m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 01:46
43
АН-ын нэр хүнд өсч, МАН-ынх буурчээ

Хараат бус, бие даасан “Сант Марал” төв ээлжит судалгааны дүнгээ танилцууллаа. Судалгааны дүнгээр АН дангаараа нийт санаа бодлын талбарын талаас илүү буюу 54 хувийн итгэлийг цуглуулж чадсан байна. Түүх сөхвөл МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 18 жилийн өмнө 1996 оны УИХ-ын сонгуулийн өмнө 50 орчим хувийн рейтингтэй байсан билээ. 50-иас илүү хувьтай гарсан тохиолдол 1992 оноос хойшхи Монголын улс төрд 2000 он, 2004 он, 2007 онд одоогийн МАН-ын хувьд гарч байсан үзүүлэлт. Харин АН-ын хувьд анх удаагийн тохиолдол нь энэ юм.

Тэдний энэ амжилтыг бүтээгч хуримтлуулагч биш хэрэглэгч байж ирсэн, эдийн засгийн олон жилийн хур үр дагавар өнөөдөр илүү мэдрэгдэж, экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ унасан, хөрөнгө оруулагчдаа удаа дараа хууль гарган хөөчихсөн, долларын ханш өсч, төгрөг суларсан хүндхэн цаг үед итгэл цугларсан хэвээр байгаа нь илүү чанартай, илүү үнэ цэнэтэй гэж ард иргэд тодорхойлж байна. Асуудал бэрхшээл, хүндрэлийг аргацаах, хойшлуулах, нуух биш ил тод болгох, шийдэх, даван туулах хүсэл зориг, няцаж тойруулдаггүй шулуун мэдэгдлүүд, байр суурь, Засгийн газрын идэвхтэй үйл ажиллагаа, ард түмнээс сонсох, ойрхон байх нээлттэй засаглалын үр дүн. Намын дарга, Ерөнхий сайдын хувь хүнд нь чиглэсэн, дэмжлэг хүлээж байгаа үйл ажиллагааг нь үгүйсгэх шүүмжлэх, “хар пиар” их байхын хэрээр АН-д илүү их итгэл, санал цуглажээ.

Нүүрсний экспорт илт буурсан эдийн засгийн бэрхшээлтэй байгаа ч 11 аймгийн оношлогооны төв, аймгуудыг холбосон зам, түгжрэлийг буу­руулах, жижиг дунд биз­нес эрхлэгчдийг дэмжих, Монголдоо бүтээж эхэлсэн гол түлхүүр үйл ажиллагаа, шинэчлэлийн явцын үр дүнд өгсөн олон нийтийн үнэлгээ юм. 

МАН-ын нэр хүндийн хамгийн сөрөг тал болсон авлигатай хийж буй тэмцэл шинэчлэлийн Засгийн газар, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АН-ын хамгийн том амжилт гэж олон түмэн үнэлсэн байна. Авилгажсан төсөв, объектуудын асуудлыг сөхсөнийг олон нийт дэмжсэн гэсэн үг юм.

МАН-ЫН УНАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА, 29.8 ХУВЬ

“СантМарал”-ын судалгаагаар рейтинг нь 30 хүрэхгүй хувьтай гарсан нь МАН-ын уналт зогсохгүй үргэлжилж бай­гааг нотлов. 29.8 хувь бол МАН-ын ги­шүүд, тэдгээртэй шууд холбоотой дэмжигчдийн хувь хэмжээ. Сонгуу­лийн хувь заяаг шийд­вэрлэгч олонх болсон, аль нэг талыг хатуу барим­талдаггүй сонгогчид МАН-д итгэхгүй байна. Хүчтэй шүүмжлэгчийн байр сууринаас, улс төрийн идэвхтэй акциудыг бэлтгэн зохион байгуулж байгаа ч нэгэнт алдагдсан итгэлийг буцаан дуудах нь маш хэцүү. Авлига, хүнд суртал, баян хоосны ялгаа, ажилгүйдэл, ядуурал, түүний тусгал архидалт, гэмт хэрэг, утаа, түгжрэл, газар олголт зэрэг нийгэм, эдийн засгийн болон хувь хүн айл өрхийн асуудал олон жилийн хуримтлагдсан бэрхшээлийг МАН өөртөө тээгч, нэр хүнд, үйл ажиллагаанд нь салш­гүй шинж чанар бол­сон хэвээр байна. МАН-ын нүүр царай, үзэл санааг нь тээгчид өөрсдөө тэр бүхнийг тээгч илэрхийлэгчид юм. “Муу нэрийг хусавч арилахгүй”, “Нэр хугарахаар яс хугар” гэх ардын оюун санаанд үе дамжин шингэсэн үгс энэ нөхцөл байдлыг хамгийн оновчтой илэрхийлнэ.  Өөрсдөө шинэ нийгэмд 20 гаруй жил, цаашилбал 90 гаруй жил эрх барихдаа энэ бүхнийг шийдэж, ажлаа хийгээгүй байж өнөөдөр гэнэт олж харсан юм шиг шүүмжилдэг нь МАН-ын уналтыг үргэлжлүүлсээр байх, энгийн ойлгомжтой зөрчил хямрал болж байх шиг.

Засгийн газрын ши­нэч­лэлийг шүүмжил­сэнээр МАН рейтингээ өсгөхгүй, шинэчлэлийн эсрэг хүчин болсоор байхын оронд нам, үнэт зүйлс, нүүр царай, удирдлага, бүтцээ дор­витой шинэчлэх, магадгүй цоо шинээр зохион байгуулагдах нөхцөл байдал хангалттай үүссэн байна. Аль ч салбарын ямар ч брэнд нэр хүндэд насны хязгаар гэж зүй тогтол байдаг, давагдашгүй хүчин зүйлтэй МАН хэдийнэ учирсан байх магадлалтай.   

МАН-ын гол түшиг тулгуур болсон орон нутагт ч АН-аас 6.1 хувийн рейтингээр хоцорч, хүн амын тал нь оршин суудаг нийслэлд гурав дахин бага санал авчээ. 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Гадаад, дотоод, олон жилийн туршид хуримтлагдсан хүчин зүйлсээс шалтгаалсан эдийн засгийн тодорхой хүндрэл гарч байгаа ч даван туулж, бодитой шийдэхийг оролдож байгаа Засгийн газарт өгсөн үнэлгээ муугүй байна. Их сайн, сайн болон муу, маш муу гэсэн үнэлгээ ойролцоо, хэвийн гэсэн дундаж үнэлэлт 45.7 хувьтай гарсан байна. Уламжлал ёсоор ажилгүйдэл хамгийн тулгамдсан асуудлаар 31.1 хувиар нэрлэгдсэн нь үнийн өсөлтөөс илүү гарч  бэлэнчлэх, халамжлуулах биш ажил хийж бүтээж даван туулна гэсэн хүсэл зориг их байгааг нотолж байна.  Дээрх асуудлуудыг хамгийн сайн шийдэж чадах нам гэж АН-ыг 22.4 хувь нь нэрлэсэн байхад МАН 10 хувьтай буюу хоёр дахин бага үзүүлэлттэй гарчээ.