Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.05.07 20:16
1584
Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөж, олон улсын зах зээлд шинэ брэнд бий болгох боломжтой

“Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024” эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт боллоо. Тус уулзалтад Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцож “Хүнсний хувьсгал – үндэсний хөдөлгөөний явц, зарим үр дүн” сэдвийн хүрээнд илтгэл танилцууллаа. Мөн мал аж ахуйн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг 20 гаруй эрдэмтэд, үндэсний үйлдвэрлэгчид оролцлоо.

“Mongol Made” нэгдэл ноосон бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд өрсөлдөж малын гаралтай бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгохоор зорьж байна. Үүнтэй холбогдуулан эрдэмтдийн санал зөвлөгөөг сонсож, бүтээгдэхүүнүүдийнхээ үнэ цэнийг өсгөх цаашдын стратегиа тодорхойлох зорилгоор тус зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Мөн гарааны 9 бүтээгдэхүүнээ удахгүй танилцуулах бөгөөд Францын “MESSIEURS” дизайны агентлагтай хамтран бүтээгдэхүүнээ урлаж байгаа аж.

“Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024” эрдэмтдийн зөвлөлдөх уулзалтыг “Mongol Made” нэгдэл, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академи, Мал Эмнэлгийн Хүрээлэн хамтран зохион байгуулсан бөгөөд доорх сэдвийн хүрээнд хэлэлцлээ.

Үүнд:

  • Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй хөгжихөд тулгарч буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замууд
  • “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний үр дүн, төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд
  • Мал аж ахуйн салбар тооны хойноос хөөцөлдөх бус чанарыг чухалчлах цаг ирсэн
  • Чанартай бүтээгдэхүүн гаргахын тулд малын эрүүл мэнд, эм бэлдмэлийн чанарт анхаарах хэрэгтэй
  • Мал аж ахуйн салбарт төрийн хавтгайруулсан бодлого бус зорилтот салбарыг тусгайлан хөгжүүлэх бодлого хэрэгтэй байгааг
  • Мал аж ахуйн салбарт олон талын оролцоо хамтралыг үүсгэж кластераар хөгжих нэн шаардлагатай
  • Төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай ярьдаг ч бага үнийн дүн санал болгосон нь ялдаг тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол үндэсний үйлдвэрлэгчид импортын хямд бараатай тендерт өрсөлдөх боломжгүй байгаа зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсын төрөөс авч хэрэгжүүлж буй томоохон бодлогууд үр дүнгээ өгч бодитой хэрэгжиж байна. Үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчид, өрхийн үйлдвэрлэгч нар болон бичил үйлдвэрлэгчид хоорондоо хамтран кластераар хөгжих боломжийг олгож байгаа. Үүний бодит жишээ нь “Mongol made” групп юм. Тэд 1000 эмэгтэйг ажлын байртай болгох том төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар гурван аймгийн 200 гаруй эмэгтэйчүүдэд ажлын байр олгож, кластерийн системийг хэрхэн зөв хөгжүүлж буйг үлгэрлэж байна. Тэдний хувьд хаягдаад байгаа малын өөх тосыг ашиглан үнэ цэнийг нь өсгөж саван үйлдвэрлэж эцсийн бүтээгдэхүүн болгон дотоодын зах зээлд нийлүүлж байна. Мөн олон улсад бүтээгдэхүүнээ экспортод гаргах шинэ шатыг нээж байна. Хоёрдугаарт, “Mongol Gourmet” брэндийг үүсгэн байгуулан уламжлалт аргаар бүтээсэн таван хошуу малын сүүн бүтээгдэхүүнийг малчны хотноос нийслэлийн хэрэглэгчдэд хүргэж байна. Гуравдугаарт, бид ноосоо бүрэн ашиглалгүй хямд үнээр хил давуулдаг. Гэтэл ноосоо бүрэн боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгон дэлхийд гаргавал бидэнд маш том орон зай байна. Үүнийг “Мongol made” групп олж харан үнэгүйдээд байгаа ноосыг үнэ цэнд хүргэж олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төслөө хэрэгжүүлж байна. Ингэхдээ Францын загварын агентлагтай хамтран дизайн, өнгө төрхийг нь бүрдүүлж байгаа юм. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Цагаан алт” хөдөлгөөний зорилго үүнд ч бас нэгдэж байна. Энэ хүрээнд төрөөс уг төслийг нь дэмжин ажиллах боломжтой. Эцэст нь хэлэхэд тус групп нь “Mongol Made ба малын өөх тос”, “Mongol Gourmet ба таван хошуу малын сүү”, “Mongol Wool ба хонины ноос” гэсэн томоохон гурван цогц төслийг хэрэгжүүлж, өөрсдөдөө байгаа баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, олон хүнийг ажлын байраар ханган, кластерийн системийн давуу чанарыг гаргаж байна. Иймд “Mongol made” группийн хамт олондоо амжилт хүсэж, шавхагдашгүй баялагтаа эзэн байгаад нь талархаж байна.