m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 06:47
192
Түүх, соёлыг минь гутаан доромжлох эрх тэдэнд байхгүй

Монголчууд эртнээс өөрсдийн өв уламжлал, түүх соёлоо дээдэлсээр ирсэн ард түмэн. Гэтэл сүүлийн жилүүдэд монголчуудыг, монголын түүх ёс заншлыг гаднынхан хэт уландаа гишгэж, буруу ойлголт төрүүлэх  болжээ. Хятадууд монгол гутлын загвараар хогийн сав хийсэн байна гэх мэдээ цахим ертөнцөөр өчигдөр цацагдаж манайхныг  багагүй бухимдуулав.  Бид эндээс хичнээн бухимдлаа гээд яах ч билээ дээ нэгэнт хийгээд  гудамжинд тавигдчихсан хойно. Уг нь монголчууд маань мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал хэмээн үндэсний хувцсаа дээдлэн хоймроо залдаг. Гэтэл өнөөдөр тулах төрийн минь гутал хятадын гудамжинд хогийн сав болоод хэвтэж байгааг харах юутай харамсалтай. Монгол хүний бэлгэ тэмдэг, үндэсний бахархал, гоёл ээтэн хоншоортой гутал гэдгийг хятадууд хэнээс ч илүү мэдэж буй. Ялангуяа ийм загварын хогийн сав хийх санаа олсон хүн. Ийн доромжилсоор байгааг зүгээр хараад суух бус дипломат аргаар хатуухан сануулна гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн ТВ5 телевизээр гарсан “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” гэх олон ангит кинонд Тогоонтөмөр хаан болоод монголын түүхийн талаар илт гуйвуулан өгүүлсэнийг учир мэдэх хүмүүс хэлсээр байгаа ч манайхан харин орой бүр дэлгэцийнхээ өмнө тухалж, тархиа угаалгасаар л. Зарим нэг залуусын амнаас монгол хүн болж төрсөндөө харамсдаг, Монгол орноо гадаадын өндөр хөгжилтэй оронтой зүйрлүүлж хөгжил дорой муугаар нь хэлэх нь  нэг бус удаа дуулдах болсон. Гэсэн хирнээ тэд өөрсдийн түүхээ мэдэхгүй гаднынхны хийсэн кинонд итгэж, бишрэн дагаж байгаад харамсах юм.

Тэгвэл өнөөдөр мөн л цахим хуудсаар солонгосын нэгэн их сургуулийн багшийн монголчуудын талаар бичсэн номны тухай ярьцгааж байна. “Эхнэрээ зээлүүлдэг улс” нэртэй номны зохиолч тэртээ 1994 оны өвөл манай улсад ирээд буцсаныхаа дараа тус номыг бичиж хэвлүүлсэн байх юм. Гэтэл хорь гаруй жилийн дараа энэ ном ид хүчээ авч, монголчуудын болоод монголын талаар оюутнууд нь буруу ойлголт авч байна. Тус номонд мэдээж монголчуудын талаар, монголын түүхийн талаар гуйвуулсан, доромжилсон утгатай зүйл бичсэнийг хэлж байна.

Бүхэл бүтэн нэг улс үндэстнийг доромжлон, түүх соёлоор нь тохуурхах бодлого илэрхийгээр явуулах нь зоригтойгоор хийх ажил биш л баймаарсан.

Монгол Улсаар тоглон тохуурхана. Дуртай үедээ дураараа сэлгүүцэж, ан амьтан, араатан жигүүртэн агнан устгаж, газар шороог сэндийчиж, юу дуртайгаа хийж байхад монгол хүн эх орондоо харь орны ажилчид мэт хамгийн муу муухайг хийж буй нь дэндүү том доромжлол биш гэж үү.

Угтаа бид чинь тэнгэр заяат ард түмэн гэж омогшдог биш бил үү. Гэтэл өнөөдөр гадны хэн нэгэн хүний бичсэнээр монголчуудыг, монголын түүх соёл, өв уламжлалыг дэлхий нийтээрээ буруугаар ойлгож байна.

Иймээс эх орныхоо ирээдүй болсон залуус бид л түүхээ мэдэж, өв соёлоо дээдлэхгүй бол бидний үр хүүхдүүд  бахархах, хамгаалах зүйлгүй болчих вий дээ.

Нэгэн их зохиолчийн хэлсэнчлэн ташуураар хамгаалдаг байсан эх орноо тархиараа хамгаалах цаг хэдийн иржээ залуус минь.