m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.10 10:35
88
"Нас бол зүгээр л тоо" гэдгийг баталсан алдарт долоон загвар өмсөгч

 

Энэ удаагийн амжилтын түүх буландаа та бүхэнд 65 насандаа амжилттай яваа долоон загвар өмсөгчийг танилцуулахаар бэлдлээ.

Загварын ертөнцийг залуу хүмүүсд зориулсан бизнес гэгддэг ч гайхалтай үзэсгэлэнт нас тогтсон эмэгтэйчүүд уг ойлголтыг эвдэж, гоо үзэсгэлэн ямар ч насанд төгс байх боломжтойг нотолж байна. 

 

Дафна Селф

Дафна Селф бол өнөөгийн загварын салбарт ажиллаж буй хамгийн нас тогтсон загвар өмсөгч юм. Тэрбээр 1930 онд төрсөн ба 1950 оноос эхлэн загварын тавцанд ажиллах болсон байна. Тухайн үед Дафна бусад өсвөр үеийн бүсгүйчүүдийн нэгэн адил загварын довтолгоонд өртөж, загварт дурласан байжээ. Цэнхэр нүдэн Дафна өсвөр насандаа амжилт олоогүй ч байна. Загварын тавцан дахь түүний амжилт хожим ирсэн ба тухайн үед Дафна нөхрөө алдан загвараас хөндийрөх шийдвэр гаргаад байжээ. 1998 онд тэрбээр “Models 1” загварын агентлагтай гэрээ байгуулсан юм. Энэ үеэс эхлэн түүний амжилтын гараа эхэлсэн гэдэг. Тэрбээр “Moschino”, “Dolce&Gabbana”, “Nivea”, “Gap” зэрэг дэлхийн брэндүүдтэй хамтарч ажиллахын сацуу алдарт Vivienne Westwood  болон Jean Paul Gaultier нарын загварын шоунд оролцох болсон юм. Түүний оролцсон зураг авалт болон сэтгүүлийн нүүрийг чимсэн тоо нь аль хэдий нь тоогоо алджээ.

 

 

 

Чина Мачадо 

83 настай Чина Мачадо залуу насандаа загвар зохион бүтээгч Юбер Живанши болон гэрэл зурагчин Ричард Аведона нарын онгод тэнгэр нь байжээ. Тэрбээр орчин үеийн загвар өмсөгчдөд эргэлзээтэй ханддаг нэгэн гэнэ. Тэрбээр хэлэхдээ “Эдгээр өрөвдөлтэй охидууд цаг хугацааны эрхэнд загварын салбараас түлхэгдэн гарна. Намайг “Givenchy”-д ажиллаж байхад хувцсыг шууд загвар өмсөгч дээр хийдэг байлаа. Бидний хувьд үзүүлж байсан хувцас маань бахархал минь байсан юм” хэмээн хэлсэн байдаг.

Түүнчлэн тэрбээр 83 насныхаа босгонд америкийн алдарт “Cole Haan” брэндийн нүүр царай болсон юм.

 

 

Кармен Делль' Орефайс

Кармен Делль Орефайс энэ онд 83 нас хүрсэн юм. Тэрбээр саяхан хамгийн урт хугацаанд загварын салбарт ажилласан загвар өмсөгчөөр тодорч, Гиннесийн номонд орсон байна.  Загварын салбарт тэрбээр 1945 оноос буюу 15 насандаа эхлэн өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа аж. Хамгийн анх тэрбээр “Harper's Bazaar” сэтгүүлийн  зураг авалтанд оролцсон гэнэ. Тухайн үед түүнийг загварлаг бус дүр төрхтэй хэмээн тодорхойлж байсан гэдэг. Харин түүний өнөөгийн амжилт нь тэдний буруу байсныг нотолж байгаа юм.

Одоо Кармен тухайн үеэсээ огтхон ч өөрчлөгдөөгүйг загварын салбарынхаа хэлдэг гэнэ. Цайвар урт  үс, улаан уруул, өндөр шанаа зэрэг нь түүний нэрийн хуудас аж. Түүний энэ дүр төрхийг алдарт хүүхэлдэйн киноны баатар Круэлла Де Вилльтэй адилтгадаг юм. 60 насандаа Кармен “Christian Dior”, “Hermes”, “Moschino”, “Donna Karan” зэрэг алдарт брэндүүдийн загварын шоунд оролцож, “Chanel”, “Missoni”, “Rolex” зэрэг брэндүүдийн нүүр царай болж байжээ. Үүнээс гадна тэрбээр өнөөг хүртэл алдарт сэтгүүлүүдийн нүүрийг чимсээр байгаа юм.

 

 

Жаклин Мердок

Жаклин Мердокийг загварын салбарт насаараа ажилласан гэж хэлж болохгүй юм. Тэрбээр амьдралыхаа турш бүжигчин байсан ба багадаа загвар өмсөгч болохыг мөрөөдсөөр иржээ. Түүний уг мөрөөдөл 82 насны босгон дээр л биеллээ олсон байна. Эхэндээ түүнийг гудамжинд явж буйг  “Advanced Style” сайтын эрхлэгч Сэт Ари Коэн олж харсан гэдэг. Үүний дараа “Lanvin” брэндийн загвар зохион бүтээгч Альбер Эльбаз брэндийнхээ 2012 оны намар, өвлийн зар суртачилгаанд тоглохыг урьсан аж.

Тэрбээр тус зураг авалтыг “Миний мөрөөдөл биеллээ оллоо. Иймд би удаан хүлээсэн энэ мөрөөдлөөсөө ухархыг хүсэхгүй байна” хэмээн хэлжээ.

 

 

Гитте Ли 

Гитте Ли загварын салбарт 1961 онд оржээ. Тэрбээр жүжигчин байсан ба алдарт жүжигчин Кристофер Литэй гэр бүл болсон байна. 50 жилийн дараа тэдний аз жаргалтай, амгалан гэр бүл дахин олны анхаарлын төвд оржээ. Учир нь алдарт жүжигчний үзэсгэлэнт гэргий 77 насныхаа босгонд “Cеline” брэндийн 2010 оны намар, өвөл цуглуулганы зар суртачилгааны модель болсон юм. Түүнчлэн тус онд тэрбээр Италийн “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарснаар дэлхийн анхаарал эргээд тэднийх болсон байна. Үүнээс гадна Ли тус онд “H&M”, “& Other Stories” зэрэг брэндүүдийн зар суртачилгааны нүүр царайгаар сонгогдсон байна.

 

 

Лорен Хаттон 

Лорен Хаттон өдгөө 70 нас зооголж байна. 2013 онд тэрбээр нэгэн зэрэг “Muse”, “The Edit” болон испанийн “Harper's Bazaar” зэрэг гурван сэтгүүлийн нүүрийг чимж байлаа. Тэрбээр сонгодог америкийн гоо үзэсгэлэн ба “Vogue US” сэтгүүлийн нүүрэнд 26 буюу хамгийн их удаа гарсан загвар өмсөгч юм. Лорен Хаттон тухайн үеийнхээ одуудад үлгэр дууриалал байсан нэгэн. Учир нь Ванесса Паради, Жорж Мэй Жаггер зэрэг алдартнууд түүний ачиар шүдний завсар дахь зайнаасаа ичихээ больсон байна.

 

 

Линда Родин

Линда Родин бол загвар өмсөгч, стилист, “Harper's Bazaar” сэтгүүлийн редактор асан болон өөрийн гэсэн гоо сайхны бүтээгдэхүүний үүсгэн байгуулагч юм. Загвар өмсөгчөөр тэрбээр хэдхэн жил ажилласан ба 18 насандаа Итали улсыг зорьсноор хүрээгээ тэлэхээр шийджээ. 40 жилийн дараа загварын салбараас хөндийрөх үед түүнийг алдарт орчин үеийн загварын дүр төрхийг тодорхойлогчид болох эгч дүү Мэри-Кейт болон Эшли Олсен нар өөрсдийн брэнд болох “The Row”-ийн нүүр царай болох урилга өгсөн байна. Харин өнгөрсөн онд тэрбээр “Karen Walker” нүдний шилний брэндийн намрын цуглуулгын зар суртачилгааны нүүр царай болсон ажээ.