m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 00:33
48
Дахиад л Малайзын онгоц осолдож, 298 хүн нас барлаа

Энэ сарын 17-нд Амстердамаас Куала Лумпур луу нислэг үйлдэж байсан Малайзын MH17 дугаар нислэгийн 298 хүн тээвэрлэж явсан онгоц Украины ОХУ-ыг дэмжигчид амьдарч буй хэсгийн дээгүүр явж байгаад осолджээ. Онгоц үймээн болоод буй Донецк хотын дээгүүр нисэж явахдаа пуужинд оногдож осолдсон байна. Онгоцонд  зургаан Их Британи, 154 Голланд, 27 Австрали, 15 онгоцны багийн ажилтантай нийлээд 28 Малайз болон Америк, Франц, Бельги, Канад, Филиппин зэрэг олон улсын иргэн явж байсан аж. Тэдний 100 гаруй нь Австралид энэ сарын 20-25 хооронд болох 20 дахь удаагийн ДОХ-ын чуулга уулзалтад оролцохоор явж байжээ.

Олон улсын зарим удирдагчид энэхүү осолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг буруутгаж байгаа ч тэрбээр Украины цэргийн үйл ажиллагаанаас болсон хэмээн мэдэгдсэн байна. Харин Украинд буй ОХУ-ыг дэмжигчид мөн л няцааж улсын цэргийн хүчнийхэн буруутай гэжээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Петро Порошенко "Манай улсын цэргийн хүч ийм зүйл хийгээгүй. Энэ бол халдлага байх магадлалтай. Ослын шалтгааныг олон улсын шинжээчдээр шалгуулахыг хүсэж байна" гэжээ. Тиймээс тэд АНУ-аас шинжээчдийн баг авчирч шалгуулахаар болсон байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас Украиныг аюултай бүсэд хамаарагдаж буйг анхааруулсан. Мөн ОХУ-ыг дэмжигчдийн толгойлогч "Бидний дээгүүр нисэхгүй байхыг анхааруулж байна" хэмээн твиттер хуудаснаа бичиж байжээ.

Александр Бородай тэргүүтэй ОХУ-ыг дэмжигчид ослын газар ирсэн байна.

Осолдсон онгоцны хэсэг харагдаж байгаа нь

Онгоц дөнгөж осолдсоны дараа

Нас барсан хүмүүсийн ар гэрийн хүн

 

Г.Төгөлдөр