m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.16 04:16
334
Наадмын барилдааны талаар хэлэх хэдэн үг

Баяр наадмын үеэр ёстой л нар, хур тэгширсэн сайхан өдрүүд үргэлжиллээ. Хүчит бөхийн барилдаан сайхан болж, арслан, гарьд, харцага, начин цолтнууд шинээр мэндлэв. Энэ тухай бүх л телевиз, сонин, сайтаар хангалттай ярьж, бичсэн болохоор дахин нурших нь илүүц болох байх. Гэхдээ бидний хоног тоолон хүлээсэн, наадмын гол чимэг болсон хүчит бөхийн барилдааны талаар хэдэн үг дуугарахгүй бол хэл загатнаад болохгүй нь.

Даваа бүрийг цолтой болгож, бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлж, дөрвийн давааг оноолтоор барилдуулдаг болсноос хойш өнөөх айхтар начны найраа гэдэг зүйл эрс багассаныг бид мэднэ. Нэг жил 17 начин төрж байсантай харьцуулахад энэ тоо харьцангуй цөөрч, цолтнууд дахин шөвгөрөх нь нэмэгдсэн билээ. Энэ жилийн хувьд улсын цолгүй долоон бөх дөрөв давснаас тав нь начин хэмээх эрхэм цолны босгыг алхлаа. Г.Өсөхбаяр нутгийн дүү Н.Адъяабатыг начин цолд хүргэсэн бол арслан Д.Ганхуяг, Б.Ганбат нар Завханы хоёр арсланг амлан авч, улсын цолтны эгнээнд хүргэлээ. Харих тийшээ хандаж байгаа бөхчүүд залуусыг амлан авч, цолд хүргэх нь байдаг л зүйл. Гэтэл залуу гарьд Ж.Бат-Эрдэнэ нэг нутгийн Б.Суманчулууныг амлан авч, тахимаа өгсөнд гомдоод, уур хүрээд барахгүй юм. Түүнийг би сумын заан цолтой байхаас нь мэднэ. Сумын заануудын тойргийн барилдаанд өвдөг шороодолгүй түрүүлэхийг нь харчихаад энэ залуу удахгүй юм дуулгана даа гэж бодож байлаа. Үнэхээр ч Бат-Эрдэнэ удалгүй начин цол хүртэж, улмаар 2011 онд Г.Өсөхбаяр, Х.Мөнхбаатар нарын хүчтэнүүдийг өвдөглүүлэн улсын гарьд хэмээн эрхэм хүндтэй цолын эзэн болсон билээ. Энэ үеэс хойш бөхийн хорхойтнууд түүнийг наадамд дээгүүр барилдах хүчтэнээр нэрлэж ирсэн. Гэвч 28-хан насандаа начин төрүүлдэг болчих гэж. Наадамд дээгүүр барилдах нэг жилээ ингэж алдсанд өмнөөс нь харамсаад байх юм. Харин Б.Сайнбаяр зааныг магтах сайн үг ч багадна. Анх улсын начин цолыг мөнчгөрөөрөө авсан, заан цолыг ч ялгаагүй. Ер нь жил бүр бор зүрхээрээ барилдаж, тогтмол шөвгөрдөг бөх бол тэр. Энэ жил ч гэсэн Төв аймгийн аралтай, бяртай арслан Ч.Батчулууныг амлаж, аваад үнэн хүчийг үзэн барилдлаа. Батчулуун ч гэсэн шударга, сайн зааныг өөрийн хүчээр давсан болохоор “Би энэ цолыг чадлаараа авсан юм шүү” гэж бардах эрхтэй. Бүх бөхчүүд Сайнбаяр шиг шударгаар барилддаг бол улсын наадам ямар сайхан байх бол.

Тавын давааны унаж, хэвтсэн асуудлаас гадна олны дургүйцлийг хүргэсэн өөр нэг явдал бол дархан аваргуудын зүүний магнайд хэн нь гарах вэ гэсэн үл ойлголцол. Дархан аварга цолтнуудыг амжилтаар нь эрэмбэлдэггүйг бид мэднэ. Тиймдээ ч улсад 11 түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аварга 4, 5, 6 түрүүлсэн Д.Цэрэнтогтох, Д.Дамдин, Ж.Мөнхбат аваргын араас босдог байв. Дархан аваргууд улсад хэд түрүүлсэн нь чухал биш, энэ цолыг хэзээ авснаараа биесийнхээ дээр бичигддэг. Сүхбатын хувьд 2004 онд түрүүлсэн амжилтаар нь дархан аварга цол олгосон. Харин Г.Өсөхбаярынх 2009 оны амжилт. Тэгээд ч дархан аваргын үнэмлэх дээр Сүхбатынх №8, Өсөхбаярынх №9 гэж байгаа. Учир ийм байтал наадмын өглөө Өсөхбаярыг зүүний магнайд гаргах гэж бөхийн холбооныхон хэрүүл хийх хэрэг байсан ч юм уу. “Жижиг” аварга үүнд нь шаралхсан уу, гурвын даваанд нөгөө дархан аваргыгаа амлаж, тахимаа өгчихсөн. Би эрэмбэ дээгүүр шүү гэдгийг мэдрүүлэх үүднээс ийн амласан байх. Хэдийгээр дархан аваргууд нэгнийгээ амлах нь тийм таатай зүйл биш ч гэсэн энэ тохиолдолд Сүхбатыг ойлгож болно.

Гурвын даваанд цол дуудахаас эхлээд л нервтэж, бухимдсан наадамчин олон яаж ч сайхан баярлах билээ. Ядаж байхад зарим нэг бөх уур омгоо дарж чадалгүй нэгэндээ гар хүрч, гал дээр тос нэмж орхив. Ялангуяа залуу начин Ц.Одбаяр, аймгийн арслан М.Бат-Отгон нарын үйлдэл олны дүргүйцлийг их хүргэсэн. Бат-Отгоны хувьд Өсөх-Ирээдүй өөрийг нь хаяхдаа гарыг нь хөшсөн гэж уурлаж байх шиг харагдсан. Гэхдээ л наадмын дэвжээн дээр хамт барилдсан бөхөө нүүр рүү нь дэлсээд авах яавч зөв үйлдэл биш. Одбаярын хувьд хөлийн цэцийн сануулгыг тоогоогүй гээд барилдаанаас бүр хасч орхисон. Тухайн бөх барилдалгүй илэрхий зугтаад байвал хоёр удаа сануулж, гурав дахь дээр нь шууд хөөх дүрэмтэй юм билээ. Бөхчүүд талбай тойрч зугтаж байгаад цагаа дуусгаж, шодолтоор азаа үзэх гээд байдаг онцгүй зүйлийг арилгахын тулд ийм заалт оруулж өгсөн хэрэг. Одбаяр дээрх заалтаас болж хасагдсандаа бухимдаж, тун эвгүй үйлдэл гаргасан. Мэдээж бүтэн жилийн турш хөлсөө гаргаж хүлээчихээд ийм байдлаар хасагдана гэж гомдолтой. Гэхдээ дэвж яваа бөхийн араас гүйн очиж, тэвэрч унагаана гэдэг арай л муухай. Уг нь бид бөхчүүдийг эр хүний дээд болсон сайхан хүмүүс хэмээн хүндэлж, гэрийнхээ хойморьт урин залж ирсэн. Гэвч жил ирэх тусам бөхчүүдийн хүн чанар, жудаг муудаж, олны нүдэн дээр увайгүй үйлдэл гаргах нь ихсээд байх юм. Уг нь бөхийн холбоо ийм тохиолдолд барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасах зэргээр арга хэмжээ авч байгаа. Гэвч энэ нь үр дүнд хүрэхгүй байна. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдаа дутагдлыг нь сайн хэлээд өгвөл арай дээрдэж магадгүй.

Мэдээж бүх бөхчүүд маань ийм араншин гаргаагүй. Гэхдээ нэг үхрийн эвэр доргивол... гэгчээр ганц нэг хүний гаргасан үйлдлийг нийт бөхчүүдэд хамаатуулж ойлгоно гэдгийг ухаарвал сайнсан.

Харин Завханы начин Ш.Жаргалсайханы уран гоё барилдаан энэ наадмыг чимсэн дээ. Зоригтой, дайчин барилдвал хэнийг ч хаяж, ямар ч цолонд хүрч болно гэдгийг энэ залуу жинхэнэ утгаар нь харууллаа. Аварга, арслангуудтай ямар сайхан барилдаж, яасан уран хаяж байна аа. Үүнийхээ хүчинд улсын гарьд хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ.

Гурван үеийн удамт бөх Н.Батсуурь ч гэсэн урамтай сайхан барилдаж, Увс нутгаас төрсөн арслан цолтнуудын тоог нэгээр нэмэв. Хүч, жин ихтэй Санжаадамбыг хүүхэд шиг сэвхийтэл өргөөд хаяж байгаа бөх улсад түрүүлэхээс аргагүй. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж, эрэмгий дайчин барилдвал ямар ч цолд хүрч болдгийг харуулсан энэ хоёр хүчтэнд талархал илэрхийлье.

Хэдийгээр бухимдах зүйл мэр сэр гарсан ч наадам маань сайхан боллоо. Дараа жилийн наадам бүр ч сайхан болоосой.