m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.17 01:49
223
Америкийн монголчууд өргөн дэлгэр сайхан нааджээ

Сан-Франциско хотод монголчууд сайхан нааджээ.  Тус наадмыг зохион байгуулах  комиссийн гишүүн Д.Цэрэндорж дараах мэдээллийг ирүүллээ.


Америкийн баруун эргийн Сан-Франциско Бэй Аэриа орчмын үзэсгэлэнт эрэг тохой газарт тархан суугаа монголчууд энэ сарын 12-ны ням гаригт Алтан Үүд (Golden gate) цэцэрлэгт  17 дахь удаагаа үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн наадлаа. Уг наадмыг Монголчуудын холбооныхон хоёр сарын өмнөөс бэлтгэжээ. Наадмыг нээж Сан-Франциско хотноо суугаа Ерөнхий Консул Н.Анхбаяр үг хэлж, төрийн дуулал эгшиглэснээр эхлэв.


Үндэсний  дээл хувцсаар өнгө алаглуулан гоёж, үр хүүхэдээ дагуулж найз нөхдөөрөө нийлсэн 1500 гаруй монголчууд хүрэлцэн ирж оролцсон.Олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ тасралтгүй явагддаг энэ талбайн захиалгыг бараг жилийн өмнөөс баталгаажуулан холбогдох зөвшөөрөлийг авч даатгал хийлгэснээр үйл ажиллагаа явуулах эрх нь нээгддэг.

Энэ жилийн наадмын урлагын тоглолтыг "Гэр" төвийн бүжгийн багш МУСТА Д.Батзориг, морин хуурын багш МУСТА Ц.Төмөрчөдөр нар  найруулжээ.

Хурдан дааганы уралдаан буюу хүүхдийн гүйлтийн тэмцээн болж айргийн таван байрыг шалгаруулахад Б.Taйван, Б.Анар, Э.Хатансүлд, Г.Тэргэл, Б.Ануужин нар дараалан энэ жилийн хурдны өнгийг харуулав. Жил бүр хүүхдийн уралдааны модон даагыг урлан хийж ирдэг "морины комиссын" Ж.Бат-Очир халзан алаг зүсмийн 30 хөөрхөн даага хийж хүүхдүүдээ баясгажээ.



Хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглож Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат Цэргийн начин Доржпаламын Гомбодорж түрүүлж (тэрээр өмнө нь Бэй Аэриагийн наадамд нэг түрүүлж түрүүлж үзүүрлэсэн) сумын заан Хэний аймгийн Галшар сумын харъяат, бөхийн жюдо барилдааны ОУХМ Дорждэрэмийн Мөнхбаясгалан үзүүрлэлээ.



Хүүхдийн барилдаан гурван насны ангилалаар явагдаж 6-8 насанд Эрдэнэцогтын Билэгт, 9-11 насанд Отгонбаатарын Буянтогтох түрүүлж үзүүрт Чингүнжав, 12-14 насанд Мандахын Анхаа түрүүлж өргөмжлөл алт, мөнгөн медаль , унадаг дугуйгаар тус бүрдээ шагнууллаа.

Олс таталтын тэмцээнд зургаан баг оролцон хүч үзсэнээс Бахат ахлагчтай баг түрүүлж Лхагваа ахлагчтай баг удаалав. Түрүүлсэн багийг "Бродвэй Иншуранс" компанийн захирал Д.Лхагваа, удаах багийг Стэнфордын их сургуулийг бизнесийн удирдлагаар амжилттай төгсч ONOM Foundation төслөөр ажиллаж байгаа Д.Наранбаатар нар мөнгөн шагналаар урамшуулсан юм.


Шагайн харвааны тэмцээнийг Калифорнын монгол шагайн зөвлөлөөс Уухай баг удирдан зохион байгуулсан. Наадмын талбайд зассан том асарт цэц мэргэнээ сорьсон багийн харваанд "Эв Эе" баг түрүүлж, ймгийн мэргэн Зоригт, удаах байрыг аймгийн дэд мэргэн Ц.Ганболд, гуравдугаар байрыг С.Баяраа, Ц.Төмөрчөдөр нар эзэлжээ.


Хүүхдийн сурын харвааг уламжлал ёсоороо Аламеда хотын гэр бүл Зулхүү, Туул нар ивээн тэтгэж хоёр насны ангилалаар зохиосон бөгөөд шигшээ харваанд 5-7 насанд I байранд Анар, II байранд Эрхэс нар шалгарчээ.