m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.13 07:01
20729
Хээ угалзны утга учир

Үндэсний хээ угалз эрт үед үүссэн бөгөөд тухайн үндэстний ёс заншлын илэрхийлэл, билигдлийн эх сурвалж болох учир гүнзгий утга агуулгатай, тус бүрдээ нэг онцгой утга хадгалж байдаг. Үндэсний хээ угалзны анхдагч нь эвэр угалз бөгөөд эврийг дуурайлган зурж эвэр угалз, хээ үүссэн тухай этнографчид тодорхойлжээ. Бидний оршин амьдарч байгаа байгаль ертөнцөд олон төрлийн гайхамшигт сайхан зүйлс байдгийн нэг нь үзэмж төгс үнэртний дээжийг шингээсэн алаг цэцгүүд байдаг бөгөөд хүн үүнийг эрт үеэс сайн сайхан бүхний билиг тэмдэг болгон хэрэглэж байсан учир дүрслэх урлаг уран үйлийн бодит сэдэв болжээ. Монголчууд цэцгийг ариун сайхан билиг тэмдэг гэж үздэг учир уран үйлийнхээ чимэгт хэрэглэж байна.

Алхан хээг- монголчууд эрт үеэс хэрэглэсэн бөгөөд утга агуулгаараа мөнхийн хөдөлгөөнийг хадгалдаг учир хүний амьдрал ямагт мөнх, үргэлжийн хөдөлгөөнд байхыг билигддэг. Хэлбэрийн хувьд голдуу дөрвөлжин хэлбэртэй, хагас, бүтэн, битүү, задгай янз бүрийн хэлбэрээр чимэг болох бөгөөд алхан хээг дугуй хэлбэрт оруулах буюу булангийн хээнд өнцөг тааруулан гаргах чимэглэлд хэрэглэж болно.

Өлзий хээг- монголчууд хэзээний урт насалж удаан жаргахыг мөрөөддөг түүний билиг тэмдэг өлзий хээ гарчээ. Өлзий хээ дан, давхар, булангийн зэрэг янз бүрийн хэлбэртэй байх ба аливаа чимэглэлд нарийн наамлаар буюу утсаар зангидаж тавих эсвэл хатгамал байдлаар хэрэглэнэ. 
Түмэн наст хээ- нь эхлэл төгсгөлгүй үргэлжилдэг, хэлбэрийн хувьд хамгийн гоёмсог, монгол үндэсний хас хээнээс салбарлан гардаг. Хас хээ бол монголын эртний хээ байсан бөгөөд барилга байшинд бат оршихын билигдэл болгон хэрэглэж байжээ. Түмэн наст хээ утгын хувьд амьдрал мөнх үргэлжлэхийг билигдэн хэрэглэдэг.

Галын дөлөн хээ- нь догшин сүрлэг, бадрангуй өөдлөн дэвшихийн билиг тэмдэг бөгөөд аливаа амьдрал, үйл галын дөл шиг өөдлөн дэвшиж халуун илчээр тэтгэж байхын тэмдэг учир орчин үеийн соёмбонд ч хадгалагдан байдаг. Галын дөл хээг хүндэтгэл, билигдлийн утга агуулга бүхий уран хатгамалын орой дээд талд оедог. Ердийн чимэглэлд хэрэглэдэггүй хүндэтгэлийн хээ юм. 
Эвэр угалз хээний гарал үүслийн хувьд ууган хээ, утга агуулгаараа урт наслах энх амгалангийн билиг тэмдэг, мал сүрэг нь олшрон өсөж малчин ард амьдрал баяр цэнгэлтэй амьдрахыг ерөөсөн утгатай бөгөөд манай урлагийн бүхий чимэглэлд хамгийн өргөн хэрэглэгддэг ба дугуй, дөрвөлжин, гурвалжин ямар ч хэлбэрээр чимэглэл хийж болох ба дан давхар, задгай, битүү байдлаар оёж, зээгт наамал хийж болно.

Үүлэн хээ нь- анх огторгуйн үүлийг уран сайхнаар дүрслэн буулгасан хээ бөгөөд утга агуулгаараа дээрээс тэтгэх хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэн хүн бүр зол жаргалтай аж төрөхийг билигдэн зол жаргалын хээ гэж билигшээдэг заншилтай. Үүлэн хээг байгалийн гоо үзэсгэлэнг тусгасан сэдэв бүхий хатгамал, наамалд голлож хэрэглэх бөгөөд хувцасны тоноглолд хэрэглэх нь ховор юм.

Саран хээ - Энэ хээ нь улс гүрнийг бат орших, тусгаар тогтнолыг билигшээсэн хээ бөгөөд тусгай сэдэв бүхий уран хатгамалд хэрэглэнэ. Хаан бугуйвч, хатан сүйх билиг дэмбэрэл бат оршихыг билигдсэн хээ бөгөөд энэ утгаараа уран үйлэнд хэрэглэгдэх аливаа хамтгамал наамалд энэ чигээрээ чимэглэл буюу тодорхой сэдэв зурагт хэрэглэгдэнэ.
Цэцгэн хээ -угалзыг уран барилга, зураг, барималд өргөн хэрэглэж ирсэн бөгөөд цэвэр, ариун ёсыг илтгэдэг хэмээн мөн бурхан дүрслэхэд их хэрэглэж байжээ.