m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.17 02:51
291
Цуврал-16 Харын өвчин хувийн мөрдөгч болгосон нь

 

Монголын цагдаагийн түүхэнд хувийн мөрдөгч гэх ойлголт байдаггүй байхад нэгэн сонин хэргийн газар очсон тухайгаа цагдаагийн хурандаа Л. Дамдин ийн хөөрөлдсөн юм.

Цагдаагийн байгууллагад эхнэрээ нэг хүн буудчихлаа гэсэн дуудлага ирсэн аж. Хэргийн газар очтол Далай гэх хүн эхнэр Цэрмаагаа буудан, хохирсон бүсгүй газар ухаангүй хэвтэж байсан аж. Юуны учир энэ хэрэг гарав?

Далай боловсролтой, орсон гарсантай мэнд устай тухайн үедээ л соёлтой нэгэн байсан аж. Эхнэр нь ч мөн адил царай зүс сайтай, хоёр хүүхдээ сайхан хүмүүжүүлдэг нэгэн гэж  байрных нь хүмүүс ам дамжин ярьдаг байв. Хүмүүс тэднийг өнгөн талаас нь хараад дүгнэсэн хэрэг.  Гэтэл сүүлийн өдрүүдэд үдэш орой болмогц хөгжим чанга тавьж ойр орчны хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулах болов. Хүмүүс дургүй байсан ч соёлтой хүмүүс ингэж хөгжим сонсдог байх хэмээн бодоод өнгөрдөг болов. Гэтэл тэр хөгжмөөс давсан эхнэр нөхрийн хэрүүл тэр хавийнхныг амраахаа болив. Учир явдал юу болсныг хэн нэгэн сонирхоогүй ч тэдний дуу хадаан чарлан хэрэлдсэнээс бүх зүйл тодорхой болжээ. Эхнэр нь өөр залуутай сэм уулздаг болсноос энэ хэрэг улбаатай аж. Нөхөр нь мэдэж хэнтэй явсан, хаана танилцсан гэж асуун сүүлдээ гар хүрч эхэлсэн нь тэр аж.

Далай дарга даамал олон жил хийсэн, сэргэлэн, танил ихтэй болохоор эхнэрээ хэнтэй нууц амрагийн холбоотой болсныг төвөггүй мэджээ. Далайгийн уурыг барж, бухимдал зэвүүцлийг нь дээд цэгт нь хүргэсэн хүн нь түүний ажлын жолооч байж.

Далай нэг өдөр жолоочоо гэртээ дуудан ирүүлэв.Цонхны ойролцоох сандал дээр суулган хэзээ танилцсан, яагаад эхнэртэйгээ дотно харилцаатай болсон, эгч хүүхнийг яагаад өөртөө татсан тэр ч бүү хэл ханаа, хэзээ, хэдэн удаа бэлгийн харьцаанд орсон зэргийг асууж жолоочийг сандаргав. Айж сандарсан жолооч мэдэхгүй, ичиж байна гэхээс өөр зүйл хэлэхгүй байв. Буу тулган сүрдүүлэхэд “Танай гэрт хонины мах авчирч өгснөөс хойш дотно харилцаатай болсон” гэх үг дуулж авав.

Хонины мах хүргүүлсэн нь хэдэн сарын өмнөх явдал. Ийм удаан хугацаанд өөрийгөө доромжлуулсан гэж бодохоор Далай уурлан, дэлбэрэх шахав. Буу тулган яг л мөрдөн байцаагч лугаа адил асуулт тавин хариултаа авч, хуудас болгоны доод хэсэгт гарын үсэг зуруулав. Уурласандаа буудах вий гэж айсан жолооч нэгд нэгэнгүй ярьж, гарын үсэг зурав. Ингээд Далай эхнэртээ сэжиг авахуулалгүй дуудав. Нөхөр нь байнга уурлаж загнасан өдрүүд ийнхүү нэг дуусдаг байж хэмээн бодсоор Цэрмаа ирэв. Өөрөөсөө дүү залуутай янаг амрагийн холбоотой болсоноо дотроо өөрийгөө буруутгаж буй ч нөхрийнхөө өмнө бүх буруугаа хүлээнэ гэдэг гутамшигтай хэрэг хэмээн бодож эсэргүүцэн, зөрүүдэлсээр байгаа аж. Нөхөр нь дуугүй байснаа гэнэт бас нөгөө асуултаа ар араас нь цувруулан асууж эхлэв. Эхнэр нь уурлан, тийм зүйл байхгүй чи санаанаасаа ийм зүйл ярилаа гэв.

 


Далай залуугийн ярьж, хэлсэн зүйлийг бичүүлж, гарын үсэг зуруулснаа үзүүлэхэд эхнэр нь өөрөө зохиож бичсэн гээд итгэсэнгүй. Гэтэл Далай нөгөө өрөөнөөс жолоочийг гаргаад ирэв. Айж сандарсан жолооч яах учраа олохгүй дэмий шал ширтэн зогсов. Эхнэр нь мөн л урьдын адил эсэргүүцэн, хамаг хувцсаа чемодамдаа хийн сална гэв. Хаалгаар гарах гэснээ эргэн ирж Далайгийн нүүрийг маажих гэтэл буу тулган бүсгүйг номхруулав. Далай  тэднийг сөхрүүлэн суулгаад хүссэн асуулт бүртээ хариулт авч байв. Гарын үсэг зур гэхэд эхнэр нь уурлан “Чи төрийн цагдаа юу, чамд ийм эрх байхгүй” хэмээн бахирч уйлав. Дуугүй бай хэмээн буу тулгасан ч эхнэр нь эсэргүүцсээр байх зуур гохоо дарснаа Далай мэдсэнгүй. Шал нь цусаар будагдаж, ухаангүй хэвтэх эхнэрээ харсан Далай сая ухаан орж, түргэн, цагдаад мэдэгдсэн нь тэр аж. Түргэн тусламжийн эмч  шуурхай ирж Цэрмааг үзээд үхээгүй байгааг хэлээд эмнэлэг рүү авч явав. Золоор сум эхнэрийнх нь жавжаар ороод эрүүг нь хугалсан учир амь гарчээ. Цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийж, Далайгийн асуусан асуулт хариултыг хараад гайхсан гэдэг. Муухан мөрдөн байцаагчаас илүү мэдүүлэг авсан тэрбээр сар өдөр, цаг минутыг  нь хүртэл бичиж авсан байв. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Далайг хүний эрүүл мэндэд санаатайгаар халдсан хэмээн үзэж гурван жилийн хорих ял оноож байжээ.