m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 03:30
423
Монгол улсын арслан Х.Мөнхбаатар 10 жил дараалан шөвгөрлөө

2000 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол
2001 онд Улсын наадамд тав давж улсын начин цол
2002-2004 оны хооронд бэртлийн улмаас барилдаагүй.
2005 онд Улсын наадамд долоо давж улсын заан цол
2006 онд Улсын наадамд зургаа давж Үнэн зоригт чимэг
2007 онд Улсын наадамд ес давж түрүүлэн улсын арслан цол
2008 онд Улсын наадамд тав давж Өсөх идэр чимэг
2009 онд Улсын наадамд долоо давж Саруул сайжрах чимэг
2010 онд Улсын наадамд долоо давж Хуурнин шуугигч чимэг
2011 онд Улсын наадамд зургаа давж Цогт гарамгай чимэг
2012 онд Улсын наадамд долоо давж Өлзий бадрах чимэг
2013 онд Улсын наадамд зургаа давж Үлэмж дэлгэрэх чимэг
2014 онд Улсын наадамд зургаа давж Бат нягт чимэг хүртлээ.

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Хадбаатарын Мөнхбаатар 1981 онд төрсөн. Аав ээжийн талдаа бөхийн удамтай. Аав нь сумынхаа наадамд зодоглочихдог нэгэн. Даншгийн заан Шашинтөр гэсэн сайн бөх тэдний удамд байсан гэдэг.  1997 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ тус суманд очиход аав нь хүүгээ уулзуулахад араас яваад очоорой гэж хэлчихээд явсан гэдэг. 

Х.Мөнхбаатар 1998 онд нийслэл зорьж "Аварга" бөхийн дэвжээний тамирчин болж, жүдогийн секцэнд явж эхэлжээ. 1999 онд самбо жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, самбогийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, курашийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртжээ.

2000 онд аймгийн баяр наадамд зодоглож түрүүлэн "Аймгийн арслан" цол авсан. 2001 онд улсын баяр наадамд аймгийн арслан цолтой анх зодоглож, гурвын даваанд Өвөрхангай аймгийн арслан Р.Ганхуягийг, дөрвийн даваанд Архангай аймгийн арслан Л.Үйтүмэнг өвдөг шороодуулан, тавын даваанд улсын начин Б.Бадралаар тав давж, хорин настайдаа "Улсын начин" цолыг хүртсэн нь төрийнхөө наадамд анх зодоглосон жилээ улсын цол авсан ховор тохиолдлын нэг болсон юм. 

Х.Мөнхбаатар 2002 онд БНСУ-ын Дэгү хотноо болсон Олон улсын оюутны универсиадад оролцож, Сербийн бөхтэй чөлөөтөөр барилдаж байгаад өвдгөндөө хүнд гэмтэл авч, шөрмөс нь тасарч Солонгост хагалгаа хийлгэж эмчлүүлж байхдаа "Бөхийн мөр зам минь ингээд дууслаа. Улсын том цолонд хүрэх хүсэл маань нурлаа даа" хэмээн бодогдоход хүрч байснаа хожим дурссан байдаг. Бэртэл гэмтэл эдгэрсний дараа дахин улсын наадамд зодоглож, богино хугацаанд улсын өндөр цолонд хүрсэн залуу бөх юм. 2005 оны улсын баяр наадамд одтой сайхан барилдаж, гурвын даваанд аймгийн арслан Ц.Цэдэндамбааг амлан унагаж, дөрвийн даваанд улсын начин Ц.Магалжавтай оноолтоор таарч, тавын даваанд улсын харцага Л.Пүрэвжавт амлуулан авч начнаа батлан давж, зургаагийн даваанд начны болзолоо хангаад байсан Д.Батболдтой тунаж, даваагаа ахиулж, долоогийн даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэд амлуулан эр бяраа гарган барилдан өвдөг шороодуулахад "За чи цаашаа сайн барилдана шүү" гээд багш нь тахимаа өгчээ. Залуу начин ингэж 24 насандаа "Улсын заан" цолонд хүрчээ.

Ардын хувьсгалын 85 жилийн (2006 он) ойн баяр наадамд урамтай сайхан барилдаж, Хөвсгөл нутгийн бөхийн ид хавийг гайхуулан зургаа давсан бол 2007  оны наадмаар тавд улсын начин Н.Лхагвадорж, зургаад шинэ начин А.Цацавшир, долоод шинэ харцага Н.Ганбаатар, наймд шинэ заан Б.Сайнбаяр нарыг давж, үзүүр түрүүнд шинэ гарьд  И.Доржсамбуутай барилдан өвдөг шороодуулан "Улсын арслан" цол хүртсэн. Энэ барилдааныхаа талаар Х.Мөнхбаатар "И.Доржсамбуу гарьд бол надаас арваад насны ах, барилдааны туршлага, эрэмбийн хувьд өндөр бөх байсан. Тэрбээр сэнжээд шууд дайрдаг бөх. Өрөнгүүтээ сэнжний барьц авахаар дайрлаа. Барьц өгөхгүйн тулд ухарч байгаад тосгуулаад хавиртал дөрвөн хөллөчихдөг байгаа. Барьцаа алдалгүй, толгойг нь гаргалгүй дарсаар байгаад давсан даа" хэмээн дурссан байдаг. 

Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадамд амжилттай барилдан долоо давж, шөвгийн дөрөвь үлдэж сайн бөх гэдгээ дахин харуулсан юм. Түүний гол мэх нь хав золгооноос өргөөд хавира, дагуулж гуядах, мушгих юм. Цац богинтой мөртлөө хааяа даацтайхан тонгордог. Залуу арслан Х.Мөнхбаатар нь 180 см өндөр , 130-аад кг жинтэй, хүзүү бүдүүн цээж өргөн, өвдөг тохой тэнцүү, бэлхүүс арал тэнхлүүн сайн бөхийн шинж бүрдсэн бөх юм.