэлсэн байна вэ – Тухайн хэрэглэгчийн өмнө нь нийтэлж байсан зүйлсийг харах хэрэгтэй. Хэрэглэгчийн амьдардаг газар, эсвэл одоо байгаа байршил нь үйл явдал болж буй байршилтай таарч байна уу? Хэрэглэгч хэнийг дагаж, хэн тэднийг дагаж байгааг шалгахаа мартаж болохгүй. Тэдэнтэй холбоо тогтоож, үйл явдлын талаар лавлаж болохоор байна уу гэдгийг тунгааж үзээрэй.
  • - Нээлттэй эх сурвалжийн хэрэгслүүдийг ашигла – “Google Images”, “TinEye” зэрэг зураг хайх хэрэгслүүдийн тусламжтайгаар зургаар хайлт хийж, зургийг анх хаана, хэзээ ашигласныг тогтоох боломжтой. Мөн үйл явдал тухайн цаг мөчид болж байгаа эсэхийг шалгахын тулд олон нийтэд зориулсан замын хөдөлгөөний камерын бичлэгийг үзэх гэх мэт өөр хэрэгслүүдийг ашиглаж болно.
  • - Зургийг анхааралтай ажиглаж, дүн шинжилгээ хийх - Үйл явдал хаана, хэзээ болсныг тогтоохын тулд зураг дээр замын тэмдэг болон бусад тэмдэглэгээ байгаа эсэхийг ажиглаж, тэр ч байтугай цаг агаарын нөхцөл байдал зэрэг сэжүүрүүдийг анхаарч үзээрэй.
  • - Гар, нүд, биеийн байрлал – Хэрэв зураг дээр хүн байгаа бол тэдний нүд, гар, ерөнхий байрлалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн бичлэгний хувьд хүний нүдээ анивчих хөдөлгөөн тун эв хавгүй харагддаг. Мөн гар, хөлийн хөдөлгөөн гээд нарийн ажиглах шаардлагатай.